Хагас жилийн дотор 320 хүн шалгалт хийхээр очжээ
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК
2014.08.11

Хагас жилийн дотор 320 хүн шалгалт хийхээр очжээ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон С.Одонтуяа нар Дорнод аймгийн Матад суман дахь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь Тосон-Уул ХК талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолдог бөгөөд түүхий тос цуглуулах, хадгалах, ачих нэгдсэн байгууламжийг шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирал Жан Вэй Шин танилцуулсан байна.

Тэрбээр барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл авахад 190 орчим хоног зарцуулдаг, 2014 оны эхний зургаан сарын байдлаар 14 байгууллагын 320 гаруй хүн хяналт шалгалтаар ирж шалгасныг дурьдаад хүнд суртлыг багасгах, хяналт шалгалтыг цэгцтэй болгох талаар дэмжлэг үзүүлэхийг Уул уурхайн сайд болон УИХ-ын гишүүдээс хүссэн юм.

Сайд Д.Ганхуяг Монгол Улсын төсөвт 2013 онд газрын тосны орлогоос 187,7 орчим тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд 2014 онд 228,2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Үүнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн олборлолт онцгой үүрэгтэй гээд, хөрөнгө оруулагч талд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй танилцуулж энэ хууль нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай хууль болсныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь газрын тосны олборлолтын чиглэлээр Монгол Улсад анхны том төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа компани болохыг тэмдэглэж, газрын тосны салбар нь Монгол Улсад шинэ тулгар хөгжиж байгаа ирээдүйтэй салбар тул цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэлээ.

Түүнчлэн хөрөнгө оруулагч тал өөрт ноогдох газрын тосны орлого болон ашгаас Засгийн газрын баталсан гэрээний загварын дагуу орон нутгийн хөгжилд олон улсын жишгээр дэмжлэг үзүүлж болохыг Газрын тосны тухай шинэ хуульд тусгасныг онцлов.