Ц.Даваасүрэн: Эрүүл мэндийн төсвийг танаснаас болж хүйн халдвар гарсаныг мартаж болохгүй
25 цаг мэдээллийн хөтөлбөр толилуулж байна.
Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 500 орчим сая төгрөгөөр тасраад байгаа. Зургаан сарын сүүлчээр төсвийн хоёрдугаар улирлын дүн гарахаар энэ хэмжээ улам өсөх хандлага ажиглагдаж байгаа юм.
Тиймээс төсвийн алдагдлыг багасгахын тулд ямар зардлыг багасгах ёстой талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
"Сүүлийн хэдэн жилд төсөв нэлээд тэлсэн. 2000 онтой харьцуулахад 18 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад үргүй зардлууд гарч байгаа учраас өнөөгийн нөхцөлд үр ашиггүй зардлуудыг танах хэрэгтэй. Тухайлбал нэг яам гурав болж, олон агентлагыг нэмсэн явдлыг судалж, үнэхээр ажлын шаардлагаар бий болсон эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ улс төрийн зорилгоор үүсгэсэн бол бүтцийг багасгах ёстой.
-Хавтгайрсан зардлыг танах ёстой юу?
Миний хувьд бэлэн мөнгө тараах явдалд таагүй ханддаг. Оюутнууд, хүүхдүүдэд бэлэн мөнгө өгснөөс тэдний суралцах, амьдрах орчныг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн засгийн газрын үед 1,5 сая төгрөг өгөх нэрийдлээр 1,6 их наяд төгрөгийг ард түмэнд тараасан. Гэтэл тэр мөнгөний үр ашиг гэж юу байна вэ. Уг нь 1 тэрбум төгрөгөөр 160 үйлдвэр барих мөнгө шүү дээ.
-Улсын их хурлын гишүүдийн зүгээс төсөв батлагдах явцад тойргийн сэтгэхүйгээр хандаж барилга, байшин барихад мөнгө төсөвлөдөг?
Аль чиглэлээ тэргүүлэх хөгжил болгох вэ гэдгийг тодорхойлсон дунд хугацааны хөгжлийн стратеги байдаггүйтэй л холбоотой. Байсан бол тэрийгээ бариад л хөрөнгө оруулалт хийнэ.
-Зарлагыг хэдэн хувиар хасах шаардлагатай вэ?
Судалгаатай тооцож, хасах ёстой. 2009 оны гашуун туршлагыг бид санах ёстой. Хамгийн том төсөвтэй эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын төсвийн танаснаас болж эмнэлгийн анхан шатанд асуудал үүсч, хүйн халдвар гарч 10 гаруй хүн хохирсон. Ийм чухал салбарын мөнгийг танахын оронд илүү ургасан зүйлийг хасах ёстой.