Ж.Батсуурь: Боломжийн нөхцөлтэй зээл авахад буруудахгүй
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.01.23

Ж.Батсуурь: Боломжийн нөхцөлтэй зээл авахад буруудахгүй

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Шатахууны татварыг нэмэх шийдвэрийг Төсвийн байнгын хороо гаргалаа. Тэгэхээр бензиний үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?

Шатахуун импортлогч компаниуд гаднаас өндөр үнээр нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг учраас нэг хэсэгтээ татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түр хугацаанд татвар огт аваагүй юм. Харин эдийн засаг хүндэрсэн ийм цагт татвараа авах нь зөв шүү дээ. Энд цоо шинэ татвар гаргаж ирсэн зүйл байхгүй.

Шатахуун гаднаас оруулж ирэхэд үнэтэй байна гэдэг ч компаниуд тодорхой хэмжээний ашгаа нэмээд иргэддээ зарж байгаа. Монголчууд шатахууныг чамгүй үнэтэй хэрэглэж байгаа шүү дээ. Адилхан л бизнесийн үйл ажиллагаа учраас нэгийг нь татвараас чөлөөлөөд нөгөөгөөс нь татвар авна гэдэг зохимжгүй. Тэгэхээр энэ шийдвэрийг би хувьдаа дэмжиж байгаа.

Түүнээс гадна валютын ханшаас өгсүүлээд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлт үзүүлж байсан. Гадуур ам.долларын ханш 1700-1800- тай байхад зарим компани 1400 ам.доллараар тооцож зээлээ төлөх тусгай эрх эдэлж байсан. Шатахууны бизнес эрхэлдэг болохоор бүх төрлийн татварын хөнгөлөлт эдэлж, үлдсэн нь өөрийнхөө чадлаар зүтгэж болохгүй.

-“Өмнө нь хэмнэлт хийх нэрийдлээр төсвийг нэлээд хумьсан байсан. Үүнийг задаллаа” гэж гишүүд ярьж байна. Та төсвийг хэт хумьж болохгүй гэсэн байр суурьтай байсан шүү дээ.

Төсвийг хэт хумихгүй байх. Хөрөнгө оруулалтыг бүхэлд нь царцаахгүй байх бодлого барих хэрэгтэй гэдэг өөрийн байр сууриа би бүлгийн хуралдаан дээр илэрхийлсэн. Хэрвээ төсвийг хумьж, хөрөнгө оруулалтыг зогсоох юм бол ард түмний амьдрал улам хүндэрнэ. Ер нь онолын хувьд эдийн засгийг зээл, тусламжаар сэргээдэг. Өрийн хязгаар гэдэг харьцуулсан үзүүлэлт.

Үүнийг хуульчилж өгчихөөд заавал баримтлах ёстой гээд зүтгээд байх нь тийм ч тохиромжтой зүйл биш. Зөвлөмжийн үзүүлэлт байж болно. Зарим улстөрч мэдэмхийрээд өрийн хязгаарыг яасан ч нэмэг- дүүлж болохгүй гэж байна.

Би эдийн засагч хүний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг. Зээл авч болохгүй гэж улстөрчид хэлэхээсээ илүүтэй цаад зээл олгодог байгууллагууд нь өөрсдөө судална шүү дээ. Хэрвээ бид олж чадах юм бол урт хугацааны хүү багатай зээлийг авах ёстой. Тэгж байж энэ бүтээн байгуулалтууд урагшилна.

-Хятадын "Синхуа” агентлагаас Монголын эдийн засаг 2017 онд бүрэн дампуурна гэсэн агуулгатай мэдээлэл цацсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Засгийн газартаа ажиллах нөөц боломжийг олгомоор байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулах гээд Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг сайн дэмжих ёстой. Засгийн газраас нэг төсөл оруулж иртэл УИХ-ын гишүүд өөрчилсөөр танигдахын аргагүй болгодог. Тэгэхээр Засгийн газар бодлогоо тодорхойлж түүндээ баттай зогсох хэрэгтэй.

Бид уржигдар Германы Элчин сайдтай уулзсан. Тэрбээр Сангийн сайд гэж маш их эрх мэдэлтэй хүн байдаг тухай ярьж байна лээ. Манай УИХ, Засгийн газрыг хараад тэгж хэлсэн байх л даа. Гадаадынханд буруу ойлголт төрүүлэх мэдээллийг бодлого тодорхойлогчид яриад байхаар гадныхан итгэлгүй яах билээ.

Эх сурвалж гээд нэг гишүүний ярилцлагаас оруулчих юм бол улам итгэл үнэмшилтэй харагдана. Хүн болгон “Манай улс өрийн дарамтад орлоо", "Эдийн засгийн байдал ирэх жилүүдэд улам хэцүүдэх нь” гэж яриад байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд олон нийтэд өгч буй мэдээллээ маш тодорхой баримтад тулгуурлаж өгөх ёстой.

-Тавантолгойн хэлэлцээр, Гацууртын ордын талаар яг одоо ид хэлэлцэж байна. Уул уурхайн томоохон теслүүд эдийн засагт эерэг нөлөө авчрах болов уу?

Эдийн засгийг цаг хугацааны хүчин зүйлээр тодорхойлдог. Гэтэл зарим гишүүн нь Гацууртын ордыг ашиглах нь зөв, буруу гээд ярьж байна. Цаг алдах тусмаа аливаа зүйл үнэ цэнээ алддаг. Монголбанкны ажилтай танилцахад "Тавантолгой, Гацууртын асуудал цаашид хэрхэхийг нь мэдэхгүй байж мөнгөний бодлогоо тодорхойлоход хэцүү” гэж байсан.