Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө
Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2014.09.17

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө

Өнөөдөр түүний мэндэлсний 98 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулан МАН-ын Удирдах зөвлөл, Ю.Цэдэнбалын академи, Нийслэлийн МАН-ын хорооноос Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө.

БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр төржээ.Тэрээр 1952-1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байж, амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлын тав дахь хүү юм.

Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн Ю.Цэдэнбал 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

Улмаар 1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, Орос улсад аваачсан бөгөөд тэрээр тус улсад 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл амьдарч, насан өөд болсон юм.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан:

-Манай ахын нам төр засагт ийм их хүндэтгэл үзүүлж байгаад ах дүүс, үр хүүхэд бид бүгдээрээ их баяртай байна. Энд ирсэн бүх хүнд баярласнаа илэрхийлж байна. Эрүүл энх сайн сайхан, урт удаан наслахыг хүсье. Манай ах бол жирийн ядуу малчны хүүхэд байж байгаад сургууль явж эрдэм сураад л төдий зэрэгт хүрсэн хэмээлээ.

Мөн Анастасия Зориговна Цэдэнбал “Бид өвөөгийн төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэдэг. Өнөөдөр ийнхүү тэмдэглэж байгаад баярлаж байна. Өвөө маань миний хувьд эгэл жирийн, хамгийн сайн өвөө гэдгээр л дурсагддаг” хэмээн ярьсан юм.