А.Мөнхбат: Монголын интерпренерүүдийг Монголын бахархал болгоё
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.
-Монголын залуучуудын холбооноос ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай холбооноос тавдугаар сарыг унадаг дугуйнх болгоод зарлачихсан байгаа. Сүүлийн зургаан сарын турш залуучуудын санаачилгаар нийслэлээ унадаг дугуй унах тохиромжтой хот болгох үүднээс “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлсэн. Улаанбаатар хот өөрөө эко хот болох ёстой. Эко хот болохын эхний ажил бол дулааны улиралд унадаг дугуйгаа уначихдаг байх хэрэгтэй. Дугуй унана гэдэг нь хүн эрүүл мэндээ бодож байгаа хэрэг. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хөдөлгөөний дутагдалтай байдаг. Тэр дундаа залуу хүн хөдөлгөөний дутагдалтай
байна гэдэг эмгэнэл. Тиймээс хөгшчүүлийн ярьдаг хөгширч биш хөшиж үхдэг юм байна гэдгийг залуучуудын түвшинд байлгахгүй байх зорилготойгоор энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Нийслэлчүүд өнөөдөр үүний үр дүнг ч харж байгаа. Залуучууд маш ихээр дугуй унаж байна. Хуучин бол хааяа л унаж харагддаг байсан бөгөөд тэднийг нь нийслэлчүүд бүгд таньдаг байсан. Харин одоо дугуйтай явж байгаа залуучуудыг тоолоод барахгүй болсон. Манай холбооноос энэ тавдугаар сардаа багтааж дугуй болон спортын техник хэрэгслийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх саналыг УИХ-д өргөн барина.
"Яагаад дугуйнаас гадна спортын тоног төхөөрөмж гээд байгаа нь манай холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд залуучууд аялах нь аялаад, дугуйгаа унах нь унаад, гүйх нь гүйж байгаа. Харин спортоор хичээллэх гэхээр заал нь хүрэлдээ муутай байна. Нэг үеэ бодоход фитнесс олон болжээ. Үүнийг л олон болгох хэрэгтэй байна. Иймд зарим татварын хөнгөлөлт эдлүүлэх ёстой гэж үзсэн. Мөн энэ төрлийн бизнес эрхэлж байгаа тохиолдолд орлогын албан Татварыг тэглүүлэхийг зорьж байгаа. УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлгийн гишүүд үүнийг дэмжих байх гэдэгт итгэлтэй байна.
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйны зам барих нь чухал байх. Татварын хөнгөлөлтөөс эхлээд энэ асуудлаа шийдэх хэрэгтэй юм биш үү?
Сүүлийн зургаан сарын турш залуучуудын санаачилгаар нийслэлээ унадаг дугуй унах тохиромжтой хот болгох үүднээс “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлсэн.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд замаа барих ажлыг үргэлжлүүлнэ. Бидний хувьд төсөв мөнгө хүнд байгааг ойлгож байгаа. Гэхдээ боломжтой газруудад дээр зохицуулалт хийгээд дугуйн замыг олон болгоно. Нөгөө талаар дугуй унах нь элбэгшиж байгаатай холбоотойгоор сөрөг үзэгдлүүд гарч байна. Үүнтэй уялдуулан Замын цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээг байгуулж байгаа.
Дугуй унахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ, замын хөдөлгөөнд ямар дүрмээр оролцох бэ, осол гэмтлийн үед яаж ажиллах вэ, дугуйг хэрхэн бүртгэлжүүлэх вэ зэрэг арга хэмжээг авна. Бүртгүүлсэн унадаг дугуйг даатгалд хамруулах, түүнийг лизингийн үйлчилгээгээр худалдан авах зэрэг арга хэмжээг ч зохион байгуулна. Манай жингийн илүүдэлтэй буюу “нэг булчин”-тай залуучууд гэдсээ арилгахын төлөө дугуй унаж, охид бүсгүйчүүд спортлог залуучуудад шуурдаг тийм хандлага бий болгожээ.
Удахгүй бид Ерөнхийлөгчид “Өлчир чийрэг Монгол” гэсэн зарлигийн төсөл өргөн барина. Азийн залуучууд дотор бид хамгийн чийрэг, өлчир, биерхүү болон гоолиг залуучууд болох боломж байгаа. Цөөхүүлээ учир зөв хичээллэх юм бол Азийн залуучуудаас товойж гарах боломжтой.
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл 2014 оны төсөвт тусгахаар оруулсан боловч дэмжигдээгүй?
-Дэмжигдээгүй гэж хэлж болохгүй. Дэмжигдээд олон гишүүний санал авсан. Гэхдээ өнгөрсөн жилийн төсөл бол нэлээд хүнд байсан. Нөгөө талаар Засгийн газраар дамжуулж ороогүй учир УИХ-ын гишүүд дундаас нь оруулж, ирэхгүй зарчмын санал гараад нэмэлт саналуудыг хаасан.
-Энэ онд дугуйн хэдэн километр зам ашиглалтад орох вэ?
-Нийслэлд унадаг дугуйны зам барихад нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд тендер зарлагдахад хоёр компани шалгарч, ажлаа эхлүүлсэн байгаа. Энэ онд 20 орчим километр зам тавигдана. Эхний зам Бэлх рүү ашиглалтад орсон байгаа. Мөн Богдхан уулын араар 17.2 километр зам байгаа. Үүнийг УИХ-ын даргаар дамжуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хүргүүлж, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ зам ашиглалтад орсноор Богдхан уул бүтэн тойрсон засмал замтай болно.
УИХ-ын дарга З.Энхболдтой хамтран “Богд хан тур” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна Ерөнхий сайдын багцаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн болон гүйлтийн зам тавигдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Мөн Сэлбийн гол дагуу дугуйн зам тавигдана гэж ойлгож байгаа. “Бээжингийн гудамжинд дугуйн зам тавиач” гэсэн хүсэлтийг Хятадын Элчин сайдын яаманд нийслэлээр дамжуулан хүргүүлсэн байгаа.
-Азийн залуучуудын чуулга уулзалт ирэх есдүгээр сард болно. Энэхүү чуулга уулзалтад хэчнээн орны төлөөлөгч оролцох бэ?
-Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд Азийн залуучуудын чуулга уулзалтад манай улсын залуучууд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон, Үүний үр дүнд ч энэхүү чуулганыг эх орондоо зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг авч чадсан. Ерөнхий сайдын шууд ивээл дор ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод болно. Азийн 25 орны төлөөлөгч оролцоно.
Би Азийн залуучуудын зөвлөл, Дэлхийн залуучуудын ассамблейтэй очиж уулзаж, эх орондоо зохион байгуулах гэж байгаа чуулганы бэлтгэл ажлын талаар ярилцаж, тохиролцсон. “Залуучууд ба эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдах бөгөөд чуулганд Монголын талаас 300, гадаадын орнуудаас 300 орчим төлөөлөгч оролцоно. Монголын Талын төлөөлөгчдийг удахгүй зар гаргаж бүртгэнэ. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд нэмэлт хоёр хурал зохион байгуулна. Зүүн Хойд Азийн залуучуудын анхдугаар форумыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулна.
-МЗХ-той салшгүй холбоотой асуудал бол Хүүхдийн парк. Өнөөдрийн байдлаар таг чиг байна?
-Хүүхдийн паркийн тэмцэл зогсоогүй байгаа. Хуультай болсон болохоор хуулийнхаа зарчмыг баримтлаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын залуучуудын холбоо хэдэн популистууд суучихсан, эсвэл энэ байгууллага эргээд татан буугдаад алга болчихдог хүний гар цүнхэд явдаг гэрчилгээ, тамга биш. Бид бол хариуцлагатай, олон жилийн түүхтэй байгууллага. Тэр утгаараа бид аливаа зүйлд байх ёстой хэмжээнд нь байх ёстой хуулийнх нь хүрээнд бүх зүйлийг хийгээд явж байгаа. Бид шүүх дээр очоод гацаж эхэлсэн. Иргэдийн өгч байсан гомдлууд маш ихээр унасан.
Ер нь паркийн хувьчлалын асуудал анхнаасаа хууль бус байсан. Гэтэл үүнийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн хувьд бид мухардалд хүрээд байна. Тийм учраас энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд хэлэлцүүлээд тодорхой зөвлөмжүүд гаргаад холбогдох байгууллагад хүргүүлэх нь зөв гэж ойлгож байна. Удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх асуудлаа өргөн барина. Мөн хүүхдийн паркийн асуудлаарх хоёрдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Паркийн хувьчлалын асуудал анхнаасаа хууль бус байсан
“Яагаад паркийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм”, “МСS амласан амлалтаа биелүүлсэн үү”, “Үлдсэн газар дээр нийслэл яах гэж байгаа” зэрэг олон асуудлыг тодруулахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулна. “Мон-Уран” “Дахиад байшин барина” гээд ороод ирж байгаа. Саяхан Хүүхэд залуучуудын соёлын төвийг бүрэн засварлаад ашиглалтад орууллаа. Муу хэлүүлээд байдаг Ерөнхий сайд хэдэн төгрөг олоод засч өглөө. Нөгөө талд Хүүхэд залуучуудын техникийн ордон байгаа. Энэ мэтчилэн нэг нэгээр ажилд оруулж байна.
-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хэзээ зохион байгуулах вэ?
-Энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлыг харж байж шийднэ. Учир нь биднийг мушгичих гээд байдаг тал бий.
-Анхны хэлэлцүүлгийн амлалтууд биелж байгаа юу. Аль эсвэл талаар болсон уу?
-Б.Наранхүү “Буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Гэтэл “Д.Баясгалан өгөхгүй байна шүү дээ” гэж хэлэх юм шиг байна. Гэтэл нөгөөдүүл нь өгөх байтугай нийслэл дээр гацчихсан суугаа. Нийслэл ч ажлаа хийхгүй байна. Уг нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур Нийслэлийнхэнд ичих булчирхай байна уу, байхгүй байна уу. Олны анхаарлын төвд орчихсон байгаа энэ асуудлыг эрх барьж байгаа хүмүүс яагаад шийдэхгүй байгаа юм. Надаас асуухаас илүүтэйгээр тэр хүмүүсээс асуух ёстой. Бид бол төрийн бус байгууллага.
“Форбес” сэтгүүл дэлхийн шилдэг 30 залуу шалгаруулдаг байтал танайх “Форбес Монголиа” сэтгүүлтэй хамтран, Монголын шилдэг 40 залуу шалгаруулах гэж байна. Яагаад 40 гэж?
-Өнөөдөр Монголд мөнгө олж буй хүнийг нийгмийн үнэтэй хэсэг гэж харахгүй байна. Төрд тухалсан дарга нарыг л дугаар 1 гэж хараад байна. Ингэж болохгүй. Нийгэмд баялаг бүтээж байгаа хүмүүсийг бид дээдлэх ёстой. Монголын интерпренерүүдийг Монголын бахархал болгох гэж ийм жагсаалт гаргах юм. Монголын нөхцөлийг харгалзаж үзээд 40 нас доторх шилдэг залуусыг шалгаруулахаар болсон. Залуус бидэнд мөнгө төлж, “Би нэгдүгээрт жагсана” гэж байр эзлэх юм биш, гаргасан амжилт, нийгэмд бий болгосон баялаг, олсон босгосон хөрөнгөөрөө жагсах юм.
-Нэр дэвших залуучуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Нэр дэвших анкет дээр хэд хэдэн ерөнхий асуулт байгаа. Хамгийн гол нь амжилт гэсэн зүйл байж байгаа. Залуус гаргасан амжилтаа нотлох зүйлээ дэлгэрэнгүй бичихээс гадна, хавсаргаж ирүүлж болно. 40 хүртэлх насны, амжилттай явж байгаа залуучууд бүгд нэр дэвших боломжтой. Тэдгээр залуусыг хэн ч нэр дэвшүүлж болно гэсэн үг. Жишээ нь компани амжилттай явж байгаа залуучуудаа нэр дэвшүүлж оруулж ирнэ. Бид 40 гаруй төрлийн салбарыг ангилж гаргасан. Нэр дэвшүүлэх апплейкшн гаргасан бөгөөд түүнийг бөглөөд тавдугаар сарын 20-ны дотор манай зохион байгуулах хороонд материалаа ирүүлэх юм.