Ц.Баярсайхан: Нийслэл болон аймгийн төвүүдийг дахин төлөвлөхөд Сингапурын туршлага ихээхэн ач холбогдолтой
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.06.19

Ц.Баярсайхан: Нийслэл болон аймгийн төвүүдийг дахин төлөвлөхөд Сингапурын туршлага ихээхэн ач холбогдолтой

Өчигдөр Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран “Хот төлөвлөлт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар зохион байгуулсан юм. Энэ семинарт Сингапур улсын Парламентын гишүүн, Үндэсний хөгжлийн яамны Амьдрах таатай хотууд төвийн хүндэт зөвлөх ноён Ма Бау Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл хамтран оролцов.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Энэ удаагийн се­ми­нарын ач холбогдлыг хэр­хэн дүгнэж байгаа вэ. Сингапураас олон зо­чид хүрэлцэн ирсэн нь тэд­ний талаас багагүй ач холбогдож өгч байгаагийн нотолгоо болов уу?

-Энэ семинарыг зохион байгуулснаар дэлхийн өндөр хөгжилтэй орны жи­шиг заг­­­варын талаар мэ­дээлэл, ойл­­голт авч хот төлөв­лөл­­­тийн шинэлэг арга, аргач­лал, тө­­лөв­лөлтийн зарчмаас су­ралцах, хот байгуулалтын үйл ажиллагаа шинэ түв­шинд хүрэх эхлэлийг тавьж, Монгол-Сингапур хоёр улсын хамтын ажил­ла­­­­гааны үр ашгийг дээшлүү­­лэхэд дор­витой түлхэц үзүүл­нэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын Засгийн газ­раас хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшлын харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, хот, тосгоны төлөвлөлтийг шинэчлэх замаар урт хугацаанд тогвортой хөгжлийг хангах, хүн ам эрүүл, аюулгүй, тав тух­тай аж төрөх хот сууринг байгуулах зэрэг бод­логын томоохон зорилтуудыг шийдвэрлэх асуудалд онцгой анхаарч хөрөнгө, хүчээ төвлөрүүлэн ажиллаж байгаатай ч энэ удаа­гийн се­минарын зорилго холбогдоно.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аж­лын хүрээнд Барилга, хот байгуулалтын яаманд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Дээрх зорилтуудыг хангах биелүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын яам хот байгуулалт, газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц нийтийн аж ахуйн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, орчин үеийн дэв­шилтэт технологи, олон улсын туршлагыг нэвт­рүү­лэх, нутагшуулах тэргүүлэх чиглэл ба­римтлан ажиллаж байна.

Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, ши­нэчлэн боловсруулах, аймгийн төв, дагуул хот, тосгодыг хөг­жүүлэх орон нутагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд эх­ний ээлжинд аймгийн тө­вүүдэд 1000 айлын орон сууцны иж бүрэн хороолол, инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон ба­­рилгын стандартыг нэвтрүүлэхийг бод­логоор дэмжин, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

-Хот байгуулалтын турш­лагыг заавал Сингапураас суд­лахын ач холбогдол, давуу тал юунд оршиж байна вэ?

-Сингапурын төлөөлөгчдийг Ерөнхий сайд, Хөгжлийнх нь сайдаар ажиллаж, нийт­­­дээ 23 жил парламентын гишүүн бай­сан маш их туршлагатай улстөрч Ма Бау Тан гуай удирдаж ирсэн тэдний зүгээс энэ удаагийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нотолгоо юм.

1950 онд эрх чөлөөтэй болсон өнгөрсөн бо­ги­но­хон хугацаанд Сингапурын олсон ололт, ам­жилт дэлхий нийтэд гайхамшгийг үзүүлж байгаа. Бид тэдний олсон ололт амжилт, туршлагыг зүгээр л хуулбарлах бус сайн засаглал, ардчилал эрх чөлөөг дээдлэх асуу­далд ямархуу байдлаар хандах вэ гэд­гийг сайтар судлах учиртай. Тэр ч үүднээс энэ удаагийн семинарыг тун өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Бид Улаанбаатар хот болон аймгийн тө­вүүддээ дахин төлөвлөлт хийхэд Сингапурын туршлага ихээхэн ач холбогдолтой. Одоогоор долоон аймгийн ерөнхий төлөвлөгөөг бо­ловсруулах ажил ид хийгдэж байна. Су­мын төвүүдийн инже­не­рийн дэд бүтцийн асуудлыг цогц байдлаар шийдэх асуудал яригдаж байгаа. Хот байгуу­лалтын цогц шийдлийг хэрэгжүүлэхийн тулд тэнд амьдарч байгаа ямархуу байдлаар орлого, ашгийг нь нэмэгдүүлэх юм, байнгын ажлын байраар хэрхэн хангах ёстой юм гээд Сингапурын туршлага тун өгөөжтэй юм.

-Та саяхан Сингапур улсад очиж хурал зөвлөлгөөнд сууж, туршлага судлаад ирсэн гэв үү. Аян замынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Саяхан Сингапур улсад дэлхийн хо­туу­дын дээд хэмжээний уулзалт болсон. Мөн АСЕАН-ы дэд бүтцийн сайд нарын 10 дахь уулзалт болсон. Энэ үеэр ерөөсөө л ухаалаг, хүн амьдрахад хамгийн таатай хотыг яаж барьж байгуулах вэ гэдгийг л ярилцсан. Хамгийн гол нь бид энэ хүмүүсийн явсан замаар нэг бүрчлэн давтахгүй аль болохоор түрүүлж хөгжих, цаг хожих нь хамгийн чухал юм.

Хот байгуулалтын цогц шийдэлд хү­рэхийн тулд манай иргэдийн бүтээлч орол­цоо, хамтын ажиллагаа хамгийн чухал шийдвэрлэх үүрэгтэй юм. Тэгээд ч Сингапур нөхөд минь энэ талаар олон чухал санаа авууштай зүйл ярьж байна. Хамгийн гол нь цаг алдалгүйгээр хот байгуулалтын шинэ шийдэл, цогц байдалд хүрэх нь Монгол Улсын эн тэргүүний зорилт байх ёстой гэдэг дээр ч санал нийлж байна.

-Манай улсын хот байгуу­лалтын түүх тийм ч урт зам­нал туулаагүй. Сингапур улс ч 50 гаруйхан жилийн түүх­тэйгээрээ ойролцоо байж бол­но. Улаанбаатар хотын хот төлөв­лөлтийг сингапурчууд хэрхэн дүг­нэж цэгнэж байгаа бол?

-Онцлог нь Сингапурчууд Улаанбаатар хотын дахин тө­лөвлөлт, ирээдүйг тун өөд­рөгөөр дүгнэж байгаа. Ялангуяа газар зүйн байрлалыг нь их сонирхож, хөгжин дэвжих бүх л нөхцөл байна гэж дүгнэцгээж байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хот суурин газар амьдарч байгааг өнөөдөр тоо гэж дүгнэж байна. Шинэчлэлийн Засгийн газар юуны өмнө хот байгуулалт, дахин төлөвлөлт хийхдээ өчүүхэн ч алдаа гаргахгүйн төлөө эхнээс нь тун чамбай ажиллаж байгаа.

Улаанбаатар хотоос гадна 17 аймгийн ерөнхий төлөв­лөгөөг шинэчлэн боловсруулна.

Энэ төлөв­лөлтүүдийг хийхдээ зүгээр нэг цаасан дээрх ажил биш бүх талаар амьдралд бүрэн хэ­рэгжих бололцоотой байхаар газрын албат, сум дүүргүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа. Жишээ нь Чойр хот гэхэд л химийн аж ахуй хөгжсөн, зэс хайлуулах томоохон үйлдвэртэй ч гэдэг юм уу, цаашилбал Дорноговь аймаг аль талаа түшиглэн хөгжих ёстой юм гээд нарийн төлөвлөлтүүд хийгдэнэ.

Бас Сингапурт ажиглаж явахад хот төлөвлөлтийг ард иргэдийнхээ амьдрал, ажил төрөлтэй нь үнэхээр нягт нямбай хол­бож өгсөн нь жаахан юман дээр ч илэр­хий байна лээ. Сингапурын иргэд нарийн мэргэшсэн бүх талаар амьдрах бо­лолцоо өндөртэй учир цалин хангамж нь ч дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байна.

Бид бага, дунд орлоготой иргэдээ най­ман хувийн зээлд хамруулж байгаа нь өөрсдийнхөө хэм­жээнд асуудлаа шийдэж эхэлж байгаагийн л илэрхийлэл юм. Болол­цооны амьдралтай хүмүүс найман хувийн зээлд хамрагдах, боломжгүйг нь орон сууц­ных нь метр квадратаар хязгаарлаад явж байгаа. Дараа нь үнэхээр энэ түвшинд очиж чадахгүй байгаа иргэддээ зориулаад түрээсийн орон сууц барьж эхэл­сэн. Сая Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дарга Сингапурын туршлагатай газар дээр нь танилцаж ихээхэн үр бүтээлтэй айлчлал хийгээд ирсэн.

Энэ нь эхнээсээ хот төлөвлөлтийн ажилд сууж эхэлснийг ч ярьж байна. Сингапурын ам­жилтад хүрсэн хамгийн гол ажил нь юуны өмнө бүх түвшинд сайн засаглалыг бэхжүүлж чадсанд оршиж байна. Тэнд авлига хээл хахуульд санаа зовох юм алга. Бүх түвшинд төрийн ажлыг иргэдийнхээ сайн сайхны төлөө 100 хувь зориулж чадаж байна. Түшмэдийн хүнд суртал, төрийн албаны чирэгдэл бараг л байхгүй гэж дүгнэж болно.

-Монгол Улсын хотжилтын өнөөдрийн түвшин дэлхий нийт­тэй харьцуулахад ямархуу хэмжээнд яваа бол?

-НҮБ-аас 2005 онд гаргасан “Дэлхийн хотжилтын төлөв байдал” илтгэлд “XXI зуунд хотжих явц улам эрчимтэй явагдана” хэмээн онцолж, 2030 он гэхэд хотын хүн амын тоо дэлхийн нийт хүн амын 60 хувь буюу 5 тэрбум болно гэсэн тооцооллыг хийсэн байна лээ. Манай улсын тухайд хотжилт 70 хувьд ойртож нийслэл, бүсийн тулгуур төв, аймгийн төв болох 23 томоохон хот, түүний ойр орчимд нийт хүн амын 60 хувь нь амьдарч байгаа юм. Ерөнхийдөө хотжих үйл явц хойшид улам эрчимтэй нэмэгдэнэ.

-Найман хувийн зээл олгогдохгүй бай­гаа тухай яригдаж байна. Энэ юунаас болж байгаа вэ?

-Найман хувийн зээл тасалдсан зүйл байхгүй. 20 жилийн хугацаанд орон сууц­тай болохоор зээл авч байгаа бага дунд ор­логотой иргэдийн эрэлт их байгаа болохоор энэ ажил үргэлжилдгээрээ үргэлжлээд л явна.

Орон сууцны нийлүүлэлтийн хувьд 2011-2012 онд ойролцоогоор 14 мянга орчим орон сууц нийлүүлэгдэж байсан бол 2013 онд бид 23 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Үүнээс 20300 нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авчихаад байгаа. Орон нутагт 5400 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Улаанбаатарт 6000 айлын орон сууц ашиглалтад орж, үл хөдлөх хө­рөнгийн гэрчилгээгээ аваад байна.