Х.Амгаланбаатар: Цомхотгол хийгээд хямралаас гарсан улс орон байхгүй
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид Засгийн газрын ажлын байрны цомхотгол, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг хасах байр суурийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн үндэсний хорооны зүгээс улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх албан бичгийг МҮЭХ-нд ирүүлсэн байна.
Энэ албан бичгийн дагуу МҮЭХ-ны Тэргүүлэгчид хуралдаж, хэлэлцээрт тусгах асуудал, хэлэлцээрийн бүрэлдэхүүнийг албан ёсоор тогтжээ.Тэд улс орны эдийн засгийн байдал хүнд байгаагаас шалтгаалж төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхийг дэмжиж байгаа ч ард түмний өдөр тутмын амьдрал руу орсон шийдвэр гаргахгүй байх тал дээр баттай зогсоно гэдгээ илэрхийлэв.
Мөн тэтгэвэр тэтгэмжийн 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 12 сар болтол нь бууруулахыг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж бэйлаа. Түүнчлэн энэ сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганаар Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн.
Засгийн газрын төрийн албан хаагчдыг цомхотгох, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг бууруулах зэрэг байр суурь нь жирийн иргэдийн амьдрал ахуйд нэн хүндрэлтэй тусах учир улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд эдгээр асуудлыг хэлэлцэх саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм байна.
Мөн дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны үнэ өдрөөс өдөрт буурч байгаа. Тиймээс шатахууны үнийг зах зээлийн зарчмаар бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар тодорхой арга хэмжээ авахыг санал болгож, мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас дараахь зүйлийг тодрууллаа.
Засгийн газар байр суурьтаа баттай зогсох байх. Хэлэлцээр хийлээ ч асуудлуудыг Засгийн газрын илэрхийлж буй байр сууриар шийдэхэд хүрвэл яах вэ?
-Хэлэлцээрийг гурван талын оролцоотой, асуудлыг олон талаас нь эдийн засгийн үндэслэлтэйгээр харж хийх ёстой. Хэрвээ хэлэлцээр МҮЭХ- ны санал болгож буй байр суурьнаас хэт хэлбийж шийдэгдвэл бидний хийх ёстой зүйл тодорхой байгаа. Нэгдүгээрт, хэлэлцээрийн нэг тал болох үүргээсээ манайх албан ёсоор татгалзах ёстой. Хоёрдугаарт, хамтын маргааныг эхлүүлэх ёстой.
Хамтын маргаан гэдэг нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд гишүүдийнхээ дэмжлэгийг авч, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хэлдэг. Хамтын маргааныг шүүхээр шийдүүлэх ёстой. Бидний байр сууриар асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Шинэ Засгийн газар шийдлийн, зөвшилцлийн, нийгмийн хэмжээнд тулгамдсан асуудалд гарц олох бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас гацаанд орохгүй болов уу
-Олон улсын жишээн дээр ажилчдаа цомхотгохгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах боломж байдаг уу. Үүн дээр судалгаа хийж байгаа юу?
-2013 оны есдүгээр сараас эхлэн олон судалгаа хийсэн. Зөвхөн Монгол Улс биш, дэлхийн олон улсад эдийн засгийн байдал төдийлөн сайн биш байгаа. Энэ улсуудын хэрэгжүүлж байгаа аргаас судлаад үзэхэд ажилтныхаа тоог цөөрүүлж, цалин орлогыг нь бууруулж байгаа улс орон бидний судалгаанд байхгүй.
Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байхад орлогын эх үүсвэрүүдийг танаад байвал иргэдийн бүс чангалах боломж бүр л байхгүй болно. Эдийн засгийн байдал хүнд байгааг бид ойлгож байна. Асуудлыг ил тод, тооцоо, судалгаатай хэлэлцээрийн хүрээнд шийдье. Нэг талын буюу Засгийн газрын давамгай байдлаар шийдэж болохгүй.