Мэтгэлцэхийн тулд мэргэших хэрэгтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.03.27

Мэтгэлцэхийн тулд мэргэших хэрэгтэй

Энэ удаагийн Засгийн газар бол дөрвөн жилийн настай биш учраас реклам сурталчилгаанаас илүүтэй бодит ажил хэрэгт анхаарлаа хандуулж байгаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хоёул ярилцлагаа аяны богцоос тань эхлэе.Та саяхан хөдөө орон нутгаар 14 хоног яваад ирсэн. Боловсролд хийж буй шинэчлэл, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ. Хийж буй ажлынхаа эрчмийг хэрхэн дүгнэв?

Боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Энэ удаагийн томилолтоор хөдөө орон нутгийн 6-7 аймгаар очиж, сургуулиудаар ороод явж байхад багш нарын хийж буй ажлын үр дүн, хүүхдүүдийн хоцрогдол багасч байгаа ахиц дэвшлийг анзаарахад нэг хэсэг газарт боловсролын шинэчлэл үр дүнтэй хэрэгжиж байна.

Бодитой үр дүн өгч байна. Багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж зүтгэж байхын дээр хүүхдүүдэд ч “Би хөгжиж чадна” гэсэн итгэл төрсөн байхыг анзаарлаа. Гэвч боловсролын бодлоыг урагштай хэрэгжүүлээгүй, хуучинсаг арга барилтай сургууль, цэцэрлэг мэр сэр байгааг бас үгүйсгэхгүй. Ерөнхийдөө бол хандлага зөв тогтож байна. Хүүхэд бүрийг тэгш хөгжлийг хангаж, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.

Олон гайхамшигтай багш нартай уулзлаа. Багш нарын сургалтын арга технологи, хэрэглэгдэхүүн сайжирсны сацуу эцэг эхчүүдийн оролцоо ч урьдынхаас нэмэгджээ. Багш, эцэг эх гэлтгүй сургууль, цэцэрлэгийн ажилчид хүртэл хувь нэмрээ оруулж эхэлжээ. Нэг цэцэрлэгийн жижүүр бөхийн секц ажиллуулж байхад нөгөө сургуулийн нягтлан бодогч хичээлийн хэрэглэгдэхүүнд хандив цуглуулсан байх жишээтэй. Цаашид энэ эрчээ алдахгүй урагшлах ёстой юм байна гэдэг харагдаж байна.

 -Үйл ажиллагааны доголдож буй сургууль, цэцэрлэг хаана байна. Суманд уу, эсвэл аймагт уу. Бодлого хэрэгжихэд орон зайн ялгаа байна уу?

Аймгийн төвүүдэд ч боловсролын бодлогыг тааруухан хэрэгжүүлж буй байгууллага байна. Зэргэлдээ сургуулийн захирал, Боловсролын газрын даргатайгаа таардаггүй гэсэн шалтгаан хэлж буй удирдах албан тушаалтан ч байх жишээтэй. Хувь хүний харьцаанаас шалтгаалсан энэ мэт доголдлыг арилгах боломжтой.

“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг 2012 онд анх эхлүүлж байхдаа өдий хэр хугацаанд бодит үр дүн гарна гэж төсөөлж байгаагүй. Үнэхээр хүүхдүүдээ гайхамшигтай хөгжүүлсэн багш нар олон байна. Математик, физик, технологийн дугуйланд 20-35 хүүхэдтэй хичээллэж байхын дээр ангиараа гимнастикийн дугуйланд суралцаж, морин хуурыг нэг ч хүүхэд үлдэлгүй тоглож байгааг харахад сайхан байлаа.

-Нэгэнт тантай уулзсаных Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцахгүй өнгөрч боломжгүй. Шинэчлэлийн Засгийн газраас Шийдлийн Засгийн газарт орсон хоёрхон сайдын нэг нь та. Шинэ засаг ажилдаа ороод 100 гаруй хонож байгаа ч бодитой ажил харагдахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Өмнөх засгийн хийж хэрэгжүүлж байсныг үгүйсгэх, дахин давтан хийх зэрэг цалгардал байна гэсэн шүүмж их бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

С.Эрдэнэ сайд бид хоёрыг Шийдлийн Засгийн газрын гишүүнээр үлдээхдээ нийгмийн эмзэг хэсгийн дэмжлэгийг тууштай хүргэх, Монголын хөгжил гарц болсон боловсролын тогтвортой үр шимийг үзэх гэсэн  зарчмын үүднээс ажлаа үргэлжлүүлэн хийхийг даалгасан хэрэг болов уу. Боловсролын салбарт савлагаа хийх их аюултай. Тогтвортой, сайн боловсрол түгээж байж бид шинэ цагийн шийдвэр гаргах чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй, шинэ технологи гаргагчдыг хүмүүжүүлэх юм. Засгийн газрын бусад гишүүд, сайд нарын хувьд суурь бодлого дээр тулгуурлаад өөрийн бодлогоо тодорхойлоод явах боломжтой байдаг.

Ер нь бол Шийдлийн Засгийн газар шийдэмгий алхмуудыг яаравчлан хийгээд ажиллах боломжтой. Учир нь энэ удаагийн засгийн бүрэлдэхүүнд бүх намын төлөөлөл бий. Нийгэм талаас шүүмжлэл их байгаа. Тэр дундаа шууд үр дүнгээ хэлсэнгүй гэх өнгө аяс харагдаж байна. Гэвч энэ удаагийн Засгийн газар бол дөрвөн жилийн настай биш учраас реклам сурталчилгаанаас илүүтэй   бодит ажил хэрэгт анхаарлаа хандуулж байгаа.

Ерөнхийлөгчтэй маргалдаж,  мэтгэлцэхийн тулд энэ хүн шиг мэргэших хэрэгтэй л дээ. Алба хашиж үзэх хэрэгтэй, сонгуульд ялж, ялагдаж үзэх хэрэгтэй, олон мянган хүнийг, намыг  удирдаж үзэх хэрэгтэй, олон мянган хүмүүстэй нийлээд асуудлыг шийдэж үзэх хэрэгтэй. Энэ бүхний ард гарсныхаа дараа алдаа оноог нь дэнсэлж болох юм. Үүнийг мэргэжлийн дуучны алдаа оноог сайн дурын уран сайханч дэнсэлж байгаатай утга нэг юм.

-Томоохон мега төслүүдийг урагшлуулахад Засгийн газрын санаачилгатай ажиллаж байгаа юу. Тавантолгойн төслийг л гэхэд урагшлахгүй нь гэж хардаж буй хүмүүс цөөнгүй байна?

Биднээс зөвхөн шалтгаалдаг бол мега төслүүдийг урагшлуулах чин хүсэл, эрмэлзлэл  бий. Гэхдээ алдаа гаргаж болохгүй. Дараа, дараагийн Засгийн газарт хор нөлөө үзүүлдэг алдаа гаргамааргүй байгаа юм. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчидтай ярилцах цаг хугацаа хэрэгтэй. Ямартай ч М.Энхсайхан сайд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шуурхай ажиллаж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд уламжлалт бүхий л бизнесийн хурд удааширч байна. Ганц уул уурхай биш. Хөдөө аж ахуй ч ялгаагүй.

Үнээ өөрөө тогтоож чаддаггүй, дэлхийн хэмжээний өрсөлдөөнд орж байгаа үйлдвэрлэлүүд тун тогтворгүй болчихсон хэрэг. Дээрээс нь Хятадын эдийн засгийн сааралттай холбоотойгоор тус улс руу бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх улс орон зогсонги байдалд орсон. Зөвхөн Монголын асуудал, Монголын уул уурхайд тохиолдоод байгаа асуудал биш. Тиймээс Тавантолгойд биш ухаалаг хандах ёстой байх. Хэт давчдах шаардлагагүй. Улстөржүүлсэн саад бэрхшээл бол Тавантолгойд байхгүй.

-Та намдаа хэр идэвхтэй ажиллаж байгаа вэ. Ямар нэгэн алба хашиж байгаа юу?

Одоогоор намд ямар нэгэн алба хашаагүй. Улс орны хэмжээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлыг эрхэлнэ гэдэг сонгуульт ажлын хажуугаар амжуулах ажил биш. Ажлын цагаар ажиллаад ч нугалахааргүй их ажилтай салбар шүү дээ.  Тиймээс намын сонгуульт ажлыг давхар хаших бололцоогүй.

-Ардчилсан намын өнөөгийн байдлыг эерэгээр харахаасаа илүү сөрөг талаас харж буй хувь хүн, нам хүчин байсаар байна. Ирэх сонгуульд дахин гарч ирэх магадлалыг үгүйсгэх өнгө аяс ч цухалзаж байгаа нь танд анзаарагдаж байна уу?

Ардчилсан нам бол Монголд хамгийн бат бэх суурьтай нам шүү дээ. Хөдөө орон нутагт ч ялгаагүй үйл ажиллагаа нь тогтворжсон, тодорхой зорилготой, илүү биежсэн болох нь саяын томилолтын үеэр ч харагдсан. Намын гишүүд дэмжигчдийн хувьд ямар нэгэн савлагаа харагдахгүй байна. Ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд намын нэг хоёр лидерийн хоорондоо ам зөрж байгаа, нэг нь нөгөөгөө буруутгаж байгааг анзаарч хүндээр хүлээн авах байдал ажиглагдахгүй байна.

Нөгөө талаас “Намын лидерүүд хоорондоо эв нэгдэлтйэ бай” гэсэн шаардлагыг хатуу тавьж байна. Эвээ хичээ, зорилго, үнэт зүйлийнхээ төлөө нэгд гэсэн байр суурийг илэрхийлж байна.  Ер нь бол бид чинь үнэт зүйл нэгтэй шүү дээ. Үзэл бодол бол өөр байж болно. Манай нам чинь гэр бүлийн намаас өөр, хэн нэг хүний халаасанд ордоггүйгээрээ Ардчилсан нам онцлогтой. Хүний төлөө биш үнэт зүйлийнхээ төлөө явдаг нам. Намын санхүүжилт, ил тод байдал, гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг шийдүүлэхэд Ардчилсан нам бэлэн байгаа. Цааргалах зүйл үгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч одоохондоо бол намаасаа түдгэлзээд байгаа ч Ардчилсан намын нэг эд эс. Гэтэл Ерөнхийлөгчийн хийж буй ажил үйлс, хэлж буй үг өгүүлбэрээс өө хайх байдал гаднаас төдийгүй намын дотооддоо байх шиг. Урлаг соёлынхон хүртэл тэр давалгаанд үүрэг рольтой оролцож байна. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол яахын аргагүй Ардчилсан намын лидер. Энэ хүнийг намаасаа татгалзсан, түдгэлзсэн, эсвэл нам бус гэж бид харахгүй байгаа. Яагаад гэвэл энэ хүн Ардчилсан намын үнэт зүйлийг ажил хэрэг болгохын төлөө тууштай тэмцдэг цөөхөн лидерүүдийн нэг. Хаана ч хүний эрх чөлөөг мартдаггүй эрхэм чанар Ерөнхийлөгчид хүнд бий. Хүний үг хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх, бизнес эрхлэх эрх, эд хөрөнгөтэй байх эрхийг дээдэлдэг. Дээрээс нь тодотгож хэлэхэд өнгөрсөн 20 гаруй жилд төрийн өндөр дээд албан тушаалыг бүгдийг нь хашсан хүн. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам туг болон урагшлахыг энэ хүнд л үүрэгдсэн.  

Албаа ч хаш, бидний өмнөөс ялтай ажлыг ч хий гэж итгэл хүлээлгэж болох цөөхөн хүний нэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Ерөнхийлөгчийн хувьд шударга ёс тогтоох, авлига хээл хахуультай тэмцэх, засаглалын зөв хэлбэрийг тогтоох, улс орны эдийн засгийн хөгжлийг зөв гольдролд оруулах шилэн дансны тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг нэг институцийн зүгээс хийж амжихааргүй их ажлыг амжуулж байгаа.

Элдэв хэл ам гарч байгаа нь ч идэвхтэй үйл ажиллагаатай нь холбоотой. Их сайн ажиллах тусмаа хүний нүдэнд өртдөг, сайныг бүтээх тусмаа муу хэлүүлэх нь их байдаг жишигтэй болчихож дээ. Тэр л жишгийн дагуу л буруузөв янз бүрийн  мэдээлэл явж байх шиг санагддаг. Ер нь бол аль ч салбарт мэргэшсэн хүний үг хамгийн үнэ цэнэтэй. Ялангуяа төрийн бүтэц, зохион байгуулалт, төрийн бодлогын чиглэлээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг мэргэшсэн хүн цөөхөн байна.

Энэ хүнтэй зарга зальхай хийх, маргалдаж,  мэтгэлцэхийн тулд энэ хүн шиг мэргэших хэрэгтэй л дээ. Алба хашиж үзэх хэрэгтэй, сонгуульд ялж, ялагдаж үзэх хэрэгтэй, олон мянган хүнийг, намыг удирдаж үзэх хэрэгтэй, олон мянган хүмүүстэй нийлээд асуудлыг шийдэж үзэх хэрэгтэй. Энэ бүхний ард гарсныхаа дараа алдаа оноог нь дэнсэлж болох юм. Үүнийг мэргэжлийн дуучны алдаа оноог сайн дурын уран сайханч дэнсэлж байгаатай утга нэг юм. Цаашдаа ардчилсан төрийг авч явах, мэргэшсэн хүмүүсийнхээ зоригийг мохоохгүй байх чухал гэдгийг энэ удаагийн явдал санууллаа.