НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протоколыг соёрхон баталлаа
Гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар хариулт өгөв.
2014.12.12

НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протоколыг соёрхон баталлаа

 “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ хуулийн төслийг Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төслөөр  Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Н.Батцэрэг, О.Содбилэг,А.Бакей, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ, С.Дэмбэрэл, Г.Баярсайхан нарын тавьсан асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар хариулт өгөв.

Гишүүдийн зүгээс гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг удаан хугацаанд барьж хорьж байгаад шүүмжлэлтэй хандаж, хэрэгтэнд хэрцгий, хүнлэг бусаар хандаж, доромжлох  асуудал байгаад иж бүрэн судалгаа хийсэн эсэх талаар тодотгож байсан юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав өгсөн тайлбартаа, олон оролцогчтой хэргийн хувьд ийм асуудал бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээч дүгнэлт гаргана гэж байдаг. Гэтэл шинжээч олддоггүй. Арай гэж шинжээч томилоход бүрэлдэхүүн хэрэг болдог, мөнгө нь хүрдэггүй. Гэхдээ хуулийн хугацаандаа багтаадаг. Удаан хугацаанд барьж хорьж байна гэж шүүмжилж байгаа бол энэ нь хуулийн асуудал” гэв.

О.Баасанхүү: Энэ протоколыг соёрхон баталчихвал бид үүрэг хүлээнэ. Үүнээс

Бусдыг шүүхээр яллаагүй байхад хэвлэлийн хурал хийж, нотлогдсон гэж ярьдаг. Энэ хүн 10 хэрэг дээр нотлогдсон гэдэг гэтэл нэг л хэрэг дээр ял авдаг. Хүний нэр төрийн доромжилж байгаа хэрэг биш үү.  АТГ-аас асууж байна. Танай байгууллага хэвлэлийн төлөөлөгчтэй юм байна лээ. Ямар асуудлаар хэвлэлийн хурал хийдэг юм бэ. Хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээллийн чинь хэдэн хувь нь шүүхээр нотлогдсон байдаг юм бэ. Энэ протоколыг соёрхон баталчихвал бид үүрэг хүлээнэ. Үүнээс өмнө эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг олон хуульд өөрчлөлт оруулахгүй байсан юм биш үү. /Гишүүний асуултыг бүрэн эхээр нь болон хариултын хамт бичлэгээс үзнэ үү/

Х.Тэмүүжин: Төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэлээр хөдлөх гэдэг үндсэн зарчмаасаа гарчхаад байгаа юм

Хуульзүйн яам дээр гурван процессын хууль бэлэн болчихсон байгаа. Энэ намрын чуулганд багтаад өргөн барьчихвал их зүгээр байна. Хугацаа хэтрүүлж цагдан хорьж байгаа тодорхой нөхцөлүүдийг хархаар төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэлээр хөдлөх гэдэг үндсэн зарчмаасаа гарчхаад байгаа юм.

/Гишүүний асуултыг бүрэн эхээр нь болон хариултын хамт бичлэгээс үзнэ үү/

Ц.Даваасүрэн: Та нар нэг л хүчин мөхөстөөд байх шиг харагдах юм. 

Хүний эрхийн асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. ХЭҮК-ийн хуулийг хархад чөлөөтэй нэвтрэх, бичлэг хийг гэх мэт зүйлсийг оруулж ирсэн байна лээ. Олон улсын практикт ямар байдаг вэ. Та нар нэг л хүчин мөхөстөөд байх шиг харагдах юм. Энэ баримт бичиг хэрэгжих боломж нь хир байна вэ? Саяхан нэг агентлагийн дарга эндлээ. Гэтэл дараахан нь шүүхээс тэр хүнийг гэм буруугүй гэсэн байх юм. Тэгэхээр тэр хүнийг баривчласан, хянасан прокурор ямар хариуцлага хүлээсэн вэ? Ер нь хэлмэгдүүлсэн болбол хариуцлага хүлээх байдлыг нь чангатгачихвал зүгээр юм./Гишүүний асуултыг бүрэн эхээр нь болон хариултын хамт бичлэгээс үзнэ үү/

О.Содбилэг: Энэ протоколыг баталснаар шүүх хурал болохоос өмнө саатуулагдаж байгаа хүний эрх хэрхэн сайжрах юм бэ

Энэ протоколыг баталснаар шүүх хурал болохоос өмнө саатуулагдаж байгаа хүний эрх хэрхэн сайжрах юм бэ. Миний нэг сайн таньдаг хүн бүтэн жил шүүх нь хуралдахгүйгээр шоронд сууж байгаад саяхан гарсан. Шүүхээс гэм буруугүй гэж үзсэн. Тэр хүнийг гурав, гурван сараар эргэлт авах эрхгүй хүртэл хорьж байсан. Ийм тохиолдолд хүний эрхийн байгууллага нь яаж ажилладаг юм бэ? Ийм тохиолдол асар их байдаг. Энэ протоколыг батлахаар энэ байдал сайжрах уу./Гишүүний асуултыг бүрэн эхээр нь болон хариултын хамт бичлэгээс үзнэ үү/

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны саналаар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 94,4 хувийн саналаар дэмжив.