Латви улсын ерөнхийлөгч Андрис Берзиншийн айлчлал эхэллээ
Гадаад харилцааны сайд Л.Болд угтан авлаа
2014.06.12

Латви улсын ерөнхийлөгч Андрис Берзиншийн айлчлал эхэллээ

Монгол Улсад энэ сарын 11-13-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр ирж буй Бүгд найрамдах Латви улсын ерөнхийлөгч Андрис Берзиншийг Чингис хаан нисэх онгоцны буудалд тосч авлаа.

Түүний айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Парламентын дэд дарга Андрейс Клементьевс, Гадаад хэргийн сайд Эдгар Ринкевичс, Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай Ина Друвете, Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс, Бүгд найрамдам Лавти улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин хатагтай Ингрида Левренсе нарын зэрэг албаны хүмүүс багтаж байна.

Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийх ба Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.

Мөн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын Олон улсын авто тээврийн тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т хоёр талын Засгийн газрын гишүүд гарын үсэг зурна.