Тэвчишгүй хөдөлмөр эрхлэгч монгол хүүхэд 1.8 дахин нэмэгджээ
“Хүүхдэд аюултай ажил”
2014.06.13

Тэвчишгүй хөдөлмөр эрхлэгч монгол хүүхэд 1.8 дахин нэмэгджээ

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өчигдөр болов. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан энэ өдрийг өнөө жил 12 дахь жилдээ тэмдэглэж байна.

Эл өдөр хүүхдийн хөдөлмөрт бүх нийтээрээ анхаарал хандуулж, түүнийг устгах арга зам эрэлхийлдэг. Манай улс энэ жил “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор дээрх өдрийг тэмдэглэж, хэд хэдэн ажил зохион явууллаа.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэгч хөвгүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бол “Хүүхдэд аюултай ажил” нэртэй сургалтын богино хэмжээний киног телевизүүдээр дамжуулж, ажил хийдэг хүүхдийн талаарх мэдээллийг ХТҮГ-ын хүүхдийн утас 108-аар хүлээн авчээ. Тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн судалгааг дөрвөн жилд нэг удаа хийдэг. 2013 оны судалгаагаар Монголд ийм хүүхдийн тоо 98 мянгад хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Дээрх судалгааг зөвхөн өрхийн хэмжээнд хийсэн байна.

Аюултай, тэвчишгүй нөхцөлд ажилладаг 10 гаруй мянган хүүхэд цаана нь байгаа гэсэн албан бус тоо бий.

Хүүхэд хөдөлмөр эрхэлж, наснаасаа хүнд ачаа үүрч буйн нэг шалтгаан нь амьдрал тааруу, эцэг, эх асран хамгаалагч нь ажилгүй байгаатай холбоотой. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, төрийн байгууллагуудыг хамтран ажилладаг болгох шаардлагатай. ХАХНХЯ үүнд илүүтэй анхаарах юм байна.