Хөршийн холбоод байгуулагдсанаар иргэд нэг нэгэндээ илүү анхаарал тавьдаг болжээ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2013-2016 оны хугацаанд хэрэгжүүлэх “Сэргийлэгч” хөтөлбөрийг баталсан.
Уг хөтөлбөрийн хүрээнд хөршийн холбоог дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайн хөрш” болзолт уралдааныг уламжлал болгон зарласан бөгөөд өнөөдөр уралдаанаа дүгнэлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар болон хөршийн холбоо, хамтарсан багийн төлөөллүүд оролцлоо.
“Сэргийлэгч” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан болзолт уралдааны үр дүнд иргэд хөрш айлдаа болон хараа хяналтгүй бага насны хүүхэд, биеэ авч явах чадваргүй хүмүүст анхаарал тавьдаг, тусладаг, цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Айл хүний амь нэг байснаар орон байрны хулгай, гал түймэр, гамшгийн аюулаас сэргийлж, гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгч, нөгөө талаар нийгмийн харилцааг сэргээхэд онцгой нөлөө үзүүлж байна гэдгийг албаны хүмүүс онцлов.
Уг болзолт уралдаанд 23 хорооноос 30 гаруй хөршийн холбоо материалаа ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэж шилдэг хамтарсан баг, хөршийн холбоодыг шалгаруулжээ.
Хамтарсан багт хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тухайн хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа орж байгаа юм.
“Шилдэг хамтарсан баг”-аар 7 дугаар хороо, 15 дугаар хороо, “Шилдэг хөршийн холбоо”-гоор 23 дугаар хорооны “Халуун сэтгэл” хөршийн холбоо, 11 дүгээр хорооны “Сайн хөрш” хөршийн холбоо, 7 дугаар хорооны “Мөнх” хөршийн холбоо тус тус шалгарч шагналаа хүлээн авав.
Дамшрамд дуулгахад “Айл хүний амь нэг” болзолт уралдааныг “Сайн хөрш тайван амьдрал” уриан дор 2013 онд анх зохион байгуулж байсан юм. Энэхүү уралдаанд дүүргийн 23 хорооноос 102 хөршийн холбоо шинээр байгуулагдаж 400 гаруй иргэдийн гишүүнчлэлтэй болон идэвх санаачлагатай оролцсон. Тухайн үед хөршийн холбоо байгуулагдан ажилласанаар хулгайн гэмт хэргийн гаралт огцом буурсан болохыг дүүргийн Цагдаагийн газраас онцолж байв. Энэхүү уралдаанд шилдэг хамтарсан багаар 5, 13, 14-р хороо шалгарч, тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.