Тэтгэврийн нэмэгдэл хувиар биш мөнгөөр нэмэгдсэн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ
2015.03.12

Тэтгэврийн нэмэгдэл хувиар биш мөнгөөр нэмэгдсэн

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн ордноо хэвлэлийн бага хурал зарлаж, тус салбарт тулагмдсан болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа..

-Залуучуудыг дэмжих жилтэй холбоотой үйл ажиллагаануудад хөдөө орон нутгийн залуучууд руу чиглэсэн зүйл байгаа болов уу ?

Энэ оны хувьд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Япон улсын санхүүжилтээр орон нутгийн залуучуудын төлөвшил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар зорилтот Өмнөговь, Өвөрхангай гэсэн таван аймагт хэрэгжиж байна. Үүнээс гадна “Монгол залуу” үндэсний хөтөлбөр боловсруулагдаад Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцүүлэхэд бэлэн болсон.

Уг хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөөгийн залуучууд руу чиглэсэн боловсролын хүртээмжийг нэгэн жигд хөгжүүлж, хот хөдөө гэх ялгааг байхгүй болгох асуудлууд тусгагдсан. Үүнээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр Хөдөлмөрийн яамтай харилцан зөвшилцөх зэрэг асуудлууд багтсан.

-Өнөөдөр бодит амьдрал дээр маш олон залуучууд ажлын байргүй байна. Банкинд очиход ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа залуучууд урт дараалал үүсгэсэн байдаг. Тиймээс 2015 оныг залуучуудыг дэмжих жилийн хүрээнд ажлын байр руу чиглэсэн  ямар нэгэн үйл ажиллагаа явуулах уу ?

Хөдөлмөрийн харилцаа болон ажлын байрны асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцна. Гэхдээ бид “Залуучуудын хөгжлийн жил”-ийн хүрээнд хөгжлийн бодлого, залуучуудын нийгэмд эзэлж буй байр суурь зэрэг хөгжлийн материалаг орчныг хэрхэн бий болгох тал руу үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах чиглэлийн ажлуудыг голчилж ажиллана.

Гэхдээ хамгийн гол нь Хөдөлмөрийн яамтай хамтраад залуучуудын боловсролын асуудал, мэргэжлээ сонгоход туслах зорилготой асуудалд илүү судалгаа хийж, анхаарал тавьж ажиллах бодлоготой байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг их хэмжээгээр авч байгаа асуудлыг сайн мэдэхгүй байна. Яг өнөөдөр ажлын байранд  олноор цомхотгоод, ажилгүйдлийн тэтгэмжийг бултаар нь аваад байгаа гэсэн мэдээлэл хараахан надад ирээгүй.

-Тэтгэврийг 20-130 мянгаар нэмсэн. Тухайлбал 10 хувиар нэмлээ гэхэд их авдаг нь их нэмэгдээд, бага нь бага нэмэгдээд улам зөрүү нь ихэсдэг асуудал бий. Үүнийг нэмэхдээ хэрхэн нэмсэн бэ ?  

Энэ удаагийн нэмэгдлийг хувиар биш мөнгөн дүнгээр нэмсэн. Тодорхой гурван үе шатад хуваагаад бага тэтгэвэртэй иргэдэд түлхүү нэмэх бодлогыг барьсан. Харин дундаж дээр нь дундыг, өндөр тэтгэвэртэйд харьцангуй бага үнийн дүнгээр нэмсэн.

-Тэтгэврийн даатгалын санд хадгалагдаж байгаа мөнгийг Засгийн газар өөр зүйлд захиран зарцуулах тохиолдол нилээдгүй байдаг. Үүнийгээ эргэн төлөөгүйн улмаас даатгалын сангийн хөрөнгө байгаа эсэхэд эргэлзээтэй байдал үүсдэг. Одоогоор засгийн газар авсан мөнгөө буцааж төлсөн байдал хэр зэрэг байгаа вэ ?

2007 онд Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчид болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтраад мөнгөн дүнг тогтоох ажлыг нэг удаа хийсэн. Өнөө үед Нийгмийн даатгалд даатгуулсан болон тэтгэврийн даатгалын данс нээлгээд шимтгэл төлж буй хүмүүсийн мөнгөөр ахмад настны тэтгэврийг санхүүжүүлээд явж байгаа.

Тиймээс засгийн газар болон нийгмийн даатгал сан хоёрын хооронд өр, авлага байгаа юм шиг буруу мэдээлэл иргэдийн дунд байдаг. Үүнд тайлбар хэлэхэд нэгдүгээрт цэргийн алба хаасан иргэдийн тэтгэврийг Засгийн газраас хариуцаж нийгмийн даатгалын санд төлдөг хуультай.

Төр хариуцах иргэдийн тэтгэврийн санхүүжилтийн зөрүүнээс үүссэн 236 тэрбум төгрөгийн авлагыг 2007 тогтоосон. Үүнээс хойш жил бүр өгөх мөнгөө төсвийн тухай хуульд тусгаснаар өгч байгаа. Одоо 87 орчим төгрөгийг Засгийн газар нийгмийн даатгалын санд өгнө.

-Цахим картыг  хэрэглэх үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн аюулгүй хангах вэ. Мөн картын үүрэг болон мэдээлэл алдагдсан тохиолдолд хариуцлагын асуудал хуулинд тусгагдсан уу ?

Эрүүл мэндийн цахим картад шилжснээр тухайн өвчтний түүхийг ямар ч алдаагүйгээр бүрдүүлэх нөхцлийг зорилгоо болгосон. Дэлгэрэнгүй хэлбэл даатгуулагч бүрт өөрийн гэсэн файл нээлгээд нэгдсэн мэдээллийн санг нь бүрдүүлнэ.

Жишээблэл гурван сая даатгуулагч байлаа гэхэд төдий хэмжээнх байна. Үүний гол ач холбогдол нь тухайн иргэн эхээс төрсөн, он цагаас эхлээд 18 эсвэл 30 нас хүртлээ ямар өвчин тусаж байсан, хэрхэн эмчлүүлж байсан зэргээр бүх бүртгэл судалгаа тухайн картанд бүртгэгдээд явна.

Ингэснээр тухайн даатгуулагч дараагийн эмнэлгийн байгууллагуудад зөв оношлож, эмчилгээний тактикаа боловсруулахад үр дүнтэй ажил болно гэж үзсэн. Карт маань гурван үүрэгтэй.

Нэгт төлбөрийн хэрэгсэл, хоёрт эрүүл мэндийн мэдээллийн санд нэвтрэх түлхүүр, гуравт эрүүл мэндийн картыг орлох болно. Харин нууц задрах юм уу, эмч хариуцлага алдсан тохиолдолд торгуулийн тогтолцоог илүү нарийн болгож шинэ хуулинд тусгасан.