Гацууртын ордын гэрээг Оюунтолгойн хувилбар гэв
УИХ-ын хурлын Лхагва гаригийн чуулганаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдогбөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг аж. Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь алтны харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөх боломжтой, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн,нийтдээ 75 тонн алт, 27 тонн хүдрийн нөөцтэй аж.
Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлоод дууссан агаад нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм байна.
Ингээд гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
Энэ Гацууртын ордыг ухах гэж байгаа “Сентерра гоулд Монголиа” ХХК-ны захирал нэг телевизэд өгсөн бичлэг байсан. Сэтгүүлч “ Та нэгэнт урт нэртэй хуулинд орчихсон учраас техник тоног төхөөрөмж, баазаа татах хэрэгтэй юм биш үү” гэж асуухад “Би улстөрчдийг лоббидож байгаа, болгоно ухнаа гэж хэлсэн. Үнэхээр энэ хүн бол санасандаа хүрч байна. Лоббигоо ч хүчтэй явуулдаг юм байна. Өнгөрсөн нэг сарын 23-нд төсвийн тодотголын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байхад гэнэтхэн хулгайгаар оруулж ирж чадаж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д ордыг эзэмшигчийн тухай ордод оруулсан байгаа. “Сентерра гоулд Монголиа” компанийн гацууртын ордод яг хичнээн хэмжээний хөрөнгө оруулсан бэ гэдгийг ам.доллар төгрөгөөр хэлээд өгөөч. Мөн тогтоолын төслийн нэгт заасан байгаа гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоосугай гэж байна. Хамтарсан компани байгуулах ажил яг ямар шатандаа явж байна вэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Шударга ёс эвслийн бүлгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж завсарлага авахыг хүсэж байна. Гацууртын ордыг урт нэртэй хуулиас гаргасан. Төрийн эзэмшлийн хувийг бууруулж оруулж ирж байгаа нь өнөөдрийн засгийн газрын баримталж буй нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарахуйц хэмжээний ийм асуудал болж харагдахгүй байна. Ийм учраас эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авч байна.
Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ төслөөр Гацууртын ордыг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргах, мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулахаар оруулж ирсэн тул асуудлыг дахин нягталж нэг мөр ойлголттой болох үүднээс уг тогтоолын төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг ёсоор болгов.