Жил бүрийн 6 сарын 5-ны өдрийг Дэлхийн байгаль хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг
2014.06.06

Их дээд сургуулийн оюутнууд бүжгийн хэмнэлээр байгаль орчноо хамгаална

Жил бүрийн 6 сарын 5-ны өдрийг Дэлхийн байгаль хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан БОНХЯ-наас хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан "Флашмоб" тэмцээн юм. Уг тэмцээн "Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе" уриан дор Чингисийн талбайд зохион байгуулагдсан юм. Уг уралдааныг БОНХЯ, Монголын оюутны холбоо, UВS телевизийн "Ногоон ирээдүй" зорилтот эко нэвтрүүлгийн хамт олонтой хамтран зохион байгуулсан аж.

Энэ үеэр Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхантай ярилцав.

Тэрээр хэлэхдээ: “Байгаль орчны өдрөөр их дээд сургууль төгсч буй оюутан бүр нэг мод тарья гэж уриалж байгаа. Залуу хүний амьдралдаа хийх ёстой гурван зүйлийн нэг нь мод тарих явдал. Энэ жилээс эхлээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгсөгчдийн төгөлтэй болж байгаа” гэсэн юм.