"Бүтээлч монгол хүнээ дэмжье"
“Монголоо шинэчлэе” клуб өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү клубыг үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье” илтгэл тавьсан. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголчууд 20-р зуунд хийсэн Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаараа ардчилсан, хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засаг бүхий, хуулийн засаглалтай нийгмийг сонгосноос хойш даруй 25 жил өнгөрч байна.
Өнөөгийн байдлаар Монгол улс эдийн засгийн нийт хэмжээ, 1 хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээрээ буурай хөгжилтэй орноос хөгжиж буй оронд шилжих шилжилтийн үед байна. Нийт эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил бүтээж байна. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт юм. Дэлхийн олон улс орнууд өрсөлдөх чадвараар баримжаалж бүтээх чадавхийг сайжруулах замаар үндэсний бүтээмжээ нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг баримталж байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын байгууллага сүүлийн жилүүдэд Монгол улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг зарим орнуудтай харьцуулан гаргасан байна. 2013 оны байдлаар манай улсын дэд бүтэц, эдийн засгийн төрөлжилт, жилд нэг хүнд оногдох хуримтлал болон дотоодын нийт хуримтлал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төрийн бодлогын хэрэгжилт, зээлжих зэрэглэл, гадаад валютын нөөц, хүний нөөцийн чанар, технологийн түвшин зэрэг өрсөлдөх чадварын гол гол үзүүлэлтээр нилээд доогуур үзуулэлттэй гарч байна. Энэ нь дөнгөж хөгжиж буй орны эгнээнд орж буй Монгол улсын өнөөгийн бодит байдал юм.
Бидэнд хурдацтай тогтвортой хөгжихийн тулд Хөгжлийн Урт хугацааны бодлого, түүний тогтвортой хэрэгжих эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ бодлогоо богино, дунд, хугацаанд сайжруулж явах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын хөгжлийн бодлогын хэрэгжих хугацаа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн хугацаатай тэнцүү, эсхүл ихэнх тохиолдолд тухайн Засгийн газрын насжилтын хугацаагаар хэмжигдэж ирсэн.
Сүүлийн 25 жилд нэг засгийн газрын дундаж насжилт ердөө 2 жил байсан байна. Урт хугацааны хөгжлийн бодлогогүй, бодлого нь 2 жилийн дотор савлан өөчлөгдөж ирсэн нь тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд хөгжлийн дунд хугацааны бодлогыг 5 жилээр, урт хугацааны бодлогыг 10-аас доошгүй жилээр төлөвлөж, богино, дунд хугацаанд улс төрийн зорилгоор огцом өөрчлөхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах үйл хэрэгт "Монголоо Шинэчлэе Клуб "-ын гишүүд, дэмжигчид Та бүхнийг идэвхтэй оролцохыг хусч байна.
Бид урт хугацааны ирээдүйнхээ хөгжлийг төсөөлөхдөө хөгжилтэй орнуудын туршлагаас дараах гол хүчин зүйсэд анхаарах нь зохистой байна.Үүнд:
-Эдийн засгийн бие даасан байдлыг чухалчилж, өрсөлдөх чадвараа байнга сайжруулж олон улсын зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэх,
-Өөрийн орны нөөц бололцоогоо хамгийн өндөр үр өгөөжтэйгээр ашиглах ( нөөц бололцоо: газарзүйн байршил, буурал түүх,соёл уламжлал, ахуй соёл, авъяаслаг иргэд, ардчилал ба хуулийн засаглал, хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засаг, 1 хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг ),
-Нийгмээ хөгжүүлэх, түүнчлэн иргэдийнхээ ая тухтай ажиллаж, амьдрах орчныг байнга сайжруулах. Улмаар хүмүүнийг хөгжих, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд нөхцөл бололцоог байнга сайжруулах, хангах,
-Үндэсний аюулгуй байдал, эв нэгдэл, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бэхжүүлэх,
-Хөгжлийн урт хугацааны бодлогын үзэл баримтлалын гол агуулгад оруулах шаардлагатай хүчин зүйл,
-үндэсний соёл уламжлал, ахуй соёл, хүмүүнийг болон бүтээх чадавхийг хөгжүүлэх
-үндэсний технологийн хуримтлал ба түвшинг байнга дээшлүүлэх,
-Байгалийн баялаг ба түүний нөөц, үр өгөөжтэй ашиглалт, хамгийн гол нь боловсруулалт буюу нэмүү өртөг шингэсэн хагас болон бэлэн бүтүүгдэхүүний аж үйлдвэрийг хөгжүүлэх,
-Хөрөнгийн хуримтлалыг бий болгож,санхүүгийн давуу нөхцлийг бүрдүүлэх,
Энэ бүхнээс харахад Монголчууд бид өрсөлдөх чадвар болон бүтээмжийг хөгжлийн бодлогын чиглэлээ болгох нь зөв харагдаж байна. Тэр тусмаа Монгол улс хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжих эрх зүйн орчинтой, энэ замаар хөгжиж байгаа орон билээ.
Бид цаашид иргэн бүрийн, өрх бүрийн, аж ахуйн нэгж бүрийн хөдөлмөрийн бүтээмж буюу баялаг бүтээх үйл ажиллагаа Монгол улсын хөгжлийн түлхүүр гэдэгт эргэлзэхгүй урагшлах хэрэгтэй юм. Иймд төр засаг ч иргэд ч Баялаг бүтээгчдээ, тухайлбал "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье" гэж уриалах байна. Бүтээлч Монгол иргэд харилцан бие биенээ дэмжсэнээр л дундаж орлоготой иргэд нь цонхилсон чинээлэг ардчилсан нийгмийг цогцлоох болно. Зах зээлийн нийгэмд иргэдийн бүтээлч хамтын ажиллагаа, тэр хамтын ажиллагааны үр дүн юунаас ч чухал байна.
Дэмжих гэдэг нь хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй хэлбэр билээ. Бүтээлч хамтын ажиллагаа нь багаар хийх ажил юм. Бид багаар ажиллахыг "Дэм дэмэндээ, Дээс эрчиндээ" ард олны мэргэн үгээрээ илэрхийлдэг. Тиймээс Монгол улсаа дэлхийд тэргүүлэх хөгжилтэй орон болгоход айл өрхөөрөө, байгуулагаараа, аж ахуйн нэгжээрээ, салбараараа, улсаараа нэг баг болж, хамгийн сайн менежментээр ажиллах шаардлагатай.
Эдгээр багийн түүчээ нь Бүтээлч Монгол хүн билээ. Өнөөг хүртэл ч цаашид ч Монгол улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг Бүтээлч монгол хүн бүрийн хөгжил, итгэлцэлд суурилсан бүтээлч хамтын ажиллагаа, үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадвар тодорхойлсоор байна.Тиймээс хүн бүр өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх, бусдыгаа дэмжиж хамтарч баялаг бүтээхэд онцгой анхаарах хэрэгтэй юм.
Төр засаг Бүтээлч Монгол хүнийг дэмжихийн тулд хэрэггүй зүйлд оролцож садаа болохгүй байхаас гадна, хөрсөнд буусан бодлогын шийдвэр гаргахын тулд бодит байдлын судалгааг сайтар хийж байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Улс төрчдийг хэт улстөржиж зөвхөн таалагдахын тулд болон улс төрийн зорилгоор бусдаасаа ялгарч нэр хүндээ өсгөхийн тулд эрх бүхий байгуулагын судалгаанд үндэслэлгүйгээр хэн нэгнийг эсхүл аль байгуулагыг гүжирдэн муулах, буруутгах замаар нийгмийн сэтгэлзүйг хагалан бутаргах болсон талаар хүмүүс олонтаа ярих болжээ.
Үүнийгээ тэд "гоё хэлсэн" хэмээн бахархах тохиолдол ч гарах болжээ. Угтаа бол улс төрчид маань "төр хийгээд, түмэн олны холбоос нь байх үндсэн үүрэгтэй" төрийн түшээд билээ. Зарим хөгжилтэй оронд нийгмийг хагалан бутаргах үйлдэл хийсэн улстөрчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үздэг байна. Мөн улстөрчийн нийгэмд гаргаж буй хоёр үзүүртэй мессеж нь Итгэлд сурилсан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг Баялаг бүтээгчдэд болгоомжлол, айдас төрүүлэх тохиолдол байдаг учир үүнд анхаарах хэрэгтэй болсон байна.
Энэ зуунд зарим эрдэмтэд "Нийгмээрээ бие биедээ үл итгэхийн хорон муухай дөнгөнөөс ангижирч итгэлцэлийн нийгэмд шилжсэн улс л хөгжинө" гэж үзсэн байна. Үүнтэй би санал нэг байна. Бүтээлч Монгол хүмүүс ч санал нэг болов уу гэж бодож байна. Мөн Улс орны хөгжилд эерэг, гэрэл гэгээтэй нийгмийн сэтгэлзүй асар их нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Монголоо шинэчлэе клубыг үүсгэн байгуулагчид, гишүүд эх орондоо энэ гэгээлэг нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэхэд хамтарч ажиллая гэж хэлмээр байна.
Гол нь Монголчууд өөр хоорондоо итгэлийг бий болгож байж, гадны ажил хэрэгч хүмүүсийн итгэлийг олох боломжтой болов уу. Дуугарвал үг нэг Дугтарвал хүч нэг гэсэн мэргэн үг байдаг. Үүний тулд эрхэмсэг хүмүүнд байдаг олон сайхан чанараа байнга бодолцох хэрэгтэй болов уу. Аливааг зөвхөн сайн талаас нь харах дадалтай болох. Манайд "Сайныг дагавал сарны гэрэл, Мууг дагавал Могойн хорлол" гэсэн мэргэн үг байдаг.
(Үйл хэрэгт садаа учирвал эхлээд өөрөөсөө бурууг хайдаг байх, Бусдын ач тусыг мартахгүй, бусдад зориулагдсан хүнлэг, нинжэн сэтгэлээ мартахгүй байх, ёс зүйгээ гээхгүй байх, бусдад үзэл бодлоо тулгадаггүй байх, дундуур эрдэмтэй хүн бусдыг дүгнэмтгий байдгыг ойлгох, итгэлийг юугаар ч худалдаж авах боломжгүй гэдэгт итгэх.) Монгол улсын хөгжилд нийгмийн гэгээлэг сэтгэл зүй ихээхэн чухал үүрэгтэй юм. Энд хэвлэл, мэдээлэлийн салбар, энэ чиглэлийн эрдэмт мэргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй байх болно.
Монголчууд 2015 онд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх, импортыг аль болох багасгаж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг урьд урьдаасаа илүү их хэрэглэж, зангидсан гар шиг хамтарч ажиллах шаардлагатай. Мөн далд эдийн засгийг ил гаргах эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох хэрэгтэй байна.
Ингэснээр гадагш чиглэсэн мөнгөний урсгал багасч, орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж, иргэдэд байгаа мөнгө ил гарч хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэнд орсноор эдийн засаг эрүүлжин, эдийн засгийн өсөлт тогтворжсноор иргэдийн амьжиргааны чанар сайжирна гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын тухайд 2012-2014 оны хооронд эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхай, газрын тосны салбарт урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай, ойлгомжтой эрх зүйн орчныг бурдуулж чадсан.
Иймд 2015 онд Монгол Улсад Хөрөнгө оруулалтын 2 дэх давалгаа эхлэнэ гэж үзэж байна. Ер нь аль ч улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэхэд бүх иргэд, айл өрхийн оролцоо, дэмжлэг, бүтээлч хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Иймд бүх нийтээрээ Бүтээлч Монгол хүнийг дэмжиж ажиллая гэж уриалах байна.
Эцэст нь хэлэхэд өнөөдрийн хөгжилтэй орнууд урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хөгжиж буй орнууд урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлж, дээр нь Угтаж турүүлэх " catch-up economy" эдийн засгийн бодлогыг хэрэгжуулж байна. Энэ нь бий болсон технологийг нутагшуулан ашиглах, улмаар туунд тулгуурлан өөрийн шинэ технологийн бий болгон хөгжүүлэх явдал юм.
Мөн бүх орон инновацийг хучтэй хөгжүүлэн нэвтрүүлж өрсөлдөх чадвараа байнга дээшлүүлсээр байна. Иймд монгол улс Бүх салбартаа тасралтгүй шинэчлэл буюу инновацийг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай юм. Эдгээр гурван бодлогыг хөгжлийн хурдасгуур гэж хэлэх байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэгч нь Бүтээлч Монгол Хүн юм. Харин Монгол улсын өнцөг булан бүрт шинэчлэлийн хөтөч нь "Монголоо шинэчлэе клуб" байгаасай гэж хүсэх байна.
Монголчууд бид бүх салбартаа шинэчлэлийг цаг алдалгүй, тасралтгүй хэрэгжүүлснээр " Хичээн зүтгэсэн Бүтээлч Монгол хүн урамтай сайхан амьдардаг"
Бахархалтай Монгол Улсаа " Credible Mongolia" хөгжүүлэн бадраах болно оо.