Д.Цогтбаатар: Балгас болж байгаа барилгуудыг хувьчлахаас өөр яах билээ
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар
2014.08.14

Д.Цогтбаатар: Балгас болж байгаа барилгуудыг хувьчлахаас өөр яах билээ

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед Төрийн өмчийн хорооноос долоо хоног бүр дуудлага худалдаа зарлаж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөртэй холбоотойгоор өмч хувьчлал ийн эрчимжээд байна уу?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараагаар салбар бүхэнд шинэчлэл хийж эхэлсэн. Энэ тал дээр агентлагууд ч санаачилгатай ажиллаж байгаа. Түүний нэг нь л Төрийн өмчийн хороо /ТӨХ/.

Гэхдээ ТӨХ бол зөвхөн хувьчлал хийдэг байгууллага биш шүү дээ. Төрийн өмчийг ашиглах, захиран зарцуулах, тайлан бүртгэл гаргах гээд олон зүйлийг хийдэг.

5000 гаруй байгууллагын хөрөнгийн хөдөлгөөнийг зохицуулж байдаг байгууллага.

Энэ утгаараа механик ачаалал маш их.

Дуудлага худалдааны тухайд бол 1990-ээд оноос л өмч хувьчлалын ажил эхэлсэн. Бид ажлаа аваад ТӨХ-ны үйг ажиллагааг нийтэд ил тод болгосон. Эндээс гарч байгаа бүх шийдвэр, тогтоолуудыг албан ёсны вэб хуудсандаа байршуулдаг боллоо.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь бүгдийн нүдэнд ил тод харагдаж байгаа болохоор ойр ойрхон дуудлага худалдаа зохион байгуулаад байгаа шиг харагдаад байж болох юм.

-Төрийн өмчийг ээлж дараагаар хувьчлаад л байдаг Төр өмчөө зүй зохистой ашигладаг, тэр нь улсдаа үр өгөөжөө өгдөг хувилбарыг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ?

-Хатуу хэлэхэд сүүлийн 10 жил төрийн өмчийг үнэгүйдүүлэх, эзэнгүйдүүлэх тогтолцоо үйлчилсэн. Яг л цунамид өртсөн эд хогшил эзэнгүй урсч байдагтай зүйрлэж хэлж болно.

Өмчөө зөв тогтолцоогоор удирдаж байгаагүйгээс болж, төрийн өмчийг ашиглаж хувь хүн, компани хөрөнгөжиж болдог юм байна гэдэг сэтгэлгээ бий болсон. Хувийн компанид үзгээ 10 төгрөгөөр зардаг байхад төрийн компанид 100 төгрөгөөр шахдаг жишиг тогтчихсон л доо. Үүнийг дагаад төрийн өмч үнэгүйддэг, үрэлгэн болсон байх жишээтэй.

-Буруу хүнээр л удирдуулаад байсан гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм шүү дээ. Төрийн өмчийг удирдахаар очиж байгаа хүний сэтгэлгээ, менежментын багийнх нь арга барилаас хамаарч байгаа асуудал. Захирал нь сэтгэл гаргаад ажиллах юм бол ийм зөрчил гарахгүй л байхгүй юу.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн ганбөмбөлгийн асуудал байна. Хажууханд нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр гээд байж байхад гаднаас худалдаж авах хэрэг байсан уу. Үүнийг бид ярьж байгаад л шийдсэн. Зөвхөн эндээс л гэхэд жилд дөрвөн сая доллар хэмнэж байна. Энэ бол наад захын асуудал.

-Хоньчин хүн сүргээ чоноор мануулдаггүй. Гэтэл төр өмчдөө ийм хүйтэн сэтгэлээр хандаж иржээ. Үүний гол алдаа нь хаана байсан гэж та бодож байна вэ?

-Энэ тухайн үеийн төр, төрийн эрх барьж байсан хүмүүсийн л алдаа. Тэр алдааг нь бид засах гээд явж байна. Уул, овоо шиг, хог новш шиг болсон юмыг нь бид засах гээд сууж байна. Үнэнийг хэлэхэд урьд өмнөх алдаатай нь зууралдаж засах гэсээр шинэчлэлийнхээ гол бодлогыг ч тууштай хэрэгжүүлж чадахгүй байна.

-Алдаагаа     хүлээн зөвшөөрнө, олж харна гэдэг сайн л даа. Нэгэнт л хаана алдаа гарсныг мэдэж байгаа юм чинь хувьчлана гэж яаралгүйгээр зөв менежмент хийгээд төрөөс татаас авдаг биш төсөвт мөнгө оруулдаг “саалийн үнээ” болгож болохгүй гэж үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит компаниудтай холбоотойгоор хэвлэлийн хурал зарласныг санаж байна уу. Тэгэхэд анх удаа төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгааг мэдэгдсэн.

Өмнө нь энэ талаархи мэдээлэл хаалттай байдаг байсан. Бид олон нийтэд энэ талаар ил тод зарласан нь нэг талаар ард түмний хяналт бий болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд үүнийг мэдсэнээр төрд “Яагаад төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байна вэ” гэдэг асуулт тавина биз дээ.

Энэ бол компаниудыг ашигтай ажилуулахын төлөө хэрэгжүүлж байгаа менежментын нэг нь. Цаашдаа бодсон ч юм байна, одоо хэрэгжиж байгаа нь ч байна. Ер нь цаашдаа компанийн засаглалыг хөгжүүлэхийг зорьж байгаа.

2013 онд агентлагаас гаргасан бүх тушаал; Засгийн газрын тогтоолыг вэб хуудсандаа тавьсан. Ингэснээр иргэд биднийг юу хийж байгааг хүссэн үедээ ороод харж болно.Саяхан Засгийн газар агентлагуудаа хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тушаал гаргасан. Бид өмчөө мэддэг байгууллага учраас бусдадаа үлгэрлэх ёстой. Тиймээс хамгийн түрүүнд таван машинаа Засгийн газрын автобаазад хүлээлгэж өгсөн.

-Танай байгууллага 5000 гаруй байгууллагыг хариуцаж ажилладаг гэсэн байх аа. Нийт хэчнээн ажилтан албан хаагчтай вэ?

-60 гаруй хүн бий. Үүнээс 10-аад нь аж ахуйн чиглэлийн ажил хийгээд 50-иад нь л үндсэн ажлаа хийдэг.

-Тэгэхээр 5000:50 гэсэн үг. Дээр нь долоон машиныхаа тавыг нь Засагт хүлээлгээд өгчихөөр үлдэж байгаа хоёр автомашин чинь төрийн албыг залгуулаад байж дөнгөх үү. Хэмнэж байна гээд хэтрүүлээд байгаа юм биш биз дээ?

-Аудитын ерөнхий газраас төрийн байгууллагуудад шалгаад хийхэд “Эдгээр байгууллагын 2.1 хувь нь албан тушаалынхаа зэрэг дэвээр автомашин унах эрхтэй байна. Үүнээс гадна 5.6 хувь нь автомашин хэрэглэх эрхгүй албан тушаалтнууд албан хэрэгцээнд автомашин унаж байна” гэсэн судалгаа гарсан.

Тэр дотор манай таван машин байсан байхгүй юу. Цаанаасаа ямар албан тушаалтан автомашин хэрэглэх, хэн нь дуудлагаар хэрэглэж болохыг заагаад өгчихсөн байгаа. Тийм болохоор үнэхээр шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж болно шүү дээ. Энэ бол зөв зохистой менежмент хэрэгжүүлж байгаагийн л нэг хэлбэр юм.

-Эргээд өмч хувьчлал руугаа оръё. Төрийн өмчийн 22 компанийг хувьчлахаар болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын тогтоолоор 21 компанийг хувьчилна. Энэ бол “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг ажил. Энэ дагуу бид хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг баталж Засгийн газарт өргөн барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, эцэслэж шийдэгдээгүй байгаа асуудал. УИХ-аар хэлэлцэж; алийг нь хувьчилж болох болохгүйг шийднэ.

-Хувьчлах компаниудын жагсаалтад эрчим хүчний компаниуд багтсан байсан. Энэ дээр хувь улстөрчид байр сууриа илэрхийлээд эхэлчихсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэж байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Өмнө нь эрчим хүчний компаниудыг хувьчилж байсан түүх бий гэхдээ хувьчлах найман арга байдгийг санаарай. Жишээлбэл, менежментээр, уралдаант шалгаруулалтаар, Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж болно. Өөрөөр хэлбэл, компани руу нь чиглэсэн ажил хийнэ. Тухайн компанид 100 тэрбум төгрөгийн хэрэгцээ байлаа гэж бодоход тодорхой хувиа худалдсанаар хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлээ хийж болно. Гадна, дотноос хөрөнгө оруулалт татаж болно шүү дээ.

-Жишээ нь, “Шивээ овоо” компани дээр ямар асуудал байна вэ?

-“Шивээ овоо”-гийн хувьд 20 хувийг нь л худалдахаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ 20 хувь дээр нь л хувьчлалын асуудал яригдана гэсэн үг. Ер нь сүүлийн үеийн хандлагаас . харж байхад төр 34 хувь дээр нь хяналт бий болгоод 66 хувь дээр нь хөрөнгө оруулалт татах хэлбэр рүү явж байна.

Гаднын туршлагаас харахад, төрийн компаниудаа нэгтгээд олсон ашгаа улсын төсөвтөө өгөхгүйгээр доголдож байгаа компаниуддаа хөрөнгө оруулалт хийдэг. Хэрэв бүгд ашигтай ажиллаж байвал улсдаа хэрэгтэй зам, гүүр, боловсрол ч гэдэг нэм үү, тодорхой зүйлд хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийхээ хажуугаар өгдөг татвараа төлөөд л явж байна гэсэн үг. Ингэж л дэлхийд өрсөлдөх компаниудыг гаргаж ирдэг.

-Сайхан л сонсогдож байна. Гэхдээ эдийн засаг хямарсан байгаа одоогийн нөхцөлд компаниудаа хувьчлах нь хэр оновчтой шийдвэр вэ. Ийм үед дээр нь ашиггүй ажиллаж байгаа компаниудын үнэ цэн шалдаа бууж байгаа нь ойлгомжтой шүү дээ?

-Үүн дээр хөндлөнгийн хяналтын тогтолцоо үйлчилнэ. Мэргэжлийн       байгууллага хувьчлалд луйвар, хэн нэгний оролцоо байна уу гэдгийг хянана. Мөн хувьчлалд хамрагдсан компаниудын ажилчдын эрх ашгийг хамгаална. Хувьчиллаа гээд хаяхгүй.

Үйлдвэрчний зөвлөлтэй энэ тал дээр хамтарч ажиллана. Үнэ цэнийн тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хэн ч ашиглахгүй, тоосонд даруулаад хэвтэж байгаа өмчийг хувьчлахгүй тэгээд яах билээ.

Жишээ нь, орон нутгуудад байгаа нисэх буудлууд байна. Хэн ч ашиглахгүй балгас болоод байгаа эдгээр байгууламжийг хувьчилж эзэнтэй болгох хэрэгтэй шүү дээ. өр тэрийг өөр дээрээ байлгаад , -ах юм бэ. Сая бид нар заримыг нь дуудлага худалдаагаар худалдаад улсад 700 гаруй сая төгрөг орууллаа.

Нэг агентлаг, нэг яамны дэргэд зуслангийн газар, амралтын газартай байгаад байдаг. Тэр нь алдагдалтай байх жишээтэй. Төрөөс үүнд мөнгө гаргаад алдагдлыг нь нөхөж байх шаардлага алга. Оронд нь хувьчилсан нь дээр.

Төр тавьдаг хяналтаа л тавиад явсан нь дээр. Бас л 500-600 сая төгрөг болсон. Нийлээд тэрбум гаруй төгрөг болсон гэсэн үг. Хувьчлаагүй бол балгас болох нь болж, алдагдал нь жилээс жилд өсөөд л яваад байх байлаа.

-Магадгүй эдийн засаг хүнд байгаа энэ үеийг ашиглаад үнэгүйдүүлж байгаад авчих сонирхолтой хүмүүс байж болно шүү дээ. Сая ТЕГ-ын байрыг дуудлага худалдаагаар авах хүн олдоогүйгээс үнийг нь буулгасан гэсэн. Иймэрхүү зүйлсээс л иргэд болгоомжлоод байх шиг.

-Мэдээж тийм болгоомжлол байгаа. Ингэж хардах нь ч зөв. Гэхдээ бид төрийн өмчийг үнэгүйдүүлнэ гэсэн асуудал байхгүй. ТЕГ-ын байрны хувьд тодорхой хэмжээгээр бууруулсан нь үнэн. Дахиж бол буулгахгүй. Анх 13-14 тэрбум төгрөгөөр зарчих юм байна гэж тооцоолсон нь ч үнэн. Төр ч бай, ер нь хэн ч бай өөрт байгаа юмаа үнэд хүргэчих юмсан гэж бодно шүү дээ.

Тийм учраас эхэндээ асуудалд тэгж хандсан тал бий. Гэхдээ зах зээлийнхээ хуулиар яваад одоо боломжит үнэдээ хүрсэн гэж үзэж байгаа учраас дахиж буулгахгүй.

-Одоо хэдэн төгрөгөөр худалдах гэж байгаа билээ?

-Одоо 10.8 тэрбум төгрөгөөр худалдана. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбумаар л буулгасан гэсэн үг.

-“МИАТ”-ын өрийг бас Хөгжлийн банк төлнө гэсэн үү. Бас “Алтан дорнод Монгол” компани татварынхаа өрөнд өгсөн объект, газар зэргийг хувьчлах жагсаалтад орсон компаниудад хуваагаад

өгчихсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Компаниудыг ашиггүй ажиллаж байна гэдгийг ТӨХ зарлачихсан. Заримтай нь хариуцлага тооцоод эхэлчихсэн. Үүнээс гадна нийгмийн хариуцлага хүлээдэг компаниуд байгааг мартах учиргүй. Жишээлбэл, эрчим хүчний компаниуд байна.

Цахилгааны үнэ нэмлээ гэхэд иргэдэд ямраар тусах билээ. Иргэд хэрхэн хүлээж авах билээ. Тийм учраас төр алдагдлыг нь хүлээхээс өөр аргагүй. Төрийн үүрэг бол иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, ая тухтай сайхан амьдрах боломжоор нь хангах шүү дээ. “Алтан Дорнод”-ын хувьд төр өрөндөө тэдгээрийг аваагүй байсан бол яах байв гэдэг асуудал бас бий.

Тухайн компани чинь гадаадад бас өртэй байсан шүү дээ. Хэрэв Монголын төр газар нутаг дээрээ байгаа юмаа авч чадалгүй гаднынханд алдчихсан бол ард түмэн юу гэх байсан бол. Бид дотооддоо авч үлдсэн нь давуу тал. Тэр үйл ажиллагаа бол үүрэг чиглэлийнх нь дагуу аваад явж чадах компаниудад л өгсөн хэрэг.