Г.Баярсайхан гишүүний өрөөгөөр зочилъё
УИХ-ын гишүүдийг тансаг, сайхан өрөөнд суудаг мэтээр зарим хүмүүс ойлгох нь бий. Харин тэд ийм өрөөнд суудаг юм байна. Түүний өрөө миний хувьд жижигхэн санагдсан.
Яагаад гэхээр ажлын ширээ, жижиг буйдан, цэцгийн тавиур зэргийг байрлуулаад илүү гарах зайгүй байв. Ажлын ширээнийхээ ард Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зургийг ханандаа өлгөжээ. Тэрээр “Аль ч улсад төрийн алба хашиж байгаа хүмүүс Улсын Ерөнхийлөгийнхөө зургийг ханадаа өлгөдөг.
Тэр утгаараа би Ерөнхийлөгчийнхөө зургийг залсан байгаа” гэв. Мөн “Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бид хоёр нэг баг болоод нэр дэвшиж байсан. Миний хувьд том улс төрд шинэ хүн байсан. Ерөнхийлөгч маань намайг анхны сонгуульд дэмжиж оролцсон” гээд 2007 онд хамтдаа авахуулсан зургаа өлгөжээ. Мөн 2008-2012 оны УИХ-ын гишүүд болон одоогийн парламентын гишүүдийн зургийг байрлуулсан байв.
Тэрээр манай шинэ, хуучин хоёр ангийнхан хэмээн тайлбар өгсөн юм. 2010 онд УИХ-д Ногоон бүлгийн ахлагч нь байсан аж. Ингэхдээ ногоон бүлгийн гишүүд болох Ногоон намын дарга байсан Д.Энхбат, УИХ-ын гишүүн С.Оюун нартай зургаа авахуулжээ. Мөн галиграффаар Г.Баярсайхан хэмээн бичсэн дурсгалын зүйл болон одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй авахуулсан зургаа өлгөжээ.
-УУЛ, УСАА ШҮТЭЖ ЯВДАГ-
Нэг ханандаа Ховд аймгийн Баатар хайрхан уулын зургийг өлгөжээ. Догшин хайрхан хэмээн нутгийн иргэд нь тахин шүтдэг бөгөөд түүний аав залгаа суманд нь төрсөн юм байна. Мөн Европын хамгийн өндөр ноён оргил болон Бурхан халдун уулын зургийг залсан байв. “Гадны нэг том зураачийн нарыг дүрслэн зурсан зургийг өлгөсөн. Нэг ёсондоо тэнгэр, нар, гал, газар гээд бүх зураг нь байгаа” гэв. Энэ бүхэн миний шүтээн болж байгаа юм хэмээн тайлбарлав. Түүний аав Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хөрс судлаач эрдэмтэн Ж.Гарьдхүү гэж хүн бий. “Монголын хөрсийг хөндлөн гулд судалсан. Миний ааваас илүү Монголын хөрсийг мэдэх хүн байхгүй. Монголын хөрснөөс шар тос үнэртдэг гэж аав минь ярьдаг юм” хэмээн хуучилсан. Тиймдээ ч багадаа аавыгаа дагаж эрдэм шинжилгээний экспедицээр бүх аймгаар явсан гэж байлаа. “Монгол хүн учраас нүүдэлчний ёс заншил надад байдаг. Уул, усаа тахиж, шүтэж хайрладаг” гэв.
-ШОНХОР ФРАКЦ ТАТАН БУУГДСАН-
Ардчилсан нам фракцгүй нам болж буйгаа мэдэгдсэн. Харин Г.Баярсайхан гишүүн “Шонхор” фракцын бэлгэ тэмдэг шонхор шувууны цутгамлаа ширээн дээрээ тавьжээ. Тэрээр “Шонхор шувуу бол жижиг биетэй ч хүчтэй, зоригтой тэнгэрийн жигүүртэн. Тийм учраас манай “Шонхор” фракцийнхан шонхор гэдэг нэрийг авч байлаа. Өнөөдрийн хувьд “Шонхор” фракц татан буугдсан. Би энэ шонхороо дурсгал болгоод хадгалдаг юм. Их хурлын зарим гишүүд орж ирээд “Та фракциа татан буулгахгүй байна. Шонхороо хайлуулаад, өөр хэвэнд цутга гээд хошигноод байдаг юм” гэв.
Монгол дархны хийсэн гурван литрийн багтаамжтай айрагны хул түүний өрөөнд байна. н.Бямбасүрэн гэж дархан хүн 2009 онд түүнд дурсгаж байжээ. Тулгуур нь модны цул үндэс гэв. Мод нийлүүлж хийгээгүй, модны цул үндсийг зорж, сийлж монгол дархны аргаар ховил гаргаж хийсэн гэдгийг хэлж байлаа. Үүнийг монгол дархны ур ухаан, гайхамшиг хэмээн хүндэтгэдэг байна.
Өрөөг дулаахан уур амьсгалтай болгох нэг хүчин зүйл нь ургамал, цэцэг байдаг. Тиймдээ ч өрөөндөө таван цэцэг тарьж, ургуулаад өглөө бүр өөрөө усалж, арчилдаг гэлээ.
18 настай байхдаа Монголын Ардчилсан холбоог үүсгэн байгуулцаж явсан үеийн зургийг ихэд нандигнан хадгалдаг гэж байлаа. Тэрээр Анагаахын дээдэд суралцаж байхдаа Ардчилсан хувьсгалд оролцож, сургуулийнхаа таван нөхдийн хамтаар МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүн явжээ. Мөн Монгол төрийн их хаадын гал голомтын өргөөний зургийг өлгөсөн байв. Энэ зургийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр өрөөндөө заавал өлгө гэсэн “тушаал” өгчээ.
-ХУУЧНЫ НОМ, СУДАР ЦУГЛУУЛАХ ХОББИТОЙ-
Тэрээр эртний ном судар, ховор ном, монгол төрийн далбаа цуглуулдаг хоббитой. Түүнд АНУ-ын хэд, хэдэн төрийн далбаа байгаа гэв. Харин ан хийдэггүй, оготны хамраас ч цус гаргаж үзээгүй, мөн хөзөр, покер, мөрийтэй тоглоом тоглодоггүй гэв. Түүний цуглуулгад Монголын түүхтэй холбоотой дэлхийд хэвлэгдсэн анхны номууд байгаа гэлээ. Гадагшаа албан томилолтоор явахдаа хаана ч очсон номын дэлгүүрээр нь заавал ордог гэж байв. АНУ-д явж байхдаа хуучин номын дэлгүүрээр орж, нэлээн хэдэн ном худалдаж авахдаа 1897 онд Америкт анх хэвлэгдсэн “Чингис хаан” гэсэн номыг авч байжээ. Оросын цагаан хааны үед хийж байсан Монголын түүхтэй холбоотой номууд болон Монголын эртний судрууд байгаа гэв.
-КОФЕ УУДАГГҮЙ, НОГООН ЦАЙ УУДАГ-
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд өдөр тутмын сонинууд уншдаг байна. Түүний ширээн дээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт болон Монгол Улсын Их хурлын Дэгийн тухай хууль, бусад хуулиуд байв. Тэрээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга байсан учраас Газрын харилцааны эрх зүйн актын эмхэтгэл мөн ширээн ширээн дээр нь үргэлж байдаг гэв. Тэнд орон нутаг болон тойргоос ирсэн иргэдийн өргөдөл гомдол байна. Өрөөнд нь ном, бичиг цаас нь багтахгүй болохоор үүдний өрөөний хананд байрлуулсан гэв. Үүдний өрөө гэхэд арай л жижиг гэмээр өрөөнд туслахууд нь суудаг юм байна. Нэг том өрөөг хоёр хуваачихсан бололтой.
Ганжууржавын Батжавхлан гэх зохиолч өглөө ирээд шинэ номоо бэлэглээд явсан. Цаг зав гаргаад уншина гэлээ. Тэрээр кофе ууж чаддаггүй, үргэлж ногоон цай уудаг байна.
Спортоор хичээллэдэг үү гэхэд “Сагс, волейбол сайн тоглож чаддаггүй ч би их хөнгөн шингэн хүн” хэмээн хариулав. Агаар салхинд найз нөхөдтэйгээ гарч, уул хадаар алхдаг гэлээ. Түүний өдрийн ажил хуваарийн дагуу явагддаг учраас дараагийн төлөвлөсөн уулзалтын цаг болж бидний яриа өндөрлөсөн юм.