Ц.Жанчив: Суурь болон хэрэглээний шинжлэх ухааныг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Ц.Жанчив
2015.01.06

Ц.Жанчив: Суурь болон хэрэглээний шинжлэх ухааныг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Ц.Жанчивтай ярилцлаа.

- Монголд шинжлэх ухааныг ямар зарчмаар хөгжүүлвэл дээр вэ?

Өнөөдөр шинжлэх ухааныг суурь болон хэрэглээний гэж ангилаад байгаа. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой ангилал биш. Яагаад гэвэл шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрч буй тэр хэсэг бол шинжлэх ухааны судалгааны үр дүн төдий. Өнөөгийн эрх баригчид голдуу хэрэглээний шинжлэх ухааны тухай ярьж, энэ чиглэлийг түлхүү хөгжүүлэхийг шаарддаг. Гэтэл хэрэглээний шинжлэх ухаан маань суурь судалгаагүй бол ганц, хоёрхон жилийн богинохон настай байдаг. Хэрэв зөвхөн хэрэглээний талыг бариад, туйлшраад байвал эцэстээ шинжлэх ухаан ч үгүй болох магадлал бий.

Хөгжингүй орнуудад шинжлэх ухааны дээрх хоёр чиглэлийг янз янзаар хөгжүүлдэг. Тухайлбал би Японы олон сургууль, хүрээлэнгээр орж үзсэн. Том үйлдвэрүүд нь дэргэдээ хүрээлэн ажиллуулдаг. Сүүний үйлдвэр л гэхэд үйлдвэрээсээ том хүрээлэнтэй. Цууны үйлдвэр л гэхэд дэргэдээ тэр цууны чанарыг сайжруулж байх зорилготой зөвхөн цуу судалдаг хүрээлэн байх жишээтэй. Энэ бол хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүүлж буй, судалгааных нь үр дүнг эдийн засагт ашиглаж буй тод жишээ. Харин Мишимо хотод байдаг Үндэсний генетикийн хүрээлэн үйлдвэрлэлтэй ямар ч холбоогүй ажилладаг бөгөөд тэнд зөвхөн генетикийн суурь судалгааг хийдэг. Түүнээс гадна Засгийн газрын даалгавраар Японы цагаан будааны сортыг дэлхийд нэг номер байлгах үүрэгтэй ажилладаг хүрээлэн ч байна.

Хөгжингүй орнуудын хүрээлэнгүүд нь их сургуулийнхаа дэргэд байдаг гэж манайхан боддог. Байх нь байдаг. Гэхдээ тэдгээр хүрээлэн сургуультай ямар нэгэн хамааралгүй ажилладаг. Санхүүжилтээ өөрсдөө төслийн шугамаар олж авдаг. Харин хүрээлэнд ажилладаг эрдэмтэд тэр их сургуульдаа багшилдаг. Ерөнхийдөө хөгжингүй орнуудад шинжлэх ухааны хүрээлэн их сургуулийн дэргэд, тусдаа, үйлдвэрийн дэргэд гэх мэтээр олон хэлбэрээр ажилладаг.

Түүнчлэн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд яамны сайд нь мэргэжлийн хүн байх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн хэлсэн санааг би дэмждэг. Өмнөх засгийн газрын үед боловсрол, шинжлэх ухааны салбарыг дипломат мэргэжилтэй хүн удирдлаа шүү дээ.

Тэгэхээр би суурь болон хэрэглээний шинжлэх ухааныг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Хэрэглээний шинжлэх ухаан гэдэг бол шинийг санаачлах гэдэгтэй утга нэг. Харин жинхэнэ шинжлэх ухаан гэдэг бол өөр зүйл. Өнөөдөр суурь судалгаанд нийт төсвийн 25 хувийг зарцуулж байна. Үүнийг би боломжийн гэж бодож байгаа.

- ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хувьд ямар судалгаануудыг хийдэг вэ? Эдгээр судалгааны ач холбогдол нь юу вэ?

Манай хүрээлэн Монгол орны биологийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлд судалгаа хийдэг. Хамгийн сайн хамгаална гэдэг хамгийн зөв замаар ашиглахыг хэлдэг. Аль нэг амьтныг хэтэрхий үржүүлээд ашиглахгүй байвал хамгаалалт болж чаддаггүй.

Биологийн шинжлэх ухаан амьдралын процессыг таван үе шатад хувааж судалдаг. Энэ нь зүйлийн түвшин, популяцийн түвшин, бодьгалын түвшин, эсийн түвшин, молекулын түвшин юм.

Зах зээлд шилжсэнээр харамсалтай нь бид байгальтайгаа дайн зарласан.

Манай хүрээлэнгийн үндсэн чиглэл бол суурь судалгаа. Гэхдээ шууд практик өгөөжөө өгдөг судалгаа хийдэг багахан хэсэг бий. Социализмын үед Биологийн хүрээлэн амьтны аймгийн судалгааг хийхдээ жил болгоны төлөвлөгөөний дагуу жил бүрийн агнуурын нөөцийн хэмжээг тодорхойлж өгдөг байсан. Харин зах зээлд шилжсэнээр харамсалтай нь бид байгальтайгаа дайн зарласан.

Түүнчлэн микробиологийн судалгааны үр дүнд үйлдвэрлэлийн төрөл бүрийн бүтээгдэхүүн гардаг. Бид 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан. Гэхдээ нэг зовлонтой тал нь  манайд үйлдвэрлэл бараг хөгжөөгүй. Харин сүүлийн үед зарим алсын хараатай бизнесменүүд үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлж байна.

Гадаадын технологийг эх орондоо нутагшуулна гэдгийг би дэмждэг. Гэхдээ дотоодын бүтээгдэхүүнээ боловсруулах технологийг бид өөрсдөө хийх ёстой. Гадныхан үйлдвэрлэлийн технологио тэр чигт өгнө гэж байдаггүй.

Тэрнээс гадна орчин үеийн судалгаа, өндөр технологийг шууд ашиглах үйлдвэрлэлийн дэд бүтэц Монголд алга. Хийсэн судалгааг цаг нь ирэх болтол хадгалахаас өөр замгүй. 

- Монголын эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаантай ямар замаар холбогддог вэ?

Судалгааны үр дүн дэлхийн том том шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж байвал сайн. Жилд манай хүрээлэнгийн судалгааны 40 орчим хувь нь ийм сэтгүүлд хэвлэгддэг. Мөн Монголд хийгдсэн 30 гаруй генетикийн судалгаа үр дүн АНУ-д байдаг Генбанканд бүртгэгдчихсан байгаа. Голдуу дэлхийд ховордсон хавтгай, гэрийн тэжээмэл амьтдын генийн бүтцүүд байгаа. Энэ бол том үзүүлэлт.

- Их сургуулиудыг сургалтын төдийгүй, судалгааны байгууллага болгоно гэж яриад байгаа. Энэ талаар та юу бодож байна вэ?

Энэ бол зөв. Гэхдээ багш нарын хичээл заах цагийн ачааллыг багасгах хэрэгтэй. Өдрийн зургаан цаг хичээл заасан хүн судалгаа хийх боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт судалгааны бүтэц байгуулахын тулд тухайн сургуулийн лабораторийн материаллаг баазыг нь хангаж өгөх хэрэгтэй. Миний бодлоор ШУТИС ийм замаар явж эхэлж байна. Намайг 30 жил МУИС-д багшлахад ямар ч материаллаг бааз байгаагүй.

- Харин хөгжингүй орнуудад их сургуулийн дэргэдэх хүрээлэн ямар зарчмаар ажилладаг юм бол?

Германы Гейтёнгийн Их сургуулийн дэргэдэх хүрээлэнг аваад үзье. Тэнд 40 орчим хүрээлэн ажиллаж байна. Хэдийгээр харъяалалд нь байдаг ч эдгээр хүрээлэнгийн ажилд их сургууль хошуу дүрдэггүй. Хүрээлэнгийн захирал, лабораторийн эрхлэгч хоёр төслөө бичээд, мөнгө олоод явдаг. Мөнгөө хэрхэн зарцуулах нь сургуульд хамаагүй. Тэр байтугай судалгааны үр дүнгээ ч сургуульд тайлагнах албагүй. Харин хүрээлэнгийн эрдэмтэд их сургуульдаа хичээл заадаг. Ингэснээр оюутнууд хамгийн сүүлийн үеийн судалгааны үр шимээс хүртэж байдаг. Багш нарын хувьд тухайн шинжлэх ухааны ерөнхий чиглэлд хөтөлж явдаг. Суралцагчид магистр, докторантурын зэрэгт очихоороо хүрээлэнгүүдэд судалгаа хийдэг. Ийм л зарчимтай.

- БШУ-ы сайд маань ШУА зах зээлийн зарчмаар ажиллаж, төсөл бичиж санхүүгээ бүрдүүлэх хэрэгтэй гэж ярьж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Ерөнхийдөө их сургууль, хүрээлэнгийн захирал юун түрүүнд сайн менежер байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гадаад орны жишгээр бодсон ч хүрээлэнгийн захирал, төслийн удирдагч мөнгө олдог. Тиймдээ ч би салбарын сайд нь мэргэжлийн хүн байх ёстой гэж хэлээд байна. Гэхдээ шинжлэх ухаанаас үргэлж менежмент шаардаад байж болохгүй.

- Шинжлэх ухааныг хөгжүүлэх арга зам зөвхөн та бид хоёрын сая ярьсан зүйлээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Өөр ямар хүчин зүйлс байдаг вэ?

Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт боловсон хүчнээ сайтар бэлдэх. Мэдлэгтэй хүмүүсгүйгээр шинжлэх ухаан, шинжлэх ухаангүйгээр улс орон хөгжихгүй. Хөрсөндөө нэг ч грам алтгүй Япон улс хэрхэн хөгжсөнийг хар. Хоёрдугаарт мэдээж шинжлэх ухаанд зориулдаг хөрөнгө оруулалтыг ихэсгэх. Манайх ер нь шинжлэх ухаандаа тун харам байдаг. Эрдмийн ажил хийдэг хүнд цалинг нь боломжийн тавьж өгөх хэрэгтэй. Социализмын үед цалин боломжийн байсан учир чадварлаг хүмүүс ШУА-д олноор ажиллаж маш түргэн хугацаанд босч ирсэн шүү дээ.