Чанартай боловсон хүчнийг нэхдэг цаг үе ирсэн байна
Элсэлтийн шалгалтаа өгч, ажил амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй мэргэжлийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулсан юм.
-Монгол Улсад хэрэгцээтэй хамгийн их эрэлттэй мэргэжил юу вэ?
Дэлхийн үйлдвэрлэл, эдийн засгийн харилцаа болон технологи өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан эрэлттэй мэргэжлийг тодорхойлдог. Эрэлттэй мэргэжлийг хоёр жилийн өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ойрын үед Монгол Улсад технологийн аль салбар илүү хөгжиж байна гэдгийг тодруулсан. Үүнд Монгол орны байгалийн баялаг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж өөрийн онцлогтой бүтээгдэхүүнийг гаргах нь Монгол орны эдийн засгийн хөгжлийн зорилго болно. Иймээс төрөл бүрийн технологичид Монголын тэргүүлэх мэргэжил болж байна гэж үзсэн.
-Энэ мэргэжил цаашид ч гэсэн тэргүүлэх мэргэжил байх уу?
Нэг удаа жагсаалт гаргаад олон жил оршино гэсэн үг биш. Бас бусад мэргэжлээ орхиж болохгүй. Учир нь уул уурхайн инженерүүд болон мэдээллийн технологио орхилгүй аваад явдаг. Ер нь ямар ч салбар Монголд хөгжсөн суурь хэрэгцээгээ тэргүүлэх мэргэжил дотроо заавал авч явдаг. Жишээ нь, боловсрол тэргүүлэх мэргэжил байдаг. Нэг үгээр хэлбэл арга зүйч сурганы хүмүүс болон тухайн цаг үеийн онцлог дэлхийд нэвтэрч байгаа. Шинэ урсгал хандлагыг хараад ер нь Монголынхоо нөөц боломжийг хараад төлөвлөлт хийдгээрээ онцлогтой.
-Дэлхийн жишигтэй харьцуулахад манайд ямар мэргэжил илүү дутагдалтай байдаг бол?
Мэргэжил дутуу гэхээсээ илүү гарч ирж байгаа мэргэжилдээ анхаарал хандуулдаг. Ер нь дэлхийд 160-180 орчим мэргэжлийг бүгдийг бэлтгэдэг. Ингэж бэлтгэхдээ чанартай боловсон хүчнийг нэхдэг цаг үе ирсэн байна. Компани дээрээ авч сургадаг дахин сургалтад суулгадаг ийм цаг хугацаа алга болсон, Яагаад гэвэл тухайн үйлдвэрлэл үйлчилгээ хэр удаан оршин тогтох вэ гэдэг нь тодорхойгүй учраас хурдан хугацаанд чадвартай хүнийг цуглуулаад шинэ бүтээгдэхүүн гаргаад тэндээс үр шимээ хүртээд дараагийн ажил руу ордог болсон. Бизнес эрхлэгчдэд хурд шаардлагатай болжээ.
-Эрэлттэй мэргэжлээр суралцаж буй залууст ямар боломжийг бий болгож байна вэ?
Тухайн мэргэжлийг сонгосон залуучуудын чадварыг дээшлүүлж өгөхөд бүх анхаарлаа хандуулж байна. Нано технологи, биотехнологиор суралцдаг залуучуудыг бид төгсөх нэг жилийн хуга- цаанд нь дадлага хийлгэдэг. Ингээд үнэхээр биотехнологийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сураад бүтээгдэхүүн гаргах өөрийн гэсэн арга технологийг гартаа эзэмшсэн ийм хүмүүсийг гаргахгүй бол биотехнологийн компанийн бойжилт гэдэг зүйл манайд байхгүй байна.
Мөн хөдөө өж ахуйн салбарт ч гэсэн ийм нөхцөл байдалтай байна. Ойрын үед эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар их нэмэгдэж байгаа. Хими технологийн сайн инженерүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Хими технологийн инженерүүд байна. Гэхдээ шаардлага хангахгүй байгаа юм. Хими технологийн инженерүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, шинжлэх ухааны хандлага түүнийг чаддаг хийдэг тэр улсуудыг гаргаж ирэх тэр зорилгоор сургалтын бүтцээ шинэчилж байна.
Эрэлттэй 40 мэргэжил
Уншигчдадаа хамгийн эрэлттэй мэргэжлийг салбар тус бүрээр нь хүргэж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр байгалийн нөхөн сэргээлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент, уур амьсгалын өөрчлөлт болон Усны нөөцийн үнэлгээ менежментийн мэргэжлүүд багтдаг байна. Тэгвэл боловсролын чиглэлээр тусгай хэрэгцээт боловсрол, хүүхдийн хөг- жил судлал, сургалтын технологи, сургуулийн өмнөх, бага боловсролын сургалтын арга зүй оржээ.
Харин соёлын чиглэлээр боловсролын сургалтын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч болон сонгодог урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд багтах аж.Эрүүл мэндийн чиглэлээр мэс засал, хүүхдийн анагаах, нийгмийн эрүүл мэнд, био анагаах болон сувилахуй орох гэнэ. Уул уурхайн чиглэлээр геологи уул уурхай, маркшейдер, уул уурхайн ашиглалт, техник технологи, ашигт малтмалын баяжуулалт болон газрын тосны хайгуул, боловсруулалт эрэлттэй юм байна.
Тэгвэл эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр ус, дулааны хангамж, чанарын үнэлгээ сэргээгдэх эрчим 'хүч болон цөмийн технологийн чиглэл оржээ. Зам тээврийн чиглэлээр хүнд машин механизм, зам гүүрийн барилга, байгууламж болон иргэний нисэх зэрэг байх аж. Барилга хот байгуулалтын чиглэлээр барилгын материалын үйлдвэрлэл, барилгын технологи, инженер, хог хаягдлын боловсруулалт, менежмент болон архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт эрэлттэй байгаа юм байна.
Мэдээллийн технологийн чиглэлээр мэдээллийн технологи, аюулгүй байдал болон сансрын технологи, ашиглалт орох бол суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологийн чиглэлээр байгалийн ухаан биологи, биотехнологи нано технологи материал судлал болон Химийн инженерчлэл тус тус эрэлттэй байна.Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно гэж заасан байдаг аж.