Ж.Энхбаяр: УИХ-ын гишүүд “Эдийн засгийн реформ” гэсэн бүлэг байгуулав
2011.04.27

Ж.Энхбаяр: УИХ-ын гишүүд “Эдийн засгийн реформ” гэсэн бүлэг байгуулав

УИХ-ын гишүүнЖ.Энхбаяр, Н.Батбаяр,Ц.Энхбат, З.Алтай,Х.Тэмүүжин зэрэг гишүүд"Эдийн засгийн реформ"хэмээх бүлэг байгуулжээ.Тэд Монгол Улсынхөгжлийн загвар, татварын бодлого зэргийгэргэн харж шинэчлэл хийхцаг нь болсон гэж үзэжбайгаа ажээ. Энэ талаартодруулахаар УИХ-ынгишүүн Ж. Энхбаяртайуулзлаа.

-Бүлэг байгуулагдаж байгаа гэж сонслоо. Энэ бүлэг эдийн засгийн томоохон шинэчлэл хийх гэж байгаа хэрэг үү?


-Би санаачилга гаргаад "Эдийн засгийн реформ" гэсэн бүлэг байгуулахаар болсон юм. Манай бүлгийн гишүүд татварын бааз суурийн судалгааг нягталж тооцоо хийж байна. Удахгүй олон нийтэд мэдээлнэ.

-Хөгжлийн загварыг тодорхойлохоор ярилцаж эхэлсэн гэлүү?

-Монгол Улс эдийн засгийн бодлогоо эргэж харах цаг болсон гэж ярилцсан. Нийгэмд шударга ёсны хүлээлт бий болжээ. Хуулийн хэрэгжилт хангалтгүй. баялгийн хуваарилалт шударга бус байна гэж иргэд ч бухимдаж, иргэний хөдөлгөөнийхөн ч шүүмжилж байна. Энэ 20 жилийн хугацаанд нийгмийн баялаг цөөнхийн гарт төвлөрч, Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байна. Хэдхэн том аж ахуйн нэг-жүүд бүх л салбарт орж монополийг бий болголоо. Мөн сүүлийн жилүүдэд олонтаа ярих болсон голланд өвчин Монголд бодитойгоор нүүрлэжээ. Энэ өвчин үгдрээд, хүндрэх тал руу явж байна.Уул уурхайн салбар л хямарвал Монголын эдийн засаг хүнд байдалд орно.Тиймээс манай бүлгийн гишүүд энэ талаар ярилцаад гурван санал гаргаад сууж байна даа.

-Ямар?

-Эхлээд уул уурхай, архи, тамхи, спиртийн үйлдвэрүүд, төрийн өмчийн томоохон үйлдвэрүүд, харилцаа холбооны компаниуд зэрэг аж ахуйн нэгжээс бусад жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг арваас доошгүй жилийн хугацаанд татваргүй болгоё.Тэр жижиг аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээд хөл дээрээ босог. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөөг ч олгоно, бизнесээ өргөжүүлэх боломжийг ч нээж өгнө. Дараагаар нь монополь салбарыг задлах асуудлыг хөндье гэж ярилцаж байна. АНУ-ын тэргүүн баян, "Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гейтс мөнгөгүйдээ өөр салбар руу орохгүй байгаа хэрэг биш шүү дээ. Улс нь хуулиараа зохицуулалт хийж зөвхөн программ хангамжийн чиглэлээрээ ажилла гэж эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаардаг. Ийм зохицуулалт хийх шаардлага Монголд бий болсон. Олон сая хүн амтай орон ингэж хандаж байхад цөөхөн хүн амтай Монголд хязгаарлалт байхгүйгээс хэдхэн мөнгөтэй хүн л бүх ашигтай салбарыг эзэгнэж бусдадаа боломж олгохгүй хааж байна. Тиймээс олон нийтэд нээлттэй хувьцаа буюу бидний яриад байгаа IРО хийх хэлбэрээр монополийг задалж болох юм. Зах зээлийн нийгэмд шилжээд өмч хувьчлал явагдаж, цэнхэр, ягаан тасалбарыг иргэддээ тараасан ч түүний үр шимийг олон түмэн хүртэж чадаагүй, цөөхөн хэдэн хүний гарт төвлөрч, нийгмийн баялгийн үр шимийг хэдхэн гэр бүл хүртэх болжээ. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн загвар нь ямар байх юм, цаашид хэрхэх вэ гээд бодлогоо зөв тодорхойлох цаг болсон. Өнөөдөр үнэндээ Монгол Улс зэрлэг капитализмын зарч-маар явж байна. Хэт баян эсвэл ядуугийн туйл руу ийнхүү түлхэх нь Монголын нийгэмд зохицохгүй, нийгмийн тогтворгүй байдал руу түлхэж айна. Ийм маягаар дахиад таван жил замнахад баян, ядуугийн ялгарал оргилдоо хүрнэ. Энэ нь эргээд замбараагүй байдлыг бий болгож оршин тогтноход нь аюул учруулах төлөвтэй. Тиймээс баялгийн хуваарилалтын системийг эргэн харж, татварын бодлогоор жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Компанийн тухай хуулиар монополь болсон компанийг салбар болгон руу орж эзэгнэдгийг нь хязгаарлах, бий болсон монополь аж ахуйн нэгжийн тодорхой хувийг буцааж хувьцаа хэлбэрээр задлах зэрэг эдийн засгийн шинэчлэл хийх талаар ярилцаж байна.Үүнийг яаж боловсронгуй болох вэ гэдгийг оройтоогүй дээрээ эргэн харж шинэчлэхгүй бол төрийн эргэлт хийж нийгмийн баялгийг хүчээр авах, диктатур, фашизм тогтоох зам руу урин дуудаад байна шүү дээ. Цөөхөн монголчууд тойрч сууж ярилцаад зөв гарцаа олж хуулийн хүрээнд тайван шийдэх бололцоотой. Бид эхний ээлжид өөрчлөх шаардлагатай хуулийн төслүүдийн жагсаалтыг гаргаад байгаа. Татварын тухай хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гээд л.

-Шинэчлэл хийхийн тулд тэгээд юунаас ажлаа эхлэх юм бэ?

-Эдийн засгийн реформ бүлгийн хэдэн гишүүд яриад үүнийг шийдчихгүй.Тиймээс шилдэг эдийн засагчдыг цуглуулж, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулъя. Бодлого боловсруулагчид нь хууль эрх зүйн орчныг шинэчлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна.

-Жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөхөөр улсын төсөв хүндрэх юм биш үү?

-Өнөөдөр Монголд татварын бодлого ялгавартай биш.Тэрбум төгрөг оллоо ч 10 хувь, сая төгрөг олсон ч 10 хувийн татвар төлж байх жишээний.Уг нь бүс нутгийн онцлог зэргийг харгалзан хөгжлийн бодлоготойгоо уялдуулан татварыг ялгамжтай, шатлалтай болгомоор байгаа юм. Уул уурхай, архи, тамхи, спирт, цахилгаан холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компаниуд, төрийн өмчийн үйлдвэр зэрэг 100 аж ахуйн нэгж л Монгол Улсын төсвийг бүрдүүлж байна. Дээрээс нь Оюу толгой, Таван толгойн ордыг ашиглалтад оруулахаар хангалттай мөнгө төсөвт орно. Тиймээс хөл дээрээ босож чадахгүй байгаа бусад салбаруудаа энэ хугацаанд өндийлгөж авах нь уул уурхайн дэмийрэл, голланд өвчнөөс сэргийлж чадна. Уурхайгаа ашиглаад дуусахад нөгөө дэмжсэн салбарууд хүчирхэгжээд улсын эдийн засгийн тулгуурууд болно шүү дээ. Боловсруулах салбар, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, худалдаа, үйлчилгээний зэрэг салбарууддаа дэмжихийн тулд 10,15 жилийн хугацаанд татвараас яагаад чөлөөлж болохгүй гэж. Уул уурхайгаас олох орлогоор төсөв бүрдэх хэдэн жилийн хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хөл дээрээ босох боломжийг олгоё л доо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.