Б.Бурмаа: Өнөр бүл төвд хүмүүжсэн хүүхэд БИ биш БИД гэсэн сэтгэлээр амьдралд ханддаг
Монголын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл " төвийн захирал Б.Бурмаатай ярилцлаа.
- Өнгөрсөн 40 жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийн гаргасан ололт амжилтын тухай ярихгүй юу?
1974 онд “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” нэртэй байгуулагдсан. Хүүхдийн асрамж, халамж гэсэн тодотгол бүхий улсын ууган байгууллага. 40 жилийн хугацаанд нийт 1000 орчим хүүхдийг хүмүүжүүлсэн. Манай төвд голдуу Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн, бүтэн өнчин, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан, хуулиар асран хамгаалагч байх чадваргүй хүмүүсийн хүүхдүүд сурч, хүмүүждэг. Өнөөдөр манайд 2-18 насны 210 гаруй хүүхэд байна.
Хүүхдийг зөвхөн 18 хүртэл асарч, хүмүүжүүлээд зогсохгүй цаашид амьдралдаа хөл тавихад нь яаж туслах вэ гэдэгт багагүй анхаардаг. Тиймээс 2013 онд төвийн дэргэд “Дамжин өнгөрүүлэх байр”-ыг байгуулж тус бүр нэг өрөө бүхий дөрвөн байрыг барьсан. Манай төвд дунд сургуулиа төгссөн хүүхдүүд энэ байранд их сургууль төгстөлөө байж байгаад амьдралд хөл тавьдаг.
Манай төгсөгчдөөс гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс ч бий. Дундаж амьдралтай нь ч байна. Амьдралын доод түвшинд яваа хүн ч байдгийг нуугаад яахав.
Өнөр бүл төвийн шинэ байр
Бидний гол зорилго бол нийгэмд биеэ даагаад явж чадах хувь хүнийг бэлтгэх. Үүний төлөө 127 ажилтан ажилладаг.
Сүүлийн жилүүдэд ХТҮГ, ХАХНХЯ-наас манай төвд багагүй хөрөнгө оруулж 39 жил их засвар хийгээгүй байранд засвар хийсэн, цэцэрлэгийн байрыг иж бүрнээр нь тохижуулж зассан, 2013 онд таван давхар төвийг шинээр барьсан, манай байгууллагын харъяанд байдаг “Хараацай” зуслан дээр спорт цогцолбор барьсан гээд олон ажил хийгдсэн. Түүнчлэн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай спорт заалыг удахгүй ашиглалтад оруулна. Нийтдээ таван тэрбум төгрөгийг манай төвд зарцуулсан.
Түүнээс гадна манай төвтэй дотоодын компаниуд, сайхан сэтгэлт хүмүүсээс гадна гадны байгууллагууд хамтарч ажилладаг. Тухайлбал ОХУ-ын Буриадын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Японы Энжоу Юумарын ТББ-ыг дурьдаж болно. Мөн Солонгосын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчид манай хоёр хүүхдийн гадаадад хийх мэс заслын зардлыг даахаар болсон.
- Хүүхдүүд голдуу ямар шалтгаанаар “Өнөр бүл” төвд ирдэг вэ?
Гэр бүлийн орчноос бүх зүйл шалтгаалдаг. Сүүлийн үед эцэг, эхийн эрх үүргээ мэдэхгүй, гэр бүлээ буруу төлөвлөж, хүүхдээ өнчрүүлэх нь ихэссэн. Мөн буруу тээснээс болоод насаараа хөгжлийн бэрхшээлтэй болоод хаягдчихсан хүүхдүүд ирдэг. Ялангуяа хуучнаар Нялхсын сувилал нэртэй байсан Эрүүл мэндийн төвөөс ийм хүүхдүүд их ирдэг. Тэнд голдуу төрөөд хаягдсан, энд тэндээс олдсон хүүхдүүд хоёр нас хүртлээ байж байгаад манайх руу шилждэг.
- Хүүхэд үрчилж авъя гэсэн хүсэлт хэр их ирдэг вэ?
Ирдэг. Харин гадаадад хүүхэд үрчлүүлэх асуудлыг яам өөрөө хариуцдаг. Сүүлийн хоёр жилд бид нэг ч хүүхэд үрчлүүлээгүй. Учир нь одоохондоо үрчлүүлэх хүүхэд байхгүй. Хүмүүс голдуу цэцэрлэгийн насны жаахан хүүхэд үрчилж авах сонирхолтой байдаг. Мөн асралт гэр бүлийн хувилбараар хүүхдүүд тухайн айлдаа дасч, үрчлэгдэх тохиолдол бий.
- Траншейний хүүхдүүд алга болсон нь сэжигтэй, хүний наймаанд явчихсан байх гэсэн яриа байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
ХТҮГ-ын харъяа Хүүхэд хөгжил, хамгааллын төв гэдэг байгууллагад тэр хүүхдүүд чинь очсон. Гэхдээ уг байгууллага сая манайд нэгдсэн. Тэгэхээр гудамжнаас олдсон хүүхдүүд манайд байдаг гэж ойлгож болно. Тэд бусдаасаа нэг зүйлээр ялгаатай. Ихэнх ар гэртэй, асран хамгаалагчтай. Гэхдээ эцэг, эх нь архинд орчихсон, ар гэрээ авч явах чадваргүй, эсхүл хойд эх, эцэгтэйгээ таарахаа больсон, сургуулиа хаяж гудамжинд гарсан, гэрт нь амьдрах нөхцөлгүй хүүхдүүд байдаг.
- Ийм нөхцөлд ажилладаг багш нарын хөдөлмөр хэцүү гэдгийг ойлгож байна. Ер нь асрамжийн газрын багш нарын нийгмийн асуудал ямар байна вэ?
Цалингийн хувьд маш бага. Саяхнаас цалингийн 30 хувийг нэмж өгдөг болсон. Гэхдээ хэдийгээр нэмсэн ч гэсэн “бусад төрийн үйлчилгээ” гэсэн ангилалд орчихдог учраас цалин багатай. Түүнээс гадна бид 24 цаг ар гэрээ умартаж ажилладаг. Хоёр, гурав биш 200, 300 хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой.
Харин ажилчдын орон байрны хувьд асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа.
- Эндээс гарсан хүүхдүүд энгийн гэр бүлийн орчинд өссөн хүүхдүүдээс юугаараа ялгагддаг вэ?
Манай хүүхдүүд төвлөрсөн казармын зарчмаар хамтдаа хүмүүждэг учраас амьдрал зохиогоод эхлэхээр бэрхшээлүүдтэй учирдаг. Асрамжинд өссөн хүүхдүүд “би” бус “бид” гэсэн нийтэч сэтгэлгээтэй. Зарим талаар бэлэнчлэх дуртай болох нь бий. Тиймээс амьдрах ухаан, гэр бүл төлөвлөлтийн төрөл бүрийн хичээл заадаг.