Ази номхон далайн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны Сайд нарын чуулганд оролцлоо
Чуулга уулзалтанд 200 орчим төлөөлөгчид оролцлоо
2014.09.12

Ази номхон далайн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны Сайд нарын чуулганд оролцлоо

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Цагаан-Өвгөний Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид Бруней Даруссалам Улсын Бандар Сери Бегаван хотноо  Ази Номхон Далайн Бүсийн Цахилгаан Холбооны Байгууллага/АНДБЦХБ/-аас Бруней Даруссалам улсын Харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж буй Ази номхон далайн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны Сайд нарын чуулганд оролцож байна.

Чуулган 2014 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.“Мэдээлэл, харилцаа холбооны технологи /МХХТ/-ийг ашиглан ухаалаг, дэвшилтэт технологид тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх нь” сэдэвт энэхүү чуулга уулзалтад АНДБЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд нар, хувийн хэвшлийнхэн, олон улсын донор болон хөгжлийн агенлагууд,  хамтын нөхөрлөлийн бусад байгууллагын 200 орчим төлөөлөгчид оролцож  байгаа юм.

Уулзалт дараах хэсгээс бүрдсэн болно. 

  1. Балигийн хамтарсан тунхаглал ба Төлөвлөгөөний үр дүн; 
  2. МХХТ-ийн тогтвортой өсөлт ба эдийн засгийг хөгжүүлэх ухаалаг бодлого; 
  3. МХХТ-ийг  ашиглан  нийгмийн аюулгүй байдлыг хангах нь; 
  4. Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн экосистемийг бүрдүүлэх нь; 
  5. МХХТ-ийн аж үйлдвэрлэлд урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих;
  6. Ирэх 5 жилд тус бүс нутагт МХХТ-ийг ашиглан Ухаалаг, дижитал эдийн засгийг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлах. 

Тус газрын төлөөлөгчид АНДБЦХБ-ын гишүүн орнуудын сайд нартай уулзаж, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцон, “Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн тогтвортой эко систем” сэдэвт хуралдаан дээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан байна.