2025.05.22
С.Зулпхар: Энэ хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
Нийгмийн хамгааллын гэрээг одоогийн байдлаар 6 улстай байгуулсан байгаа. Казакстан улс бол 7 дахь улс, залгаад Австри орж ирэх байх. Монголчууд олноор оршин суудаг, амьдардаг, ажил хийдэг, суралцдаг улс орнуудад иргэдийн нийгмийн хамгааллыг хангах чиглэлээр энэ зорилтыг биелүүлэх чухал алхам болж байгаа юм. Өнгөрсөн хугацааны туршлага юуг харуулж байна гэхээр нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг хангах нөхцөл бүрддэг. Энэ хүрээнд тухайн оршин сууж байгаа улс үүрэг хүлээдэг учраас чухал, шинэ туршлага болж байгаа юм. Олон улсын түвшинд олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүн амын сан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж байгаа улс болон харилцан байгуулж байгаа улсуудыг талархан сайшаадаг. Яагаад гэвэл нийгэм, эдийн засгийн фактад аливаа улс өөрийнхөө нөхцөлд тохирсон нийгмийн хамгааллын нийгмийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байдаг. Үүнийг хэрэгжүүлэх маш ач холдогдолтой гэж үздэг.
2018 оноос хойш хэлэлцээрийг байгуулах хүрээнд үе үеийн сайд нар 18 удаагийн хэлэлцээрийн уулзалтыг хийж байсан. Энэ уулзалтаар нарийвчилсан байнгын асуудлуудыг ярьж байсан. Тухайлбал, нийгмийн даатгал төлсөн байдлаар тэтгэвэр хэрхэн тогтоох зэрэг аргачлалуудыг тооцсон. Үүний хүрээнд иргэд үйлчилгээгээ яаж авах зэргийг тооцсон нарийвчилсан судалгаа хийгдэж хоёр талын байгууллагууд ажилласан учраас чухал шийдвэр гаргах нөхцөл бүрэн хангагдсан гэдгийг хэлье. Ихэвчлэн Монгол Улсын хувьд ашигтай байдаг. Монгол улсын иргэд тухайн улсад ажиллаж амьдарч байгаа бол тухайн улсын нийгмийн даатгалын сангаар дамжуулж тэтгэвэр тэтгэмж авах нөхцөл бүрддэг. Манай талд илүү их ашигтай нөхцөл бүрддэг юм. Энэ хэлэлцээрийг соёрхон батлах энэ үйл ажиллагааг дэмжиж саналаа өгөөрэй гэж уриалж байна.

Сэтгүүлч