Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.05.28/ хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсlийг хэлэлцэх эсэх асуудал байв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм.
Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт (МАК)” ХХК.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны 2 дугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ц.Нямдорж, Б.Ганбат, Д.Батцогт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.