БНТУ тунхагласны 91 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ
Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг тэмдэглэв.
2014.11.03

БНТУ тунхагласны 91 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг Монгол Улсад олон сайхан арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ.  

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 250-аад зочдыг өөрийн өргөөндөө хүлээн авлаа.

Хүлээн авалтанд хүндэт зочин Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Анкара хотын орлогч дарга Али Гөкшин, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Их хурлын гишүүн А.Бакей, Соёлспортаялалжуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Хүн ам, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир,Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон дипломат алба, бизнес, урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их Сургуулийн Түрэг хэл судлалын ангийн оюутнууд хүлээн авалтын үеэр хоёр улсын төрийн дууллыг дуулсан бол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын дөрвөл ирсэн зочдын сонорыг мялаалаа.    

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах (TIKA) агентлагийн хөтөлбөр зохицуулагч Экрэм Калан 10-р сарын 29-ний өдрийн өглөө Улаанбаатар дахь Ататүркийн Нэрэмжит 5-р дунд сургууль дээр Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, Ататүркийн хөшөөнд цэцэг өргөсөн. Элчин сайд Мурат Карагөз болон сургуулийн захирал Б.Чинбат нар үг хэлж уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнаж урамшууллаа.  

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Истанбулын нууц” аялал жуулчлалын баримтат киног Тэнгис кино театрт хоёр удаа үнэ төлбөргүй үзүүлэв. Энэхүү баяр нь Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлог юм.