Ц.Жадамбаа: Цахим гарын үсэг ирэх сараас олгоно
Ц.ЖАДАМБАА
2014.05.27

Ц.Жадамбаа: Цахим гарын үсэг ирэх сараас олгоно

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.ЖАДАМБААТАЙ ярилцлаа.

-Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөг хүртэл хэрэглээнд нэвтрээгүй байна. Яг хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ?

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хийх ёстой ажлаа бүгдийг нь хийсэн. Одоо зөвхөн иргэний цахим үнэмлэхэнд цахим гарын үсэг суулгах ажил л үлдсэн. Энэ асуудал Улсын бүртгэлийн ерөнхий газарт хамааралтай. Хоёр байгууллагын яриагаар бол ирэх сарын 15-ны өдрөөс эхний тараалтыг хийхээр төлөвлөсөн.

-Эхний ээлжид хэчнээн иргэнийг хамруулах вэ?

-Энэ жилийн хувьд 200 мянган иргэнд цахим гарын үсэг тараана. Гэхдээ юуны өмнө 70 мянган аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарт тараагдах болов уу гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, цахим гарын үсэг зайлшгүй шаардлагатай иргэдэд түрүүлж олгоно гэсэн үг.

-Цахим гарын үсгийн талаарх ойлголт иргэдэд бараг алга. Та энэ тухай товчхон танилцуулж болох уу?

-Тусгай уншигчид цахим иргэний үнэмлэхээ уншуулахаар танд өмнө нь олгосон нууц кодийг нэхнэ. Ингэснээр иргэний үнэмлэхэн дэхь цахим гарын үсгийг таньжонлайнаар үйлчилгээ авах боломжтой болох юм. Үүний давуу тал нь гэвэл жишээ нь, иргэн Жадамбаа гурван яамнаас бичиг авах байлаа гэвэл магадгүй гурав бүр арван өдрийг зарцуулах байж гэж бодъё. Тэгвэл цахим гарын үсэгтэй болсноор та цахим үнэмлэхээ уншуулж, өөрийгөө таниулсны дараа таньтай холбоотой мэдээллийг Үндэсний дата төвөөс шүүж үзээд зөвшөөрөл өгч болох эсэхэд тэр дор нь хариу өгөх юм. Энгийнээр хэлбэл, та оршин буй газраасаа төрийн үйлчилгээ авах боломжийг цахим гарын үсэг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр ажил хөөцөлдөх гэж албан байгууллагын үүд сахиж, цаг алдахгүй. Дагаад хөрөнгө мөнгөө гарлагдахгүй гээд давуу талтай.

-Хэрвээ иргэний үнэмлэх эсвэл нууц кодоо алдвал мэдээлэл хамгаалах нууцлал хэр сайн хангагдсан бэ?

-Үүнд огтхон ч эргэлзэх хэрэггүй. Өндөр хөгжилтэй олон улс оронд ашигладаг технологийг бид нэвтрүүлж байна. Үнэмлэхээ гээгдүүлвэл таньд байгаа нууц кодгүйгээр ашиглагдахгүй. Нууц кодоо санаатайгаар бусдад хэлж, ашиглуулаагүй л бол ямар нэг асуудалгүй.

-Цахим гарын үсэг нь хуулийн өмнө хүчин төгөлдөр байж чадах уу?

-Хуулийн өмнө хүчин төгөлдөр үйлчилнэ. Цахим гарын үсгээр гэрээ байгуулсан байна, хүчин төгөлдөр биш гэсэн шийдвэр гаргах ямар ч үндэслэл байхгүй. Хуулиар зохицуулсан.

-Цахим иргэний үнэмлэхэнд шинэ үйлчилгээ нэмэгдэж байгаа юу?

-Үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд хурууны хээгээ уншуулаад ТҮЦ машинд захиалга өгөх боломжтой. Ингэснээр заавал харъяа хороондоо хандах шаардлагагүй болох юм. Мөн ирэх сарын эхээр Улаанбаатар хотын 56 цэгт ТҮЦ машиныг нэмэлтээр байршуулна. Долдугаар сараас цахим гарын үсэгний тусламжтай төрийн 25 үйлчилгээг онлайнаар авч эхэлнэ. Түүнчлэн зургадугаар сарын дундуур 150 суманд интернэт нээх гэж байна. Цаана нь 37-хон сум интернэтэд холбогдох дутуу үлдэх юм.

-Манай улсад Ази, Номхон далайн бүсийн 21 орны төлөөлөгчид оролцож байгаа “Кибер аюулгүй байдлын форум” болж байна. Үүний зохион байгуулагчаар нь танай агентлаг ажиллах байгаа. Форумаас ямар үр дүн хүлээ» байна вэ?

-Кибер аюулгүй байдал гэдэг нь мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дагаж гарч ирдэг асуудал. Юу гэсэн үг вэ гэхээр та гар утсаа гаднын халдлага, вирусаас хамгаалахын тулд вирусын эсрэг программ суулгадаг. Үүнийг том хэмжээгээр нь харвал мэдээллийн технологи хэр хурдацтай нэвтэрч байгаагаас шалтгаалж, аюулгүй байдлыг заавал хангах ёстой. Энэ чуулганаар тухайн улс орон кибер халдлагаас яаж урьдчилан сэргийлж байна, дэлхий нийтэд кибер халдлага ямар төвшинд хөгжсөн, сэргийлэх туршлага нь ямар байна зэрэг асуудлыг хоорондоо ярилцах юм. Өөрөөр хэлбэл, “Ази, Номхон далайн бүсийн орнуудын V форум” манай улсад зохион байгуулагдсанаар гарах үр дүн нь маш энгийн. Кибер халдлагын талаарх ойлголтоо бид нэмэгдүүлнэ. Мөн үүнээс сэргийлэх аргачлал болон урьдчилан сэргийлэхэд суралцах таатай боломжийг олгох юм. Энэ форумаас бид зөвлөмж гаргаж, бодлогын асуудлыг хэлэлцэнэ. Хэрвээ энэ форумыг зохион байгуулахгүйгээр дэлхийн улс орны кибер аюулгүй байдлыг бид дангаараа судалбал маш их хөрөнгө шаардлагатай. Харин эх орондоо үүнийг зохион байгуулснаар эдгээр төлөөлөгчөөр дамжуулж судлах цаашлаад хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжыг олгоно. Нөгөө талаасаа Монгол Улс эх орондоо энэ хурлыг зохион байгуулснаар дэлхийн улс орны өмнө төвшин ахисан гэдгээ харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс одоо сонсогч биш арай өөр төвшинд хүрсэн шүү гэдгийг л энэ хурлаар дамжуулж илэрхийлэх хэлбэр л дээ.

-Өмнө нь Мобиком болон хэд хэдэн банк, төрийн байгууллагын нууц мэдээлэлд халдсан хэрэг гарч байсан. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө гадны улсаас нэгэн томоохон коспанийн сүлжээнд нэвтэрсэн гэх хэрэг гарсан гэсэн. Манай улсын хуулиар үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

-2014 оныг эрхзүйн шинэчлэл болгож зарласны гол хүчин нь энэ юм. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Цахим засгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл-хамгаалах тухай хууль гэсэн дөрвөн хуулийг батлахаар яригдаж байна. Өгөгдөл хамгаалах тухай хуулиар мэдээллийг техник хангамжаас гадна хүнээс хамгаалах асуудал давхар яригдаж байгаа. Жишээ нь, Жадамбаа гэдэг хүн Иргэний бүртгэл мэдээллийн төвд ажилладаг байлаа гэхэд таны мэдээллийг хэрхэн яаж зохистой, аль төвшинд ашиглах вэ, нууцыг яаж хадгалах вэ гэдгийг тодорхойлж өгдөг хууль нь энэ. Кибер аюулгүй байдлын тухай хууль гэхээр бид улсынхаа хил дээр цэрэгтэй мөртлөө кибер орчинд цэрэг байхгүй. Тэгэхээр кибер гэж юу хэлэх вэ, түүнтэй яаж тэмцэх вэ гэдэг тодорхой заасан хууль юм. Энэ мэтчилэн эдгээр хуулиудыг энэ жилдээ багтаж батлахаар ажиллаж байна. Энэ хурлаас гарах илтгэл, зөвлөмж, олон улсын туршлагыг мөн эдгээр хуульд тусгаж өгнө. Нэг ёсондоо энэ хурлаас “шифи” авч байна гэсэн үг.

-Томоохон гэмт халдлагаас гадна системийг доголдуулж байдаг вирусууд байнгын идэвхтэй байдаг. Эдгээр бүртгэх, урьдчилан сэргийлэх ажил найдвартай ажиллаж чадаж байна уу?

-Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг Кибер аюулгүй байдлын газар дээр тусдаа бие даасан бүтэц бий. Мөн Үндэсний дата төв дээр 24 цагаар хяналт, үйл ажиллагаа явдаг. Нэг үгээр хэлбэл, гаднын болон дотооддоос гарч байгаа бүх урсгал энд бүртгэгддэг. Халдлага биш юм аа гэхэд системийг доголдолд хүргэдэг байнгын идэвхтэй байдаг вирусуудаас 24 цагаар хамгаалалт хийдэг. Өнөөдөр комьютер, гар утас гацахгүй ажиллаж байгаагийн цаана кибер аюулгүй байдлын систем ажиллаж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард салбарын анхдугаар чуулган болсон. Энэ үеэр программ хангамжийн компаниудад зээл тусламж олгох тухай яригдаж байсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн ямархуу байна вэ?

-Эхний зээл гарчихвал үр дүн гарна гэж тухайн үед би хэлж байсан. Гэтэл “азаар” үр дүн нь саяхан гарч “Синглтон” компани 280 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үйл ажиллагаагаа эхэллээ. Дараа дараагийн компаниуд зээл авахаар материалаа бүрдүүлж байна. Одоо зээлийн барьцаа хөрөнгө гэдэг дээр асуудал үүсч байна. Хэдийгээр зээлийн батлан даалтын сан ажиллаж байгаа ч тухайн компани үл хөдлөх хөрөнгө барьцаалах асуудал тулгардаг. Ингэхээр оюуны өмчийг барьцаалж, зээл олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ нь дан ганц манай байгууллага биш Оюуны өмчийн газраас давхар хамаардаг. Уг нь олон улсад хэрэгжүүлдэг жишиг бий. Үүнийг нь монголд оруулж ирэхээр судалж байгаа.

-Ерөнхий сайдын дэргэдэх IТ зөвлөлийн гишүүнээр та ажилладаг. Эндээс “Цахиурын хөндий”-д инноваци хийж чадах залуусыг бэлтгэж, тийш нь илгээе гэдэг санааг гаргаж байсан. Үүнийг сонссон зарим мэргэжлийнхэн шал дэмий цаг нөхцөөсөн зүйл гэж харж байна. Энэ санаа үнэхээр амжилтад хүрэх болов уу?

-Амьдрал дээр хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Бид “Монгол толгой Силикон хаус” гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркид саяхан нээлээ. Тэнд чинь л бидний яриад байгаа инновацийг хийх юм. Компаниуд бүтээгдэхүүнээ туршиж, үйлдвэрлэх, олон улсад гаргах процесийг энд хийх юм. Үүний дараагийн шат нь Санфранциско хотын “Цахиурын хөндий”-д Монгол Улсын далбаатай албан өрөөгөө нээхээр ажиллаж байна. Хэрвээ энэ нь богино хугацаанд биелчихвэл АНУ-гаас захиалга авч Монголоос нийлүүлэх гэсэн гүүр бэлэн болох юм. Ямартай ч Монголын оюунлаг залуусыг нэгтгэж, үйлдвэрлэл явуулдаг лабораторийг нээчихлээ. Бид худал яриа гэдгийн баталгаа нь энэ.

-Таниас хиймэл дагуулын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Манай улс төлөвлөснөөрөө 2016 онд хиймэл дагуул хөөргөхийн тулд заавал хоёрдогч этгээдтэй хамтарч ажиллах шаардлагатай. Гэтэл өнөөг хүртэл үүнийгээ сонгоогүй, зөвшилцөөгүй байгаа гэсэн. 2016 он болоход жил гаруйнхны хугацаа үлдлээ. Бид үнэхээр хиймэл дагуул хөөргөж чадах болов уу?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг л хүлээж байна Бидний харж байгаагаар долдугаар сард шийдвэр гарчихвал 2016 ондоо амжина. Хэрвээ шийдвэр нь удвал хугацаа хойшлогдох байх. Хэдийгээр бид 2016, 2017 гэж байгаа боловч ямар нэгэн байдлаар бид хиймэл дагуулыг хөөргөх ёстой. Энэ нь үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, салбарын хөгжил гээд олон талын ач холбогдолтой зүйл. Өдөр бүр утсаар ярьж, интернэт ашигладаг хэр нь энэ салбарын талаар өрөөсгөл ойлголттой хүнд бол энэ нь хэзээ ч давахгүй даваа мэт санагдах байх. Гэхдээ бидний хувьд бүрэн боломжтой зүйл. Манайхаас ч буурай хөгжилтэй улс орон хиймэл дагуул хөөргөсөн. Саяхан гэхэд Бруней хөөргөлөө. Сансар огторгуйдаа өөрийн гэсэн орон зайг эзлэх нь тухайн улс оронд ямар чухал бэ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Магадгүй хоёулаа хиймэл дагуул хөөргөх болсон гэдэг баяртай мэдээтэй уулзах байх гэж найдаж байна.