Л.Энх-Амгалан гишүүний аав чөлөөлөх дайнд оролцож явжээ
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин байжээ.-
2014.08.25

Л.Энх-Амгалан гишүүний аав чөлөөлөх дайнд оролцож явжээ

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож эх орноо алтан амиараа хамгаалсан олон аавын хүүгийн гэгээн түүх хүн бүрийн сэтгэлд мөнхөд орших  учиртай.

Олон жил улиран одоход дайны үйл явдлын гэрч цөөрч, үнэнийг тодруулахад улам л бэрхшээлтэй болсоор. Дайнаас бүр хожим наяад оны үед сэтгүүлчдийн эрэл сурвалжлагын явцад өмнө нь төдийлэн сөхөгдөөгүй бодит материалыг олон нийтэд мэдээлж, дайны талбарт баатарлаг гавьяа байгуулсан ч үйл хэрэг нь бүдгэрсэн хэд хэдэн дайчдыг тодруулж, улсын баатар цол хүртэл нэхэн шагнаж байсан түүх бий.

Нэгэн эх оронч, цэрэг эрийн тухай баримт зөвхөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хамгийн нандин өв болон хадгалагдаж байжээ. Түүнийг нь Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойн баярын энэ үеэр монгол түмэндээ сэргээн хүргэж, бодит үнэнийг товчхон хүргэхийг сэтгүүлч миний бие зорьж эрхэм гишүүнтэй уулзаж яриулахыг хүссэн юм.

Гэсэн ч аавынхаа тухай ярихаас илүүтэй, түүний амьд ахуйдаа бичсэн дурсамжийг надад өгсөн юм.  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Балжиннямын Лувсанцэрэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав. Өнөөдөр түүх өгүүлэх энэ сайхан буурал хан тэнгэрийн орноо заларчээ. Гэсэн ч эх орондоо байгуулсан, бүтээсэн гавьяа өнөөдөр та бидний дунд амьд мэт дуурсагдах учиртай юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав Б.Лувсанцэрэн гуай 1960-аад оны үед өөрийн намтартаа хэрхэн хаана алба хааж, дайны утаа үнэртэж явсан талаараа товч бичсэнээс сийрүүлье.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн аав Б.Лувсанцэрэн гуай 1960-аад оны үед өөрийн намтартаа хэрхэн хаана алба хааж, дайны утаа үнэртэж явсан талаараа товч бичсэнээс сийрүүлье.

Тэрээр, “/...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Их-Арал гэдэг газар 1922 оны зургадугаар сард төрсөн гэдэг. Эцэг Балжинням маань цөөн малтай малчин хүн байв. Манайх 14 хүүхэдтэй.

Би долоо дахь хүүхэд нь. 11 хүртлээ ээж аав дээрээ бойжоод Бүрэн дунд сургуулийг 1937 онд дүүргэж хоёр жилийн дараа эх орны дайны ид ирмүүн үеэр өөрийн сайн дураар цэрэгт явж Улаанхуарангийн холбоо хороонд хуваарилагдсан юм.

Түрүүч, ахлагч цол ч хүртлээ. Удалгүй Дорноговийн Сайншанд руу гарч дайны голомт руу марш тактикаар манай хороо явсан...” хэмээн Б.Лувсанцэрэн агсан бичжээ. Мөн цааш нь 1945 оны чөлөөлөх дайнд хэрхэн оролцсон тухайгаа бичсэн байсан юм. “...1945 оны дайнд наймдугаар дивизэд холбоо барьж үйлчлэхээр холбооны тусгай төхөөрөмж ачсан таван машин бүхий салаа цэргийг надад хүлээлгэж өглөө.

Тэнд хэд хонож байгаад шөнө хил давж Дуут цагаан нуур, Шилийн голын хийд зэрэг газруудад байрлаж байсан Японы цэргүүдтэй байлдаж би зоо нуруугаараа шархдаж байсан юм” хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. 

2009 оны наймдугаар сарын 16-ны өдөр ахмад дайчин, бэлтгэл хурандаа Г.Пүүжий гэдэг хүн “UBS” телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Лувсанцэрэн Халх голын дайнд Хилийн цэргийн заставын отрядыг гарамгай удирдаж, дал мөрөндөө шархдаж байсан” хэмээн дурсаж байжээ.

Ахмад дайчин Б.Лувсанцэрэн агсны Халхын голын дайнд оролцсон үнэмлэх гавьяа шагналууд, түүх өгүүлсэн шагналын үнэмлэхүүдийг  түүний үр хүүхдүүд нь нандин хадгалж авч үлджээ.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан энэ мэт эгэл баатруудаа хүндэтгэх үүднээс энэхүү дурсамжийг тэрлэсэн юм.

Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Японыг ялсны төлөө медаль, ОХУ-ын “За победу над Японые” медаль, Жуковын нэрэмжит медаль, Халхын голын “Бид ялав” медаль, Милитрист Японыг ялсны 30 жилийн ойн медаль, 1939, 1945 оны дайнд оролцсон үнэмлэх, Дайнд шархдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1945 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн архивын баримт, өмнөх нийгмийн үед гэрэл, цахилгаан үйлчилгээний байгууллагуудаар үнэгүй үйлчлүүлэх эрхийн үнэмлэх гээд олон сайхан баримтууд өнөөдөр үр хүүхдүүдийнх нь төдийгүй эх оронч ахмад үеэрээ бахархах  үнэт өв мөн билээ.

1939 онд болсон Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ 34 нь энх тунх амьдарч байгаа. Тэдний хамгийн отгон нь 95 настай. Ингээд бодохоор улам бүр цөөрч байгаа ахмад дайчдаа төр ивээлдээ авч, төрийн хайраа үзүүлэх ёстой.

Тэнгэрийн оронд одсон эрэлхэг дайчдынхаа баатарлаг түүхийг ч эргэн дурсаж, мөнхжүүлж байх хэрэгтэй санагдана. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан энэ мэт эгэл баатруудаа хүндэтгэх үүднээс энэхүү дурсамжийг тэрлэсэн юм.