Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив.
Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувь хүрэх төлөвтэй байна хэмээн хуулийн төсөл өргөн барих үеэрээ Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм.
Түүнчлэн бага орлогтой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй, хамрах хүрээ хангалтгүй байна. Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааны хүртээмж хязгаарлагдмал байгаа болон бусад олон шалтгаанаас үүдэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатай гэв.
Хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлэх, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд сууриосан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэл, насыг шинэчлэх, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг уг бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан байна.
Энэхүү Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл нь 2015-2030 оныг хамрах ба 5 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, 75 заалт тусгагдсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.