Есөн хутагтын нутгаар зочилсон минь
Төрийн тахилгат Отгонтэнгэр уул
2014.10.02

Есөн хутагтын нутгаар зочилсон минь

Өглөө, оройдоо сэрүүн, өдөр дулаан байдаг намрын налгар өдрүүд үргэлжилсэн эл өдрүүдэд Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгаар зорчиж аяны дөрөө мултлаад ирлээ. Явсан замын минь нийт урт 2400 километр болсон байх юм. Ингээд бодохоор миний эх орон юутай их өргөн уудам, тансаг сайхан нь мэдрэгдэнэ.

Хээр талд тарга хүч авсан хонь налайж, хангай газар үхэр, сарлаг бэлчиж, уулын арын мод бүхэлдээ шарласан харагдана. Төв, суурин газар тарьсан зүрхэн хэлбэрт навчит модны навч салхины аясаар хийсэн унаж, газрын өнгийг шаргалтуулах нь сул асгасан шижир шиг. Ийм л өнгө төрх хаана ч очсон биднийг угтах нь энэ жилийн өнгө аяс байв.

Туулах зам хол, бас олуулаа яваа болохоор бие биетэйгээ танилцах хэрэг гарсан юм. Олуулаа гэсний учир нь төвийн радио, телевиз, сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлч, зураглаач болон шатарчид, Хөдөлмөрийн яамны зарим ажилтан нэг баг болж явсан бөгөөд эхний танилцсан хүмүүс маань

Хөдөлмөрийн яамны хэвлэл мэдээллийн албаны ажилтан Н.Цолмонгэрэл, Н.Хосбаяр, Хөдөлмөрийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Соёлтуяа нар байв.

Хэвлэл мэдээллийнхний гол зорилго нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан тулгуурт гурван бодлогын нэг Завхан аймгийн ЕБС-ийн өсвөр насныхны шатрын аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлах. Сайд Я.Санжмятав Завхан аймгийн Засаг дарга байхдаа тулгуурт гурван бодлого боловсруулж, нутгийн зон олондоо түшиглэн хэрэгжүүлж эхэлсний нэг нь мянган хүний бүрэлдэхүүнтэй морин хуурын чуулгыг Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр эгшиглүүлж байсныг мэдэх юм.

Удаах нь ЕБС-ийн сурагчдын дунд шатрын спорт дэлгэрүүлэх, тэдний оюун ухааныг нээх, хөгжүүлэх бодлого аж. Тиймдээ ч 9999 шатарчинг өрсөлдүүлэх тэмцээн зохион байгуулав. 9999 бол бага тоо биш. Нэг аймгийн ЕБС-ийн сурагчдаас дээрх тооны шатарчид байна гэдэг гурван хүүхдийн хоёр нь шатрын спортоор хичээллэж байна гэсэн үг.

Улаанбаатараас өглөөний 06:00 цагт хөдөлсөн цуваа Архангай аймгийн төвд тээврийн хэрэгслүүдээ сумлаад, алдарт Тайхар чулуу орших Тамирын голын хөвөөнд түр амрав. Энэ түр амралтыг Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд зохион байгуулсан юм. Цуваа цааш хөдөлж Солонготын  давааны ард хоноглоод, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд дөрөө мултлав.

Завхан аймаг 24 сумтай. Сум бүрт  шатрын тэмцээн байгуулагдах сэтгүүлч, зураглаач нарыг мөн нэг суманд хуваарилав. Тосонцэнгэл, Их-Уул суманд ажиллах сэтгүүлч,  зураглаач нарыг орхиод Нөмрөг сумын  зүг цуваа хөдөлж, Нөмрөг, Тэлмэн,  Сонгино, Баянтэс, Тэс суманд сэтгүүлч, зураглаачдыг зам зуур үлдээв.

Ийн цуваа цааш хөдөлж 60 километр үргэлжлэх Загастайн даваа өөд мацаж  эхлэв. Давааны зам бартаа багатай ч өндөр тул муруй тойруу газар нь олон юм. Энэ бүхэнд чулуун хашлага тавьсан аж. Зарим газарт дөрвөн метрээс ч  өндөр хашлага хийснийг нь харахад дэлхийн долоон гайхамшгийн  нэг Хятадын Цагаан хэрмийг санагдуулам сүрлэг байлаа. Эл чулуун хашлагыг хятадууд барьж байгуулсан аж.

Даваа уруу дөнгөж тонгоймогц  Чигэстэйн голтой золгож, гол уруудсаар 1733 онд суурь нь тавигдсан 281 жилийн түүхтэй шинэчлэгдсэн Улиастай хотын төвд цагаан гэгээ тасарсан хойно орж ирэв. Улиастай хот орчин цагийн гэрлэн чимэглэлтэй юм. Хот төлөвлөлт нь  ч муугүй бололтой.  Гэр хороолол нь хотын төвөөсөө нэлээд зайдуу, гудамж талбай нь давчуу биш цэлгэр уудам юм. Харамсалтай нь эртний түүхт хот гэхэд 1700-аад оны үеийн барилга эсвэл шавар хэрэмний туурь ч алга.

Бидний хөлөглөсөн автобус аймгийн намын байрны дэргэд ирж аймгийн төвөөс урагш болон баруун зүгт орших суманд ажиллах сэтгүүлч, зураглаачдыг суулгасаар хөдөлцгөөв.

Цагаанхайрхан суманд ажиллах манай багт Хөдөлмөрийн яамны төв биржийн  ажилтан Г.Наранцогт, аймгийн Тахарын албаны нягтлан бодогч  Ж.Лхагважав, “Нэмэх үрэл” дэлгүүрийн менежер Д.Түвшинжаргал, шатрын дэд мастер, зураглаач н.Ганзориг нар байв. Уг нь бидний очих сум аймгийн төвөөс 45 километр алс ч давааны цаана даваа байна гэдэг шиг дөнгөж хөдөлмөгц Ганцын давааг өгсөх нь тэр. Давааны өвөрт Цагаанхайрхан сум налайх аж.

Өглөө боллоо. Сумын ерөнхнй боловсролын сургуулийн дунд сургуулийн биеийн тамирын зааланд нас, насны ангилалд хуваагдсан сурагчид дөрвөн эгнээгээр байрлуулсан ширээний ард хоёр хоёроороо сууж шатар тоглоход зэхжээ.

Тэмцээн Швейцарь системээр зохион байгуулагдсан. Тэмцээнийг Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нээж, морин хуурч хүүхдүүд заалны жаврыг үдэн хөөв. Тэмцээн өдөржин үргэлжилсэн бөгөөд нас насны ангиллаас шалгарсан хүүхдүүд аймгийн төвд болох 9999 хүүхдийн тэмцээнд оролцох мандат авлаа. Тус сургууль шатрын дугуйлан ажиллуулдаг аж.

Дугуйлангийн багш нь биеийн тамирын багш Анхбаяр юм. Тэрбээр “Манай дугуйланд 23 сурагч тогтмол хичээллэдэг. Амжилт ч муугүй. Дугуйлангийн сурагчдаас аймаг, сумын тэмцээнд түрүүлсэн, II байр эзэлсэн хүүхэд байдаг” гэв. Тус сургуулийн захирал Алтанцэцэг гэхэд Цагаанхайрхан сумын уугуул аж. Төрсөн нутагтаа багшилж буй түүний шавь нар мөн л багш болж төрөлх сургуульдаа ажиллаж, амьдарцгааж байна. Ийм нэгэн хамт олны тухай энд дурьдахгүй байж чадсангүй. Тэд соёл боловсролыг түгээгчид юм.

Аймгийн төв нялхсын хөлд дарагджээ. Энэ ч аргагүй юм. Аймгийн төв, сумдын ЕБС-ийн шатарчдаас шалгарсан 9999 сурагч нэг дор цугларсан нь энэ. Тэмцээн аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Энэ тэмцээнийг санаачлагч, УИХ- ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нээж үг хэлсэн бол дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өөрийн биеэр ирж талархал дэвшүүлсэн юм.

Нээлтийн эхэнд олон зуун морин хуурч ая дуу эгшиглүүлсэн нь Улиастай хотын мөнх хөх тэнгэрийн хаялгыг уяраах шиг болсон. Бас нэг гайхамшиг энэ байлаа. Нэг зүйлийг мартах шахаж.  Сайд Я. Санжмятав Кирсан Илюмжиновт морь бэлэглэж, монгол дээл өмсүүлэв. За энэ ч яахав гэхэд Ерөнхий сайд Н. Алтанхуяг, дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов хоёртой харилцан ярилцсаны эцэст Монгол Улсад дэлхийн залуучуудын болон насанд хүрэгчднйн шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсон тухай Я.Санжмятав сайд мэдээлсэн нь чихэнд сонсголонтой сонсогдож, магнай тэнийх шиг томчуудын шийдэл олон түмний мөрөөдлийн биелэл гэгч энэ байх.

Тэмцээний дүн гарахад таван хүүхэд төрийн тэтгэлгээр ОХУ-д суралцах, 100 хүүхэд гадаадад, 100 хүүхэд Найрамдал зусланд, 100 хүүхэд Завхан аймгийн орон нутгийн хүүхдийн зусланд амрах эрхээр шагнуулав. Санаачилга багаддаггүй гэдэг энэ байх. Бага ч юм биш. Үнэхээр том үйл явдал есөн хутагтыг төрүүлсэн Завхан нутагт болж өндөрлөв.

Маргааш буцах тул явах бэлтгэлээ базааж суутал гаднаас Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх, Засаг даргын орлогч Э.Батсайхан Байгаль орчны улсын байцаагч Т.Бямбарагчаа, Хөдөлмөрийн яамны ажилтан Б.Алтангэрэл нар ороод ирэв. Засаг даргын орлогч Э.Батсайхан “Манай Тосонцэнгэл хөдөөгийн хамгийн том сум. 11000 хүн амтай. Дэд бүтэц харьцангуй хөгжиж байгаа. Баруун гурван аймгийн зорчигчид дайрч өнгөрдөг. Олон хөлийн газар болсон. Энэ хэрээр худалдаа, үйлчилгээ хөгжиж, иргэдийн амь зуулга дээшилж байна” гэсэн юм.

Буцах зам хол ч Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгат овоон дээр гарч түр саатлаа. Харин Бадар хундаганы тахилгат газар хараахан хүрч амжсангүй. Очлоо гэхэд шүтлэгийн олон ёс жаягийг үйлдэх ёстой аж.

Алсаас дүнхийн харагдах мөнх цаст Отгонтэнгэр хайрханы бэлээс Хонгор нутгийн зүг хөдлөхөд унаган байгалийн хээрийн салхи өвөрт ороод ирсэн ч юм шиг сэтгэл хөнгөрөөд явчихлаа.

Эргээд очиход уулзах олон нөхөдтэй болсондоо баяртай байлаа.