Бүх салбарын бодлогын үндэс суурь нь хүн амын хөгжлийн цогц бодлого юм
УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн чуулганаар “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын анхны хэлэлцүүлгийг хийж, цаашид хэлэлцүүлэхээр шийдсэн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ын анхны хэлэлцүүлгийг хийж, цаашид хэлэлцэхээр тогтлоо. Та төслийн зорилгыг таниулна уу?
Энэхүү бодлогын зорилго нь Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршиж байна. Бодлогоор хүн амын хөгжлийн асуудлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбон цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байгаа юм.
Ер нь хүн амын бодлого гэж ямар бодлого байдаг юм бэ? Хүн амын хөгжил, хүний хөгжлийн ялгаа нь юу вэ?
Товчхондоо, хүн амын бодлого нь тухайн улсын хүн ам зүйн / төрөлт, нас баралт, гадаад дотоод шилжих хөдөлгөөн/ хувьд тулгараад байгаа нөхцөл байдал, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн байдал хоорондын харилцаа холбоон дээр тулгуурлана.
Бодлого нь тодорхой хугацаанд шийдвэл зохих хүн амын тулгамдсан асуудлуудыг янз бүрийн бодлогын арга хэмжээний нөлөөгөөр өөрчлөх/шийдэх оролдлогуудыг тодорхойлдог. Хүн амын бодлогын нийтлэг зорилго нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын төлөв байдал, хандлага, хэв маягийн өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдал буюу амьдралын чанарыг дээшлүүлэх явдал байдаг.
Таны асуусан хүний хөгжил, хүн амын хөгжлийн ялгааг гаргахыг хичээвэл хүний хөгжил нь хүн бодит эрх чөлөөгөө эдлэх боломжийг бий болгох, өргөжүүлэх тухай ойлголт бөгөөд ХХИ-ийг дэлхийн хэмжээнд тооцдог нь улс орнуудын хүний хөгжлийг цөөхөн хэдэн- гэхдээ гол үзүүлэлт /орлого, боловсрол, эрүүл мэнд/-ээр гаргаж, харьцуулах боломжийг олгодог. Хүн амын хөгжлийг бидний тодорхойлсон бодлогын хүрээнд ойлгож болно.
Бодлогыг боловсруулсан гол шаардлага нь юу байв?
2004 онд батлагдсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хугацаа энэ онд дуусч байгаа. Тэгэхээр бодлогын залгамж байдлыг үндэслэн боловсруулах шаардлагатай болсон.
Ингэхдээ 2004 оноос хойш батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008) зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж байгаа. 2004 онд бодлогод хийсэн дүн шинжилгээ болон хүн амын асуудлаарх зарим судалгааны үр дүнгүүд ч бодлогыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байдаг. Манай улсын хүн амын зүйн байдал ч өөрчлөгдсөн.
-Хүн ам зүй, хүн амын талаас манай улсад ойрын ирээдүйд ямар асуудлууд тулгарах вэ?
Монгол Улсын хүн амын насны бүтэц нилээд өөрчлөгдөж, нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь бусад насны бүлгийнхнээс их байгаа нь манай улсад хүн ам зүйн цонх үе тохиож буйг харуулж байна. 2012 оноос хойш ахмад настны тоо байнга өсч байгаатай холбоотойгоор манай улсад хүн амын насжилт хурдацтай нүүрлэх нь тодорхой байна. Бусад өөрчлөлтүүдэд шилжих хөдөлгөөн ихэссэн, ялангуяа хот тэмүүлсэн шилжих хөдөлгөөн нэмэгдсэн, мөн хүнийг хөгжүүлэх, чадамжтай болгох, амьдралын түвшинг нь сайжруулах шаардлага ч байна.
-Шинэчлэн боловсруулсан бодлогын төслийн талаар танилцуулна уу?
Өнөөдөр манай улс хүн ам зүйн цонх үе дээрээ байгаа тул хөдөлмөрийн насны хүн ам, нөхөн үржихүйн насны хүн амын их нөөц байна. Төрөлт нэмэгдэх магадлал өндөр байна. Иймд, хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоор төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал манай улсын хүн амын өсөлт тогтворжиж, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах боломжтой болох юм (БТЧ 1).
Төрөлтийг дагаж хүүхэд, залуучуудын тоо өснө. Тэдний боловсрол, соёлын хэрэгцээг ханган хөгжүүлснээр бүтээлж, чадамжтай хүнийг нөөцийг бий болгох (БТЧ 2), хөдөлмөрийн насны хүн амыг хөдөлмөр эрхлэлтээр хангаж, амьдралаа авч авах чадамжтай болгох (БТЧ 3), насжилт нүүрлэж эхлэхтэй холбогдуулан эрүүл насжилтад бэлтгэх (БТЧ 4), эцэст нь иргэн бүрийг эх орондоо эрүүл, аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулах (БТЧ 5) –ыг зорьж байна.
Энэ өргөн хүрээний бодлогын хамрах асуудлын хүрээг хэрхэн тодорхойлсон вэ?
Бид бүх яамд, орон нутаг, төр, олон нийтийн байгууллагууд, иргэд,эрдэмтэн, судлаачдын өргөн төлөөллийг оролцуулсан 77 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан. Түүнчлэн яамнаас хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн үнэ цэнэ, нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл зэрэг асуудлаар нийт 8 үндэсний чуулган, мөн эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон ТББ-тай уулзалтуудыг зохион байгуулж, олон. Нийтийн санал зөвлөмжийг авч ажилласан. Мөн бодлогын төслийг Ерөнхийлөгчийн иргэний танхимаар хэлэлцүүлсэн.
Бид бодлогын асуудлыг нотолгоо судалгааг үндэслэсэн тодорхойлсон. Зарим судалгаа, шинжилгээг дурдвал, УИХ-ын Судалгааны төвийн хийсэн Монгол Улсын хүн ам зүйн бодлого ба хөгжлийн асуудал, нөлөөллийн хүчин зүйлс бодлогын судалгаа, дүн шинжилгээ (2011), Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого дахь хүн ам зүйн өөрчлөлтийн нөлөөллийг судлах судалгаа (2012), Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ (2012) зэрэг байна.
Эдгээр судалгаа шинжилгээ нь бодлогын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэж,, гадаад, дотоод шилжих хөдөлгөөний сөрөг нөлөө арилгах, хотжилт, насжилт эрчимжиж байгаа, хөдөлмөрийн насны хүн амыг шингэээх ажлын байр бий болгох явдал тулгамдсан асуудал болж байгааг тавьж, цаашид хүн ам зүйн урамшууллыг үеийг үр дүнтэй ашиглах, хүн амыг чадамжтай болгон хөгжүүлэх, гэр бүлийг дэмжих зэрэг олон асуудлыг гарган тавьсан байсныг анхаарсан.
Хүн ам зүйн цонх үе хаагдах ч юмуу, тодорхой хугацааны дараа ажиллах хүчний тоо буурвал яах вэ? Дотоодын ажиллах хүчний хэрэгцээг гаднаас хангах шаардлага гарах болов уу?
Хөдөлмөрийн насны хүн амын оргил өсөлтийн үе 2012 оноос буурч настай хүмүүсийн тоо өсч эхэлж байгаа. 2013 онд хөдөлмөрийн насны хүн ам нийт хүн амын 67 орчим хувь байгаа, энэ хувь хэмжээг 2025, 2040 онд хэвээр хадгална гэвэл 2025 онд ажиллах хүчинд 100,0 мян. гаруй хүн, 2040 онд 200,0 мян. хүнээр нэмж шаардлагатай байж магадгүй байна.
Гэхдээ манай улсад одоогоор ажиллах хүчний нөөц хангалттай байна, хөдөлмөрийн насныхан хөдөлмөр эрхлэлтээр бүрэн хангагдаж чадаагүй байна. Ажилгүйдэл 8-аас дээш хувьтай байгаа, гэтэл ажилгүйдэл 3 хувьтай байхыг ердийн гэж үздэг. Тэгээд ч энэ ажилгүйдлийн тооцоонд зөвхөн бүртгэлтэй хүмүүсийг хамруулдаг гэвэл одоогийн ажилгүй байгаа хүмүүсээ ажлаар хангахад л эдийн засгийн өсөлтийг хангах ажиллах хүчний нөөц нь манайд байж л байна.
Тиймээс ойрын арав хорин жилдээ ажиллах хүчний айхтар хомсдолд орохгүй байх. Үйлдвэрлэл их хөгжөөд бүтээн байгуулалтын ажил ихээр өрнөхөд гаднаас шаардлагатай нарийн мэргэжлийн ажиллах хүчин авах нь нээлттэй байдаг. Үүнийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг.
Хүүхэд гаргах, гаргахгүй, олон хүүхэд төрүүлэх нь хүний эрхийн асуудал биздээ. Гэтэл төрөлтийг дэмжих нь хүний эрхийг хангах асуудалтай хэрхэн уялдаж байна вэ?
Бид хүний эрхийг дээдлэх, ялангуяа охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бэлгийн эрхийг хүндэтгэх асуудлуудыг энэхүү бодлогын гол зарчим болгосон учир төрөлтийг нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавиагүй.
Угаасаа нөхөн үржихүйн насны хүн ам, ялангуяа ид төрөх насны эмэгтэйчүүдийн тоо одоогоор манай улсад бусад насны бүлгийн хүн амаас их байгаа учраас төрөлт аяндаа массаараа нэмэгдэнэ гэж үзсэн. Түүнээс тухайн эмэгтэй хүүхэд төрүүлэх, хэдэн хүүхэдтэй болох нь эмэгтэйн болон гэр бүлийн асуудал юм.
Гэр бүл, хүмүүс сонголт хийхэд таатай боломж нөхцөлийг бий болгосон байх зорилтыг л төрөөс тавьж байна. Монгол Улсын төрөөс хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь хүн ам багатай орны хувьд зүйн асуудал тул бид төрөлтийн таатай нөхцөлийг л бүрдүүлэхийг зорьж байна
Манай улсыг хүүхэд залуучуудын орон гэдэг, энэ бодлогоор тэдний асуудлыг хэр анхаарч байна?
Хүн амын 27 хувь нь хүүхдүүд, 38 хувь нь 15-35 хүртэл насны залуучууд байна. Тэдний боловсрол, хүмүүжил, хөгжил, хамгааллыг цогцоор нь анхаарна. Хүүхдийн талаар л гэхэд шийдэх тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал, сургуулийн өмнөх насны 250,0 орчим хүүхдийн 30 гаруй хувь нь өнөөдөр цэцэрлэгт хамрагдалгүй гэртээ байна.
Тэдгээр хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж болзошгүй аюул, омлоос хамгаалах шаардлагатай байна. Сургуулийн насны хүүхэд, залуучуудыг бүх талаар хөгжүүлж, албан боловсролоос гадна амьдралаа зөв авч явах, зөв ухамсар, ёс суртахуун, төлөвшилтэй болгоход анхаарч, нөхөн үржихүйн эрүүл мэнд, амьдрах ухаан, гэр бүл, тогтвортой хөгжлийн боловсролыг олгож, чадварлаг хүн болгож төлөвшүүлэхийг зорьж байна. Хүүхэд, залуучуудын асуудлаар тусдаа хөтөлбөрүүд гарах болно.
УИХ-ын нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр асуулт, санал хэлсэн гишүүдийн олонх нь шилжих хөдөлгөөний асуудлыг нилээд хөндлөө. Энэ асуудал танай бодлогод хэр тусгалаа олсон бэ?
Хүн амын бодлогын үндсэн үзүүлэлтийн нэг болох шилжих хөдөлгөөний асуудлыг асууж байгаад таатай байна. Энэ нь манай орны хувьд үнэхээрийн анхаарах асуудал учраас УИХ-ын гишүүд маань онцолсон гэж үзэж байна. 2013 оны байдлаар манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь байхад хотын хүн амын өсөлт 3.3 хувь байгаа нь хотын хүн амын өсөлт хамаагүй их байгааг харуулж байна.
Тодруулбал, нийт хүн амын 68.1 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа ба эдгээр хот сууринд амьдрагчдын бараг 70 хувь нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Хөдөө орон нутагт хүний амьдралын таатай орчин, ажлын байр байхгүй, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаагаас хүмүүс төв суурин газарлуу хошуурч байна.
Иймд, орон нутагт эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, ажлын байр бий болгох, нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, чанаржуулах, хүн амын хөдөөгөөс хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг багасгах үүднээс хүн амын хөдөөг чиглэсэн шилжих хөдөлгөөнийг бодитоор дэмжих бодлогын зорилтыг тусгаж байна.
Одоогоор манай улсын хүн ам хот, суурин газарт илүү төвлөрсөн ч бид нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон онцлог шинжтэй. Мал аж ахуй манай улсын уламжлалт эдийн засгийн салбар юм. Иймээс энэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Ер нь шилжих хөдөлгөөний асуудлыг нухацтай шийдэх шаардлагатай учраас ирэх онд бид шилжих хөдөлгөөний асуудлаар тусгайлсан хөтөлбөр боловсруулах зорилт тавьж байгаа. Малчдад чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг авна.
Бодлогын баримт бичгүүд их гардаг. Хэрэгжилт хангалтгүй байдаг талаар УИХ-ын гишүүд ч ярьж байсан. Бодлогын хэрэгжилтийн хангах асуудлыг анхаарсан уу?
Энэхүү бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулсан гэдгийг дахин хэлье. Ялангуяа үндэсний хөгжлийн цогц бодлого мянганы хөгжлийн цогц бодлоготой уялдуулсан. Хүн амын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бид бодлогын төслийн хамт нэгэн зэрэг боловсруулаад явж байгаа.
Төлөвлөгөөнд бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж өгч байгаа ба хэрэгжүүлэгч байгууллагуудыг тодорхой тусгана.
Эцэст нь хэлэхэд, энэхүү бодлого нь хүний эрхийг дээдэлсэн, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн алсын хараатай бодлого юм. Мөн бүх салбарын бодлогын үндэс суурь болохоороо онцлог юм. Энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан ажлын хэсэг бүхий яамд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөлдөө талархал илэрхийлье.