2014.05.14

Х.Баттулга: Залуу командын хувьд их урам, зориг юм

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёрдахь удаагаа амжилттай зохионо байгуулагдлаа. Монголын Жудо бөхийн холбоо тус тэмцээний зардал болоод тамирчдыг ая тухтай байлгах бололцоогоор сайн хангасныг тэмцээнд оролцогчид хэлж байсан.

Багийн төрлийн тэмцээн өрсөлдөөн ихтэй болж аваргуудаа тодруулсан юм. Нийт зургаан орны шилдгүүд хуран цугларч хоёр өдрийн турш үзүүштэй уран мэхээрээ аваргын медалийн төлөө өрсөлдлөө. Үүний эцэст манай эрэгтэй баг тамирчид аваргын төлөө БНСУ-ын тамирчидтай өрсөлдөж 5:0 харьцаатай ялалтыг авч Зүүн Азийн аварга багаар тодорлоо. Харин эрэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медалийг Японы баг тамирчид хүртлээ.

Тэд хэлэхдээ Монголын баг тамирчдаас суралцах зүйл олон байсныг онцолж байлаа. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдгүүд хуран цуглардаг. Тус тэмцээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, МУГТ Б.Уранцэцэг, С.Батцэцэг тэргүүтэй шилдгүүд “Grand Island”оролцоод Зүүн Азийн аваргын тэмцээнд оролцоогүй өнжсөн ч манай жудо бөхийн хоёрдугаар шигшээгийнхэн бэлтгэл сайн байгаагаа нотлон харууллаа.

БНСУ-ын тамирчидтай өрсөлдөж 5:0 харьцаатай ялалтыг авч Зүүн Азийн аварга багаар тодорлоо

Олимпийн аваргуудын залгамж халаа сайн бэлтгэгдэж байгаад үзэгч түмэн таатай байлаа. Багийн төрлийн барилдаанд манай эмэгтэй тамирчид хүрэл медаль хүртсэн ч амжилтыг ахиулах боломж байгааг барилдаан бүр нь харуулж байв.

МЖБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга: “Багийн тэмцээнүүд дээр манай эрэгтэй багийн тамирчид их сайн барилдлаа. Ямартаа бид багаар түүхэндээ анх удаа Японы багийг хожлоо. Мөн Солонгосын багийг алтан медалийн төлөө 5:0 –иор хожлоо гэдэг нь залуу командын хувьд их урам юм.”

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн эрэгтэй алтан медалийг манай улсын баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Японы тамирчид хүртлээ. Харин эмэгтэй багийн алтан медалийг Японы тамирчид, мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг манай улсын баг тамирчид хүртсэн юм.