УИХ-ын гишүүн Я.Содбаатар гурван сая дахь иргэний чацуутанд гарын бэлэг өглөө
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.02.23

УИХ-ын гишүүн Я.Содбаатар гурван сая дахь иргэний чацуутанд гарын бэлэг өглөө

Өвөрхангайчууд гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлжээ.

Монголчууд өнгөрсөн сарын 24-нд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Өмнөговь аймагт гурван сая дахь иргэн мэндэлж, аав, ээждээ төдийгүй монголчуудад баяр баяслыг бэлэглээд байгаа.Тэгвэл гурван сая дахь иргэнтэй үе чацуутан 181 хүүхэд мэндэлж, Засгийн газрын захирамжийн дагуу гурван сая төгрөгийг олгохоор болсон.

Түүнчлэн тухайн аймаг, орон нутгаас гурван сая дахь иргэний үе чацуутнуудад орон сууц болон бусад зүйлийг гардуулж байгаа. Тэгвэл Өвөрхангайчууд гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлжээ.

Тус аймгаас УИХ-д сонгогдсон Я.Содбаатар гишүүн сая дахь иргэнтэй үе чацуутан болох Э.Ханджамц охинд гарын бэлгээ гардууллаа. Өвөрхангай аймгаас гурван сая дахь иргэнтэй хамгийн ойрын чацуутнаар Есөнзүйл сумын гуравдугаар багийн харьяат Эрдэнэбатын Ханджамц охин тодорчээ.

Нэгдүгээр сарын 24-нд гурван сая дахь иргэн Монголжин охинтой нэг өдөр төрсөн хүүхдүүдээс Э.Ханджамц охин ганцаараа сум дундын эмнэлэгт мэндэлсэн байна.

Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн босгонд түүний төрсөн нутгаас гурван сая дахь иргэнтэй хамгийн ойрын чацуутан тодорсныг бэлэгшээж, охинд эрдэм номтой, төрсөн нутаг, улс эх орныхоо нэрийг бадраасан мундаг хүн болохыг бэлгэшээж Ханджамц нэрийг хайрлажээ