Б.Наранбат: Чанаргүй зам барьдаг шалтгаан гээндээ ч бий, гоондоо ч бий
Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал Б.Наранбат
2015.02.03

Б.Наранбат: Чанаргүй зам барьдаг шалтгаан гээндээ ч бий, гоондоо ч бий

Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал Б.Наранбаттай ярилцлаа.

- Сүүлийн 10 гаруй жил Монголд авто замын салбар эрчимжиж нэлээдгүй хөрөнгө зарцуулсан. Үүнтэй зэрэгцээд авто замын судалгаа шинжилгээг хангалттай хийж байна уу?

 “Авто замын салбарын баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан” гэж байдаг. Энэхүү сангаас авто замын судалгаа шинжилгээ, стандарт норм, дүрэм боловсруулах ажлыг тодорхой хэмжээнд санхүүжүүлдэг. Гэхдээ олон км замтай болсон мөртөө судалгаанд зориулж буй мөнгө чамлалттай. 

Мянганы замын төслөөр төсвөөс болон гадны зээл тусламжаар орж ирсэн мөнгийг бараг тэр чигээр зөвхөн зам барихад зарцуулсан. Уг нь зарчмаараа зам барихын хажуугаар авто замд хийгдэх судалгаа шинжилгээ, норм стандарт боловсруулах ажилдаа ч хөрөнгө хаяж байх ёстой. 

- Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд яг ямар зам тохирох талаар хийсэн суурь судалгаа байдаг уу?

Замын чанартай холбоотой маргаан багагүй гардаг. Замын чанар олон зүйлээс  хамааралтай. Зарим нэг нь гүйцэтгэгч компаниуд буруутай гэхэд зарим нь хяналт муу байна гэдэг. Зарим нь стандарт, норм дүрэм нь болохгүй байна гэдэг. Түүнчлэн замыг байх ёстой дүрмээр нь хийхгүй хэтэрхий хямдхан өртөгөөр хийж халтуурдаж байна гэдэг. Хамгийн бага үнэ санал болгосон гүйцэтгэгчийг сонгодог  тендерт учир байна гэж үздэг хүмүүс бий. Өөрөөр хэлбэл тухайн компани бодит амьдрал дээр хүрэлцэхгүй төсөвтэй байж хэтэрхий их хэмжээний ажил авч эцэст нь мөнгөнд нь тааруулсан ажил хийдэг гэсэн үг. Засвар арчлалтад ч бас асуудал бий. Тэгэхээр гээндээ ч бий, гоондоо ч бий. 

Өнөөдөр бид авто зам барихдаа цементээр бэхжүүлсэн суурь тавьж байна. Энэхүү технологийг Монголын нөхцөлд тохирохгүй гэж үздэг хүмүүс олон.

Технологийн дараагийн шат нь бетонон суурь. Бетонон суурийг дэлхийн хөгжингүй орнуудад ашиглаж байна. Хятад, Монголын зам нь энгийн хүний нүдээр харахад адилхан боловч мэргэжлийн хүний хувьд харьцуулашгүй зүйлс. Хэрэв бид бетонон суурь тавьдаг болъё гэвэл маш их хөрөнгө шаардана. Манай улсын хувьд хэтэрхий ахадсан өртөгтэй.

Бетонон суурь хэтэрхий үнэтэй учраас одоо ашиглаж  буй цементээр бэхжүүлсэн сууриа хэрхэн сайжруулж, эдэлгээг нь уртасгах вэ гэдэг дээр суурь судалгаанууд хийгддэг. Харамсалтай нь судалгаанд зориулж буй хөрөнгө мөнгө хангалтгүй. Гэхдээ эдгээр судалгаанаас бетонон суурьтай эн тэнцэх үр дүнг хүлээх нь утгагүй.

- Тэгвэл манайхтай төстэй Оросын Сибирийн замуудыг ямар технологиор барьдаг талаар мэдээлэл байна уу?

Бетон, цементээр бэхжүүлсэн суурийн аль аль нь бий. Гэхдээ Сибирьт тавьсан цементээр бэхжүүлсэн суурьтай зам манай замаас илүү чанартай гэсэн баталгаа хаана ч байхгүй.  Тэгэхээр тэнд манайхтай адилхан бэрхшээл гардаг гэж болно.

- Дэлхий дахинд авто замын хяналтын тогтолцооны ямар жишиг байдаг вэ? Манай оронд хяналт хангалттай байж чадаж байна уу?

Зөвхөн авто зам ч биш нийт дэд бүтцийн бүтээн байгуулалтад хяналтын тогтолцоо байдаг. Үндсэн субъектууд нь захиалагч, зөвлөх үйлчилгээ өгдөг байгууллага, гүйцэтгэгч. Зөвлөгч байгууллага нь захиалагчийн нэрийн өмнөөс өдөр тутмын хяналтаа тавиад явдаг, хариуцлагыг нь үүрдэг. Дэлхийн жишиг ийм байдаг. Манай орны хувьд захиалагч нь өөрөө хянадаг тогтолцоотой байсаар ирсэн. Гэвч энэ нь оновчтой биш гэдгийг аль аль тал нь ойлгоод эхэллээ. Гэхдээ зөвлөх байгууллагатай холбоотой харилцааны эрх зүйн зохицуулалт төлөвшиж чадаагүй.

- Замын компаниудын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

Нэг хэсэг нь замаа тавих, нөгөө нь гүүр барих гэх мэтээр төрөлжиж байна. Гэхдээ үүнээс ч илүү деталчилж төрөлжих хэрэгтэй байна. Зам барихад олон ажил хийгддэг. Газар ухна, буцаагаад дүүргэнэ, хиймэл байгууламжийн ажлууд хийгдэнэ, асфальтаар хучна, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэх мэт. Энэ бүгдийг тус бүрт нь нэг нэг компани хийгээд явбал цаашид тухайн компани хөгжиж, чанарын үзүүлэлтүүд сайжирна.

Харин нэг компани бүх ажлаа хийхээр зардал ч их гарна, гарах үр дүн ч санасанд хүрэхгүй. Тэр компанид олон төрлийн техник, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй болно. Бүх ажлыг нь хийчихлээ гэхэд маргааш ахиад ажил олдох уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Тэгээд ч олон төрлийн ажил хийсэн хүн тэр зах зээлд үлдэх нь ховор байдаг.

- Компаниуд төрөлжөөд явахад боловсон хүчин ямар түвшинд байна вэ? 

Боловсон хүчин гэхээр голдуу инженерүүдийн тухай ярьдаг. Гэхдээ авто замын салбарт шаардлагатай мэргэшсэн ажилтнуудын талаар яримаар байна. Өөрөөр хэлбэл мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид. Нэг хэсэг инженерийн хомсдолтой байсан бол одоо тооны хувьд хангалттай. Гэхдээ инженерүүдийн чанарын тал дээр анхаарах зүйл бий. Тэдний чадварыг сайжруулахын тулд бэлтгэдэг сургуулиудтайгаа нягт холбоотой ажилладаг баймаар байна.  Өөрөөр хэлбэл инженер бэлтгэх ажил тогтмол байх хэрэгтэй.

Мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төрөөс багагүй анхаарч байгаа ч авто замын салбарт үр дүн нь хараахан гараагүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцолмоор байна. Авто замын салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудаа тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тогтвортой ажилладаггүй учраас чадварждаггүй.  Авто замын салбарын боловсон хүчний тоо маш савалгаатай байдаг.