Мэндчилгээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Я.САНЖМЯТАВ
2014.07.10

Мэндчилгээ

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна. 

Та бид улс Монголоо хөгжүүлэн дэвжүүлж,  иргэн бүрээ ажилтай хөдөлмөртэй, айл гэр бүлээ  орлоготой хуримтлалтай байлгахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр, дагалдсан 9 дэд хөтөлбөр,  1 төслийг хэрэгжүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр 2014 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж  байна.

Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд 150 000 ажлын байр шинээр бий болгох томоохон зорилт дэвшүүлж, энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж, нийлүүлэлтийг дэмжих, мэргэжилтэй ажилтан бэлтгэж,  ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг өргөжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий байна.

Тухайлбал, 2014 оны эхний хагас жилд 15976   ажлын байрыг шинээр бий болгосон; эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, соёл, урлаг, төрийн үйлчилгээний бага тушаалын үйлчлэх ажилтны цалинг  тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн; Сум хөгжүүлэх сангаас 1366,9 сая төгрөгийн санхүүжилт хуваарилж, 246 төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 4759.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, үр дүнд нь  8 үйлдвэр шинээр багуулагдаж 24 үйлдвэр үйлдвэрлэлээ өргөтгөсөн; “ Чингис бонд” –ын эх үүсвэрээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар  100.0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн; Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны сургалтаар 6500 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн;  “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлж,  10000 оюутан залуусыг түр ажлын байраар хангахаар ажиллаж байгаа; Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах зорилогоор Улаанбаатар хот, Төв, Зүүн, Баруун болон Хангайн бүсийн Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-ийн “Хүний нөөц, захиргааны мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт”-ыг Улаанбаатар хот, Дундговь, Завхан, Сүхбаатар, Орхон аймгийн төвд бүсчлэн, үе шаттайгаар зохион байгуулсан зэрэг  үр дүнд чиглэсэн, бодит ажлууд  хийгдэж, Засгийн газраас яамдын 2013 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр тус яам 82,7 хувь буюу 4,13 оноогоор эхний байр эзэлснийг тэмдэглэн хэлэхэд таатай болно.

 Энэхүү үнэлгээ  нь  нэг талаас Хөдөлмөрийн салбарт хүчин зүтгэж яваа нийт ажилтан, албан хаагчид та бидний хамтын хөдөлмөрийн үр дүн бөгөөд, нөгөө талаас төр, засаг,  ард иргэдийн зүгээс илүү өндөр хариуцлагыг хүлээлгэж, улам эрч далайцтай ажиллахыг даалгасан үүрэг гэж ойлгогдож байна.

Иймд цаашид бид хамтдаа хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, тогтвортой, эрүүл аюулгүй ажлын байранд бүтээмжтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зохистой хөдөлмөрийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж бодитой дээшилж, цалин хөлсний хэмжээ нь амьдрал ахуйн хэрэгцээг хангахуйц түвшинд хүрэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллахын зэрэгцээ тус яаманд хамаарах тусгай сангуудын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээл олголтын асуудлыг иргэдэд илүү ил тод, нээлтэй болгож, иргэдийн зүгээс тавих хяналтын механизмыг бүрдүүлэх ажиллах шаардлагатай.

Ингээд Та бүхэндээ дэлхийд ганцхан Монгол наадмын мэндийг хүргэж,  Таны захыг нь мушигсан бөх тань бяртай, сүүлийг нь шуусан хүлэг тань хурдтай, эрчилж татсан сум тань ончтой байхын ерөөлийг дэвшүүлье.

Дэнж хотойтол сайхан наадаарай. 

        УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,  ХӨДӨЛМӨРИЙН САЙД Я.САНЖМЯТАВ