МЭНДЧИЛГЭЭ
Н.ТЭГШБАЯР
2014.07.10

МЭНДЧИЛГЭЭ

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласаны 102 жил, Ардын хувьсгалын 93 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн үндэсний их баяр наадмын халуун мэндийг уудам дэлгэр нутагтаа, эх дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүс та бүхэндээ өргөн дэвшүүлж, сайн үйл хуран цогцлохын өлзий дэмбэрэлийг ерөөе.

Өндөр технологийн хөдөлгөгч хүч болсон цөмийн технологийн энхийн хэрэглээ манай улсад 51 жилийн өмнө анх нэвтэрч байсан бол өнөөдөр бүх салбарын хөгжлийн салшгүй хэсэг болжээ.

Цөмийн зэсвэггүй статусаа олон улсын тавцанд бэхжүүлж, цөмийн технологийн энхийн хэрэглээг эрүүл мэнд, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээний бүхий л чиглэлд нутагшуулж, нэвтрүүлсэн технологидоо хяналт тавьж, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, салбарынхаа хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр Цөмийн энергийн газар онцгойлон анхаарч ажиллаж байна.

Цөмийн хаягдалгүй, цөмийн технологийн энхийн хэрэглээ өндөр хөгжсөн, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааг хангасан, цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулсан, боловсруулах үйлдвэртэй, чадварлаг хүний нөөцтэй, бүс нутагтаа тэргүүлэгч улс байхын төлөө та бид нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж тодорхой үр дүнд хүрэх нь дамжиггүй юм.

Цөмийн физикийн ололт амжилтыг хөгжлийн бодлого, хөтөлбөртөө уялдуулан өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Та бүхэн сайхан наадаарай

Н.ТЭГШБАЯР

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН

УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ