Л.Гантөмөр: ОХУ-д тэтгэлгээр суралцах оюутны тоог 1000 хүргэнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.09.05

Л.Гантөмөр: ОХУ-д тэтгэлгээр суралцах оюутны тоог 1000 хүргэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлаад буцлаа. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны хооронд байгуулсан зарим баримт бичгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулга авлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танай салбартай холбоотой байгуулсан хэлэлцээрийн талаар тодруулахгүй юу?

Тус улсад Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлж, 1000 хүргэе гэдэг саналыг бидний зүгээс тавьсан. Мөн Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж гаргаж өгье. Тэгэхгүй бол Оросын талын санал болгож байгаа зарим мэргэжил нэн шаардлагатай бус байна. Жишээ нь, усан флотын инженер ч гэдэг юм уу.

-Тэгэхээр одоо манай тал хүссэн мэргэжилтнээ бэлтгэх боломжтой гэсэн үг үү?

Ер нь бол нааштай шийдвэр гарсан. Түүнчлэн зарим компани өөрийн нэрэмжит тэтгэлэг олгохоор боллоо. Тухайлбал, "Роснефть” компани ОХУ-ын хамгийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг олгохоор болсон. Мөн хамтарсан судалгааны ажлынхаа цар хүрээг нэмэгдүүлье гэдгээр тохиролцож чадсан.

Энэ жил шинээр 380 оюутан ОХУ-д суралцах хуваарь авчээ.

Хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна цаашдаа Монгол Улсад “Эрдэнэт” үйлдвэр дээр тулгуурласан эрдэм шинжилгээний институт байгуулах санал тавьсан. Энэ бүхэн дээр тодорхой шийдвэр гарч хэрэгжинэ гэж бодож байна.

Багш солилцооны ажлыг идэвхжүүлж, орос хэлний багш нарт ОХУ-д ажиллах, суралцах боломжийг олгоё. Монгол багш нарыг судалгааны лабораторид нь судалгааны ажил хийх боломжоор хангах талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар ОХУ-д хэчнээн оюутан сурдгаас, хэд нь тэтгэлгээр суралцдаг юм бэ?

380 орчим оюутан энэ жил хуваарь авсан. Зарим сургууль нь манайх энэ оюутныг авахгүй гэж буцааж байгаа тохиолдол гарч байна. Тэгэхээр есдүгээр сарын сүүлчээр эцсийн байдлаар тоо нь гарах байх. Бид 250 орчим оюутан явдаг байсныг 380 хүргэсэн, цаашлаад 500, 1000 хүргэх зорилт тавьсан.

ОХУ талдаа нэгдсэн систем ажиллахгүй байгаа нь манай оюутнуудад хүндрэл үүсгэж байна. Эхлээд энд сургуулийн төлөөний байгууллага нь шалгалт аваад тэнцсэн хүүхдийн материалыг Оросын Боловсролын яаманд хүргүүлээд зарим нь хасагдах юм. Тэгээд цааш сургуульдаа хуваарилахаар сургууль нь хасах жишээтэй.

Тэгэхээр цаашдаа үүнийг яаж нэг мөр шийдэх талаар Боловсролын сайдтай нь ярилцаж байна. Нэгэнт сургуульдаа суралцуулна гэсэн бол тэнцэхгүй гээд буцааж байгааг болиулах тал дээр зөвлөлдөж байгаа.

Бид 250 орчим оюутан явдаг байсныг 380 хүргэсэн, цаашлаад 500, 1000 хүргэх зорилт тавьсан.

Эцсийн шийд гаргадаг байгууллагыг Монголд байгуулъя, тэгэхгүй бол эндээс хүүхэд яваад очдог, манайх авахгүй гээд буцааж байгаа нь бэрхшээлтэй байгаа юм. Эсвэл манай суралцуулъя гэсэн сургуульд квот олддоггүй байх жишээтэй. Үүнийг ойрын хугацаанд нэг мөр болгоно.

-Ихэвчлэн ямар мэргэжлээр оюутан суралцаж байна вэ?

Хөдөө аж ахуйн сургуулиас эхлээд МГО гээд ер нь бүх сургуульд суралцаж байна. Гэхдээ манай хүүхдүүд Эрхүүд суралцах сонирхол их бий. Харамсалтай нь, Засгийн газар нь Эрхүүгийн их сургуульд квот өгдөггүй юм байна. Энэ мэтчилэн нэг мөр шийдэж болохгүй асуудал бас гарч ирээд байгаа юм.

Аль сургуульд ямар мэргэжлээр сурахаа мэдэхгүй шалгалт өгөөд яваад байдаг, тэндээс хасагдаад ирж байгаа нь бидэнд өгөөд байгаа боломжийг бүрэн ашиглаж чадахгүйд хүргэж байна.

-Ямар шалтгаанаар сургууль нь буцаадаг юм бол?

Тус улсын дотоод дүрэм журмын дагуухь шат дамжлагаас болж байна.

-Орос, Монголын хамтарсан технологийн их сургууль байгуулна гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу? 

"Эрдэнэт” үйлдвэрийн хаалтын төлөвлөлтийг хийж байгаа. Цаашдаа яавал Эрдэнэт хотод хүмүүс тогтвортой амьдрах вэ гэдэг судалгааг гаргаж, уул уурхайн чиглэлийн судалгааны институт, их сургууль байгуулбал бэлэн талбай бүх юм нь байна гэж харж байгаа.

Тиймээс уул уурхайн дахин боловсруулалт, шинэ технологи гаргах судалгааны ажлыг Эрдэнэтэд хийвэл цаашдаа одоо байгаа тооны оршин суугч хангалттай амьдрах хот байна гэж хараад төлөвлөлтийг хийж байгаа юм.