Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр боллоо
Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Чингисийн талбайд энэ сарын 11-12-ны өдрүүдэд боллоо.
Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1,2,3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, тусгай мэргэжлийн төвүүд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.
Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, “Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа та бүхэн өвчилхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг ард иргэддээ хэвшүүлэх, аль болох эрүүл чийрэг, монгол үндэстнийг бий болгох чиглэл рүү ажиллах ёстой. Иргэн таны гарт таны эрүүл мэнд байгаа шүү. Хожуу үед, өвчилсөн үед эмнэлэгт үзүүлэх нь үр дүн муутай. Ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой шүү” гэлээ.
Нээлттэй хаалганы өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн цусан дахь сахарыг тодорхойлж, бие бялдрын үзүүлэлт, цусны даралтыг хэмжиж зөвлөгөө өгсөн. Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд өгч ажиллажээ.