Г.Шийлэгдамба: Хугацаа бага учраас бүгдийг нь бус, чухлаас нь эхлэн шийднэ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2014.12.17

Г.Шийлэгдамба: Хугацаа бага учраас бүгдийг нь бус, чухлаас нь эхлэн шийднэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Сайдаар томилогдонгуутаа та эмнэлгүүдээр явж, өнөөгийн нөхцөлтэй нь танилцаж байгаа харагдсан. Эрүүл мэндийн салбар шинэ сайдаа тун хүндхэн байдалтайгаар угтаж авч байгаа биз?

-Энэ цаг үе бол амьсгалын замын өвчин эрчимтэй нэмэгддэг улирал учраас эмнэлгүүдийн ачаалал эрс ихэссэн байна. Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй байдал жил бүрийн өдийд нийгмийн анхаарлын төвд ордог. Гэвч томуу, томуу төст өвчний улирал дуусангуут үүнийг мартдаг. Ийм үед манай эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажилладаг тулдаа одоогоор ямар ч гэсэн асуудал хяналтаас гарчихаагүй байна.

Дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн тасагт ханиад томуунаас шалтгаалсан эндэгдэл гараагүй нь эмч, ажилтнуудын гавьяа. Миний хувьд эмнэлгүүдээр орж, ажил байдалтай нь танилцах гэхээсээ илүү асуудлыг газар дээр нь шийдэх зорилготойгоор ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргүүдээс УИХ-д сонгогдсон гишүүд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай хамт эмнэлгүүдээр орлоо.

Ханиад томууны улирал дуустал бид одоогийн нөөц бололцоогоо ашиглан ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг хэлэлцэж, адаглаад дүүргүүдийн эмнэлгийг яаж ийгээд орныхоо тоог нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Ингэснээр байдал арай дээрдэж байгаа гэж хэлж болно.

-Сүүлийн 30 гаруй жилийн турш манайд хүүхдийн эмнэлэг ганцыг ч  бариагүй. Эх, хүүхдийн эрүүл мэнд чухал гэж төрийн түшээд ярьдаг хэрнээ ажил хэрэг болгосон нь үгүй. Энэ тухай манай сонин өмнө нь олонтаа бичсэн. Харин шийдлийн Засгийн газар 150 ортой эмнэлэг байгуулах шийдвэр гаргасан нь биднээр дамжуулдаг ард түмний дуу хоолойг сонссон хэрэг байлаа. Үүнд таны үүрэг ч их байсан болов уу?

-Хүүхдийн эмнэлэг яаралтай байгуулах шаардлагатай байна гэдэг асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх нь миний үүрэг. Харин шийдлийн Засгийн газар, Ерөнхий сайд маань үүнийг нааштайгаар хүлээж авч, шуурхай шийдсэн нь эрүүл мэндийн салбарынхны хувьд баярлууштай хэрэг боллоо. Тиймээс одоо манай эмч, эмнэлгийн ажилтнууд илүү хариуцлагатай байж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй байна.

Цаашид ч Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулах болно. Зөвхөн хүүхдийн эмнэлэг шинээр барих асуудлыг ярихаас гадна хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч бэлтгэх хүний нөөцийн бодлого сүүлийн жилүүдэд суларсан. Тиймээс энэ чиглэлээр манай яам тодорхой бодлого боловсруулж, ажил хэрэг болгох болно. Өнөөдөр анагаахын чиглэлээр суралцаж байгаа болон төгсөж гарсан хүмүүсийн судалгаанаас харахад хүүхдийн эмч мэргэжлийг сонгох нь ховор байна.

Бас нэг чухал зүйл бол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр нэн түрүүнд тулгар ч байна. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгохын тулд өрхийн эмнэлгүүдийг бэхжүүлэх, эмч ажилтнуудынх нь мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ёстой. Тиймээс эхний ээлжинд хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг ч өрхийн эмнэлгүүдэд зөвлөхөөр ажиллуулах боломжийг судлахаар болсон.

-Хуучин ССАЖЯ-ны байранд хоёрдугаар сарын 1 гэхэд байгуулах шинэ эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг хаанаас бүрдүүлэх вэ?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан болоод зарим эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, энэ асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэсэн. 150 ортой энэ эмнэлэгт дор хаяж 30 эмч, 60 орчим сувилагч хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд ЭХЭМҮГ болон дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн нөөц боломжид тулгуурлан хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн татаж ажиллуулах юм.

Тэдгээр эмнэлэгт дадлагажигч эмч нарыг ажиллуулах зэргээр зохицуулалт хийж байна. Эдгээр дадлагажигч эмч нараа сургах, мөн хүүхдийн сувилагч, асрагч нарыг тодорхой хугацаанд бэлтгэх гээд шат дараатай ажлууд үргэлжилнэ. Ямар ч байсан дараа жилийн өдийд томуу, томуу төст өвчний улирал эхлэхэд нөхцөл байдал одоогийнхоос огт өөр болсон байх ёстой шүү гэдэг шаардлагыг би хүмүүст тавьж байгаа.

-Энэ эмнэлгийг байгуулахад хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?

-Нэн түрүүнд шаардлагатай засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж авахад зориулж 900 гаруй сая төгрөг төлөвлөсөн. Ерөнхий сайд энэ мөнгийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх үүргийг Сангийн сайдад өгсөн байгаа.

-Хүүхдийн эмнэлэг байгуулах болсонд иргэд баярлахын зэрэгцээ бас жил гаруйн хугацаанд шийдлийн Засгийн газар ажил хийсэн гэж харагдахын тулд нэр төдий юм хийгээд өнгөрчихгүй байгаа даа гэж болгоомжилж байж мэднэ. Эрүүл мэндийн салбарт өөрчлөх ёстой маш олон зүйл байгаа шүү дээ?

-Улсын хэмжээнд гурван шатлалын эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг дорвитой өөрчлөх шаардлага бий. Тухайлбал, бид хоёрдугаар шатных буюу дүүрэг, аймгуудын Нэгдсэн эмнэлгийг Хүүхдийн, Гэмтэл судлалын, Мэс заслын гэх мэт төрөлжсөн тасгуудтай болгохоор зорьж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Сонгинохайрхан дүүрэгт хоёрдугаар шатлалын загвар эмнэлгийн төсөл удахгүй хэрэгжүүлнэ.

 Нэг, хоёрдугаар шатлалын» эмнэлгүүдийг чадавхижуулснаар улсын томоохон эмнэлгийн ачаалал буурах юм. Ганц жишээ хэлэхэд, өнөөдөр манай ГССҮТ- ийнхөн ямар их ачаалалтай байдаг билээ. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг Гэмтлийн тасагтай болчихвол асуудал харьцангуй дээрдэнэ. Мөн ойрын хугацаанд бидний зорьж буй нэг томоохон ажил бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг зориулалтаар нь ашиглуулах.

Яг өнөөгийн нөхцөлд эмнэлгийн стандартад нийцсэн зориулалтын барилга шинээр барихад газрын асуудлаас эхлээд цаг хугацаа, хөрөнгө санхүү их шаардах учраас тэр сайхан бэлэн байрыг ашиглахаар ярьж байна. Дөнгөж сая бид яг энэ асуудлаар Ерөнхий сайдтай ярилцаад гарч ирлээ. Төрийн өмчийн хорооны дарга, дэд сайд хоёр маань сая Ажлын хэсгийнхэнтэйгээ хамт тэр эмнэлгийн байрыг үзэхээр явлаа.

Засгийн газрын X байрны нөхцөлөөс шалтгаалаад цаг хугацаа нь өөрчлөгдөж магадгүй байгаа учраас манай Ажлын хэсгийнхэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэг хэсэгт нь 150 ортой хүүхдийн эмнэлгээ байгуулъя гэдэг саналаа Ерөнхий сайдад сая хэлсэн. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Энэ мэтчилэн бид өдөр тутамдаа тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна.

-Нийслэлийн ИТХ ирэх оны төсвийг батлахдаа хүүхдийн эмнэлэг байгуулах, одоо байгааг нь өргөтгөх, засах мөнгө огт төсөвлөөгүй. Учрыг нь асуухад “Эрүүл мэндийн яам гэж бодлогыг нь зангиддаг газартай байхад нийслэл үүнд оролцох шаардлагагүй” гэж тайлбарласан. Хүн ардын эрүүл мэндийн төлөөх үйлсэд танайх, манайх гэхгүй хамтарч ажиллаж болдоггүй юм уу?

-Манай төр захиргааны байгууллагууд хамтын ажиллагааны “уламжлалт” буруу жишгээ өөрчилмөөр байна аа. Асуудлыг хамтарч шийдэх, ойлголцох, хоорондоо уялдаа холбоотой ажиллах тал дээр манайхан үнэхээр хоцрогдсон менежменттэй. Энэ байдлаараа явсаар байвал засаглалын тогтолцоог бэхжүүлж чадахгүй.

Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Эрүүл мэндийн газрын аль аль нь нэг л эрх ашгийн тулд, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажилладаг. Гэтэл хоорондоо тийм ч сайн уялдаа холбоотой байдаггүйн шалтгааныг би хувь хүмүүсийн зөрчил гэхээсээ илүү төсөв хөрөнгийн асуудлаас болдог болов уу гэж боддог.

Дэлхийн улс орнуудын жишгээр 5ол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 гаруй хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байхад манайх 2.8 буюу гурван хувь ч хүрдэггүй. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын асуудлыг ганц сайд гарч ирээд шийдчихгүй. Ажилгүйдэл, ядуурал агаарын бохирдол гээд нийгмийн сүүдэртэй талуудын тусгал нь эрүүл мэндийн салбарт хамгийн ихээр илэрдэг.

Тиймээс эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчилье гэвэл гөр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол маш чухал. Дээрээс нь хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ, иргэн хүнийг өөрийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болгох, цаашлаад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх гээд хийх ажил маш их байна. Гэвч бидэнд хугацаа бага учраас бүгдийг нь биш чухлыг нь барьж аваад шийдэхийн төлөө ажиллана.

-Яармагийн дэнжид барьж байгаад “царцаасан” 300 ортой төвийг ашиглалтад оруулах боломж ойрын хугацаанд гарах нь уу?        

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 2015 онд хөрөнгө оруулалтын асуудал ярихад хэцүү байна. Тиймээс бид аль болохоор мөнгөгүйгээр шийдэж болох ямар гарц, арга зам байна вэ гэдгийг чухалчилж байгааг анзаарсан байх.

Манай эрүүл мэндийн салбарт гэхэд л зургаан том объектын барилгын ажил мөнгөгүйн улмаас “царцсан”. Мэдээж бид эдгээрийг үргэлжлүүлэн барьж дуусгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс болоод эрүүл мэндийн салбарынханд хамгийн хүндээр тусаж байгаа зүйл бол эмийн нөөц.

Өнгөрсөн жилүүдэд манай улс эмийн нөөцөд зориулж 68-69 тэрбум төгрөг төсөвлөдөг байснаа ирэх онд үүнийг 60 тэрбум болгон танасан. Энэ бол инфляцтай уялдаагүй, маш харалган шийдвэр болсон гэж эрүүл мэндийн салбарынхан сэтгэл зовниж сууна. Яагаад гэхээр хүний хүчин зүйлээс шалтгаалах асуудлыг эмч, эмнэлгийн байгууллагууд сэтгэл, зүтгэлээрээ шийдэж болдог. Харин өвчтөндөө уулгах эмгүй болчихвол хэчнээн сайхан сэтгэл байгаад ямар ч нэмэргүй.

-Тэгэхээр төсвөөс танасан есөн тэрбум төгрөгийг хаанаас ч юм, ямар нэгэн аргаар нөхөж бүрдүүлэх шаардлага тулгарчээ дээ?

-Харин тийм. Боломжит эх үүсвэрүүдийг гаргаж ирэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн ирэх долоо хоногт олон улсын донор байгууллагуудтай уулзах үеэр эм хангамжийн нөөц дутагдалтай байгааг хөндөж тавих бодолтой байна.

-Таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад “Мэргэжлийн бус хүн” гэдгээс эхлээд янз бүрийн дүгнэлт, шүүмжлэл, их мэдэгчдийн дайралт хүртэл байсан. Тэгж “мөчөө тоолуулан” байж сайд болсон хүн ажлаа сайн хийх болов уу гэж найдаж байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн салбарыг сэтгэлтэй хүн удирдаж урагшлуулдаг байх, тийм үү?

-Эрүүл мэндийн салбарын алдаа, оноо хэний ч нүдэнд ил байдаг. Тиймээс энэ салбарын бодлогыг хариуцаж байгаа хүний хувьд сэтгэл гаргаж ажиллах ёстой гэдгээ сайтар ухамсарлаж байна. Салбарынхаа асуудлыг арван хуруу шигээ мэддэг туршлагатай хүмүүс, эрдэмтэн докторуудаас бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж, тэднийхээ санал зөвлөмжид үндэслэн шаардлагатай бодлого, шийдвэрүүдийг төр засгийн түвшинд гаргуулахын төлөө хичээж ажиллана. Үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын авч хэрэгжүүлж ирсэн зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлнэ.

УИХ-аар сайд нарыг томилох тухай хэлэлцэхэд гишүүд том том асуудал их ярьсан. Тийм ч учраас би сая С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг гишүүн хоёрыг тойрог дээр нь дагуулж очоод бодит байдлыг танилцууллаа. Удахгүй Ж.Батзандан гишүүнийг дагуулаад Баянзүрх дүүргийн эмнэлгүүдээр оръё гэж бодож байна. Асуудлыг ойлгоод, чухал чухал санаа яриад байдаг хэрнээ бодлогын түвшинд хэрэгжүүлж чадахгүй байгаа төрийн түшээдэд ажлаа ярьдаг биш хийдэг байхад нь тусалъя. Хамтдаа асуудлыг шийдэж суръя.