Сонордуулга
Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулж ашиглах асуудал хэлэлцэж эхэлсэнээс хойш уг төслийн талаар болон Бороогийн алтны ордын ашиглалтын талаар “Хүннүгийн булшийг ухаж сүйтгэх гэж байна” “Бороогийн алтны ордыг ашиглаад 60 тонн алтыг татваргүй гаргасан” гэх зэрэг худал ташаа мэдээллийг тодорхой зорилго, ашиг сонирхол бүхий иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүс олон нийтэд тараасаар ирлээ. Тэр бүү хэл мэдээлэл олж авах эрх бүхий УИХ-ын зарим гишүүд дээрх мэдээллийг үнэн мэт ярьж энэ асуудлаар популизм хийж буйд харамсаж байна.
Бодит байдал гэвэл Бороо Гоулд компани нь 2004-2014 оны хооронд Бороогийн орд газрыг ашиглах явцад аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар, суутган тооцсон татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, НӨАТ болон бусад татвар хэлбэрээр Монгол улсын болон орон нутгийн төсөвт нийт 321 гаруй тэрбум төгрөг төлсөн байна.
Улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын орлого болон татварын хууль тогтоомжийг сахин биелүүлсэн байдлаараа улсын хэмжээнд Шилдэг татвар төлөгчөөр тогтмол шалгарч байсан байгууллага юм. Тухайлбал 2007 онд 2-р, 2008 онд 3-р, 2009 онд 1-р, 2010 онд 5-р, 2011 онд 17-р, 2012 онд 2-р, 2013 онд 3-р байрт шалгарсан байгааг МТА-наас мэдээлсэн байна.mta.mn хуудсаас харна уу). 2011 оны нийслэлийн Шилдэг татвар төлөгч, Шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байгууллага шагналыг 1-р төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлаар хүртжээ.
Мөн төслийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил, дотоодын бараа үйлчилгээ, ажилчин албан хаагчдын цалин хөлсөнд нийт 727 тэрбум төгрөгийг зарцуулан Монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсан байна.
Бороо Гоулд ХХК-д ажиллаж бэлтгэгдсэн мэргэжилтнүүд одоо Монголын томоохон уурхайнуудад өөрсдийн ур чадвараар тэргүүлж байгаагийн зэрэгцээ, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн дэвшилтэт арга технологи нь Монгол улсад шинэ стандарт соёлыг буй болгоод байна.
Ашиглахаар яригдаж буй Гацууртын ордны геологийн нөөц нь 76 орчим тонн, ТЭЗҮ- ээр тогтоосон эдийн засгийн үр ашигтай нөөц нь 50 тонн, төслийн хугацаанд 1.7 тэрбум ам.долларын (3 орчим их наяд) борлуулалт хийж, 654 сая ам.долларын татвар тооцохоос өмнөх цэвэр мөнгөн урсгалтай ажиллана. Үүнээс улсын төсөвт нийт 386 сая ам.долларын (660 тэрбум төгрөг) татвар, хураамж төлнө.
Гацууртын ордыг ашиглахад 1000 орчим ажлын байр буй болж, 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах зэргээр улсын эдийн засаг, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц төсөл болохыг мэргэжлийн байгууллагын хүмүүс тооцон гаргасан байна.
Түүнээс гадна Гацууртын ордын ашиглалтын талбайд Хүннүгийн үеийн булш тогтоогдоогүй, Ноён уул нь ашиглалтын талбайгаас зайтай оршдог гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Иймээс Гацууртын алтны төслийг улс төржүүлж, хийрхэлгүйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэдгийг сонордуулж байна.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци