Ойн баярын хурал
2014.05.29

Харилцаа, холбооны салбарын 93 жилийн ой боллоо

Монголд харилцаа, холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Тус салбарынхан ойн баярын хурлаа хийлээ.

Орчин цагийн холбоо мэдээллийн эхлэлийг 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тавьж байсан түүхтэй. 1921-1948 онуудад шуудан тээврийг авто машинаар гүйцэтгэж, шуудангийн анхны маркийг гүйлгээнд гаргаж, цахилгаан мэдээний анхны шугамыг татаж байсан юм. Улмаар 1933 оноос эхлэн анхны 100 номерын багтаамжтай телефон утасны станци, түүнчлэн анхны радио өргөн нэвтрүүлгийн станциудыг байгуулж байсан юм. Мөн холбооны түр сургууль, холбооны техникум байгуулагдсанаас эхлэн орчин үеийн харилцаа, холбооны хөгжлийн суурь тавигдсан гэдэг.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа:

Мэдээллийн технологийг ашиглаж Монгол улсад хэрэгтэй гэсэн бүхнийг хийх ёстой. Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан том төрөөс ухаалаг төр лүү гэсэн санааг хэрэгжүүлэхэд МТШХХГ-ын гүйцэтгэх үүрэг асар их. Тиймдээ ч бид гол ажлуудаа үүнд чиглүүлж байна. Шинэчлэлийн Засгийн Газрын хийж буй ажлын 90 орчим хувь мэдээллийн технологитой салшгүй холбоотой. Яагаад гэвэл бүх салбарт мэдээллийн технологи хурдацтай нэвтэрч байна. Тэр утгаараа эдийн засагт тодорхой үр дүнгүүд гарч байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 70 шахам сумдын 37 нь шилэн кабелд холбогдоогүй байна. Учир нь шилэн кабелд холбогдсон сумдын хоорондын зай 100-150 км байна. 150 км-ээс давбал тухайн суманд дахин дамжуулах өсгөгч суурилуулах хэрэгтэй болдог.