Д.Батцогт Тайваний их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Чен Мин, Тайваний Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Шиэн Минг Яан болон тус сургуулийн багш, оюутнуудыг өнөөдөр /2014.07.04/ хүлээн авч уулзлаа.
2014.07.04

Д.Батцогт Тайваний их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Тайваний Их сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Чен Мин, Тайваний Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Шиэн Минг Яан болон тус сургуулийн багш, оюутнуудыг өнөөдөр /2014.07.04/ хүлээн авч уулзлаа.

Тайваний Их сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Чен Мин уулзалтын эхэнд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад анх удаа айлчилж байгаагаа дуулгав.

Мөн тэрээр хэлсэн үгэндээ Монгол, Тайвань хоёр улс нь ардчилсан тогтолцоонд шилжсэн цаг хугацаа ойролцоо гэдгийг онцлон тэмдэглээд  цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, хоёр улсын харилцаа бүх салбарт хөгжин цэцэглэж буйг онцлоод ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллах нь нэн тохиромжтой талаар дурдав.

Дараа нь тэрээр Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүний талаар  дэлгэрэнгүй танилцуулж багш, оюутнуудын асуултад хариулт өгсөн юм.

Манай улсын соёл урлаг, тэр дундаа ардын урлаг, уртын дуу, хөөмийг оюутнууд ихэд сонирхож байгаагаа уулзалтын төгсгөлд  илэрхийллээ.

Тайваний Их сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Чен Мин тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч  даваа гарагт буюу 6 дугаар сарын 30-нд ирсэн бөгөөд манай улстай танилцахын сацуу Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор айлчилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.