МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт
2015.02.10

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Дараа нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тус намын бүлэгт иргэдээс олон захидал, санал ирсэн тул асуудлыг судлан үзэж нэмж тодруулах шаардлагын үүднээс эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа.

Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нэр бүхий гишүүдээс гаргасан огцруулах саналтай холбогдуулан хэлэхдээ, “Шударга ёс” эвслийн бүлгийг завсарлага авч байгаад харамсаж байна. Огцруулах санал өргөн барьсан хоёр хоногийн хугацаанд хувь хүн, хувь улстөрчийн, Засгийн газрын, УИХ-ын нэр хүндийг гутаах хангалттай пиар хийлээ.

Тиймээс би УИХ-ын Ёс зүйн дэд хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. Төсвийн байнгын хорооноос бичиг шаардсаны дагуу Хөгжлийн банк Сангийн яаманд бичгээ ирүүлсэн. Сангийн яам энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичгээ ирүүлсэн. Тэр бичгийг нь би дамжуулсан.

Энэ бол өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан, холбогдох бичиг баримт нь бүрдсэн зүйл. Та бүхэн асуудалд төрийн түшээгийн байр сууринаас хандах хэрэгтэй. Хэрвээ судлах шаардлагатай гэж үзэж байгаа бол асуудлаа татаж ав” гэлээ.

Ингээд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслөөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авснаар Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.