Д.Оюунхорол сайд хуулийн төсөл өргөн барилаа
“Мөнгөн усны тухай Минаматагийн конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өргөн барив.
2015.02.17

Д.Оюунхорол сайд хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.17/ “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өргөн барив.

Мөнгөн ус нь байгаль дэлхий дээр олон янзын хэлбэрт оршдог бөгөөд нүүрс, газрын түүхий тос болон шохойн чулуу, металлын хүдэр зэрэг түүхий эд, эрдсүүдэд агуулагддаг.

Мөнгөн ус задарч устдаггүй учраас үүссэн газраасаа хол тархах чадвартай учраас агаар, ус, хөрс, амьтан, ургамал, амьтны хооронд урт хугацаанд шилжин хөдөлгөөнд оршиж, хүний тархи, төв мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээдэг.

Иймээс Минаматагийн конвенцийн зорилго нь хүний үйл ажиллагаагаар үүссэн мөнгөн ус болон түүний нэгдлүүдийн үүсэл, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад чиглэж байгааг хуулийн төсөл санаачлагч хэлж байв.

Манай Улс энэхүү конвенцид нэгдэн орсноор мөнгөн ус агуулсан зай, залгуур, релей, унтраалга, 5 мг-аас их хэмжээтэй мөнгөн ус агуулсан флюрецент, фосфорын болон галофосфатын фосфорын гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, пестицид, хэмжилзүйн багаж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, импорт, экспортыг шат дараатай бууруулах болон бусад үүргийг хүлээх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.