Н.Алгаа: "Урт нэрт" хуулийн тухай
“Урт нэрт” хууль дээр иргэний нийгмийн байгууллагын хэсэг нөхдийн зохион байгуулсан өлсгөлөнгийн шахалт дор батлагдсан билээ. Хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гишүүдийн магнайд Монгол Улсын дархан аварга, их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зодоглож авай.
Үүнээс өмнө 2000-аад оны дундуур тухайн үед их хурлын гишүүн байсан Ц.Мөнх-Оргил тэргүүтэй их хурлын хэсэг гишүүд “урт нэрт" хуулийн зорилготой ижил зорилготой хуулийн төсөл боловсруулж байсан тохиолдол бас байна аа. Хуулийн төсөлд зорилгыг нь Монгол Улсын газар нутгийн 47 өргөрөгөөс хойшхи нутагт ашигт малтмал хайх олборлох тусгай зөвшөөрлийг хууль гарсан өдрөөс хойш, олгохгүй байхаар тодорхойлж байв.
Хамгийн хачирхалтай нь “урт нэрт” хуулиар зохицуулж байгаа харилцаа нь 2007 оны Ойн тухай, 2004 оны Усны тухай, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудаар тус тус зохицуулагдсан байсан боловч хууль хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд нь хуулиа хэрэгжүүлээгүйн үр дагаварыг мөнөөх үйлийн үртэй хувийн хэвшлийнхэн үүрэх тавилантай болжээ.
Дээр дурьдсан Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлд Хамгаалалтын бүсийн ой түүний дэглэмийг тогтоохдоо “Усны хагалбар дахь Байгаль орчны тэнцлийн хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтоох, Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийн орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалах дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих” эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.
Мөн хамгаалалтын бүсийн ойд хамаарах ойг нарийн тодорхойлж, тэнд зөвхөн зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. 2004 оны Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтоож уг бүсэд " ашигт малтмал хайх, олборлох... хориглосон-оос гадна 16 дугаар зүйлд Сум, дүүргийн засаг дарга нар нутаг дэвсгэртээ усны эх үүсвэр, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэх бүрэн эрхтэй байхаар заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлана гэж заажээ. Одоо “урт нэрт” хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн агуулгыг аваад үзье:
- Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
- Хориглосон бүсэд урьд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах
- Тусгай зөвшөөрөл цуцлахад нөхөх олговор олгох
- 5 сарын дотор Засгийн газраас хамгаалалтын бүсийн хилийн зааг тогтоох
“Урт нэрт”-н агуулгаас харахад зохицуулах гээд байгаа харилцаа нь дээрх хуулиудад тодорхой зохицуулагдсан байх’ба зөвхөн хэрэгжүүлж чадаагүй эсвэл хэрэгжүүлэхийг оролдоогүй л асуудал байх шиг. Тэр бүү хэл байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нөхөх олговоргүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлах заалт ч Ашигт малтмалын тухай хуульд байж л байсан.
Тэгэхээр хууль санаачилж, төсөл боловсруулсан хүмүүс ой болон усан сангийн хамгаалалтын талаарх Ойн болон Усны тухай хуульд тодорхой зохицуулсан байсныг огт мэдээгүй байсан юм болов уу даа. Хуулийн төсөл боловсруулах явцдаа хэлэлцүүлэхдээ хууль хэрэгжүүлэхэд хамрагдах газар нутаг тусгай зөвшөөрлийн тоо хэмжээ, хэрэгжүүлснээр гарах нийгэм эдийн засгийн үр дагавар, нөлөөний талаар ямар ч судалгаа хийгээгүй боловч өргөн барьсан, хэлэлцүүлсэн баталсан нь Монголд хууль яаж төрдөгийн яруу тод жишээ л гэхээс өөр юу гэхэв.
“Урт нэрт” хуулийн байгаль орчныг хамгаалах зорилгыг эсэргүүцсэн хувийн компаниуд байхгүй л дээ ганцхан хэрэгжүүлэх арга дээр л санал нийлэхгүй байгаа билээ. Тэр нь юу гэвэл Ашигт малтмалын тухай хуулиар эрхийг нь олгосон үйл ажиллагаа явуулаад арав гаруй жилийн турш бий болгосон хөрөнгө, үнэт зүйлийг нь үнэгүй болгосон хэрэгжих боломжгүй бодит нөхцөл байдал байсаар байхад хүчээр тулгаж хавтгайд нь компаничилсан байдлаар хэрэгжүүлэх зорилго тавьсан зэрэг болно.
Дээрх хоёр хууль бол төр өмнө нь гаргасан хуулиа үгүйсгэн өөр хууль гаргаж хувийн өмчид халдаж үндсэндээ Үндсэн хууль зөрчиж байгаа нэг хэлбэр лавтай мөн боловч Үндсэн хуулийн цэц үгүй л гээд байгаа юм даа.
Хууль батлагдсанаас хойш хэрэгжиж чадалгүй өдийг хүрлээ. Хууль санаачлагчид болон иргэний нийгмийнхэн Засгийн газар хууль хэрэгжүүлэхийг шахаж байна. Иргэний нийгмийнхэн Засгиин газрыг шүүхэд өгөв. Шүүх Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь буруутай (эс үйлдэл) гэх маягийн шийдвэр гаргав.
Засгийн газар арга ядахдаа алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг хууль зөрчин байж гаргаад энэ хугацаанд нөхөн сэргээлтээ хийчих, тэгвэл нөхөх олговрыг олгоно гээд амлачихваа. Энэ хооронд хууль санаачлагчид алт- ны хэдэн үндэсний компаниа хардаад бараг л “нинжа” нарыг турхирч хууль хэрэгжүүлэхгүй байна гэх болов.
Үнэн хэрэгтээ “нинжа” нар тусгай зөвшөөрөлтэй алт олборлогчдын талбай чөлөөлөгдөхийг хүлээж байсан нь үнэн байсан ба дээр нь нэлээд олон алтны компаниуд “нинжа” болсон билээ. Механикжсан “нинжа" төрсөн түүх ийм юм. “Урт нэрт” хууль зорилгодоо хүрэх нь буй хэл эсрэг үр дүн үр дагавар авчирсан билээ. Засгийн газрын тогтоол хэрэгжүүлж нөхөн сэргээлтээ хийсэн компаниуд одоо болтол нөхөх олговроо аваагүй байгаагаас гадна олборлож болох нөөцтэй талбайтай компаниуд нь олборлох гэхээр гэмт хэрэгтэн болчих гээд байгаа тул “бухын д...г харсан үнэг турж үхдэг”-н үлгэртэй адилхан байдалд орчихоод байна.
Эрх зүйн талаас авч үзвэл “урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2009 оны 12 дугаар сарын 15- нд ) болон Засгийн газрын тогтоолын хугацаа 2009 оны 12 дугаар сард) аль хэдийнэ дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа парадокс үүсчихээд байна. Хууль хэрэгжүүлэх боломжгүй байгаа дараах хоёр үндсэн бодит нөхцөл байдал одоо нэгэнт тодорхой болсоныг бүгд ойлгож шийдэл, гарцыг төр иргэний нийгэм хувийн хэвшил зөвшилцөж хамтдаа олох цаг нэгэнт болжээ.
Нэгд одоо хүртэл хууль хэрэгжүүлэх хамгаалалтын бүсийн хилийн зааг ялангуяа усны энгийн хамгаалалтын бүсийн заагийг зөв бодитой тогтоож чадаагүй ба дуусаагүй байдал, хоёрт улсын төсвөөс тусгай зөвшөөрөл цуцалсаны нөхөх олговор олгох ямар ч бололцоо байхгүй байгаа байдал юм.
Аргаа барсан хэсэг нь буу бариад төрийн ордныхоо хашаанд орж ирэн буудаад явж байхав даа. Ийм балай хууль санаачилсан, баталсан их хурлын гишүүд уул уурхайн салбарын нэг дэд салбар болох алтны салбарыг бараг алга болгосныхоо төлөө, иргэдийг хагаралдуулж зөрчилд хүргэснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй учир хувийн хэвшлийнхэн эд хөрөнгөөрөө, иргэний нийгмийнхэн эрх чөлөөгөөрөө хохироод явж байх шив дээ. Ер нь иймэрхүү хуулийг санаачлагчдын нэрээр нь нэрлэж алдаршуулж баймаар юм шиг байна. Тэгээд цаг хугацаа шүүнэ биз.