Х.Тэмүүжин: Тодорхой хугацааны дараа бодит үнэн байдал өөрөө ил болно
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.04.30

Х.Тэмүүжин: Тодорхой хугацааны дараа бодит үнэн байдал өөрөө ил болно

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.  Хуулийн төслөө өргөн барьсаны дараа түнээс цөөн асуултанд хариулт авлаа.

- Сая өргөн барьсан хуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

- Сая Гэмт хэргийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес, улстөрийн ажил гээд нийгмийн бүх харилцааны үйл ажиллагааг зохицуулж байдаг хоёр чухал хуулийн төсөл өргөн барилаа. Өмнө нь Гэмт хэрэг, Зөрчлийн хууль гэж байгаагүй. Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль байсан. Захиргааны хариуцлагын хууль нь өмнөх социализмийн үеийн буюу төрөөс иргэдийг хянахад зориулагдсан үзэл баримтлалтай хууль байсан.

Харин Эрүүгийн хуулийн тухайд ч маш их шүүмжлэл дагуулсаар байгаа.

Бидний өргөн барьсан хуулийн төслөөр энэ шоронжсон нөхцөл байдал шууд 40 хувиар буурах тооцоо гарч байгаа

Дээрх хуулийн төслүүдийг өргөн барьсанаар нэгдүгээрт, Эрүүгийн хууль тогтоомжоор залуучуудаа жижиг алдаан дээр нь шорон руу явуулдаг шоронжсон хууль байсан. Бидний өргөн барьсан хуулийн төслөөр энэ шоронжсон нөхцөл байдал шууд 40 хувиар буурах тооцоо гарч байгаа. Дээр нь одоогийн хууль тогтоомжоор бид баялаг бүтээгчдийг юм л болвол барьж хорьж цагддаг.

Үүнээс үүдэж бизнесийн үйл ажиллагаа нь тасалддаг. Энэ нь үндсэндээ ажлын байруудыг үгүй хийж эдийн засгийг өсөлтийг зогсоодог байсан. Одоо энэ шинэ хуулиар цахим гав, эрх чөлөө хязгаарлах гэх мэт шинэ төрлийн албадлагын арга хэмжээ болон ялын төрөл орж ирж байгаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдийг цагдан хорихоос илүүтэйгээр бизнес эрхлэх боломжийг нь олгох нь энэ улсын хамгийн түрүүний зорилго гэж үзсэн.

Мөн хуучин сэтгүүлчид янз бүрийн хардах эрхээ эдэлсэнтэй холбоотойгоор эрүүдэн шүүгддэг эсвэл гэмт хэрэг гэж үзэгддэг байсан бол Гэмт хэргийн хуулиар гүтгэлэг гэдэг ойлголт алга болж байгаа. Үүнээс гадна Зөрчил, Гэмт хэргийн хуультай холбоотойгоор иргэнээ нийгэмшүүлэх, иргэншүүлэх ялын бодлого маш эерэг болж байгаа.

Өмнө нь ял, албадлагын арга хэмжээ нь иргэнээ илүүтэй цээрлүүлэх талд байсан бол одоо аливаа албадлагын арга хэмжээ, ялын бодлого нь иргэнээ иргэншүүлэх чиглэл рүү явж байгаа. Жишээ нь албадан хөдөлмөр эрхлэх ажлыг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ажил болгож байна. Энэ мэтчилэн олон том шинэтгэлийг дээрх хуулиудаар хийнэ. Цаашдаа энэ хуулиудын хэлэлцүүлэг өрнөөд эхлэхээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж манай амьдралтай хэрхэн зохицож байгаа талаар ярих болно.

- Таныг огцруулах асуудал яригдсаар байгаа. Огцруулах олон үндэслэлийг ч дахин гаргаж ирнэ гэж байна.

- Мэдээж шинэчлэлийн үйл явц гэдэг хялбар хийгдэх ажил биш. Тэр дундаа хууль хүчний байгууллага буюу хаалттай, тусгай хүчтэй арга хэрэгсэлтэй ийм байгууллагууд шинэтгэл хийнэ гэдэг бол том сорилт, том эсэргүүцэлтэй тулдаг. Тийм учраас би үүнд огт санаа зовохгүй байгаа. Байдаг л үзэгдэл. Зүүн Европын улс орнуудад ч ийм үзэгдлүүд олноороо гарч байсан. Тэрний нэг нь Монголд давтагдаж байна. Энэ сорилтыг бид даваад гарах ёстой. Давж гарч байж шинэтгэл маань амжилттай үргэлжилнэ.

- Хууль, хүчний салбар дахь эсэргүүцлээс гадна таны хувийн амьдралтай холбоотой асуудлыг огцруулах үндэслэл болгоод байгаа. Үүнтэй холбоотой тайлбарыг та яагаад хийхгүй байгаа вэ?

- Албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Одоогоор зарим зүйл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Зарим зүйл нь шууд ил болох боломжгүй учраас би дэлгэрэнгүй тайлбар хийхгүй. Гэхдээ би хэлсэн. Энэ нь өөрөө тусгай арга хэрэгслээр ажилладаг, нууц, далд, хаалттай салбарт шинэтгэл хийнэ гэдэг өөрөө тэр арга хэрэгслийнх нь үзүүрт өртөх магадлал маш өндөр байдаг. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байна. Та бүхэн тэвчээртэй хүлээх юм бол тодорхой хугацааны дараа бодит үнэн байдал өөрөө ил болно. Тиймээс би яарах шаардлагагүй гэж үзэж байгаа.

"Одоогоор зарим зүйл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Зарим зүйл нь шууд ил болох боломжгүй учраас би дэлгэрэнгүй тайлбар хийхгүй" Х.ТЭМҮҮЖИН

Мөн иймэрхүү хов живийн таамаг зүйлээр хэн нэгнийг буруутган гүтгэх зүйл Монгол улсад улам бүр багасаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Би хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой зүйл дээр ярьсан. Гүтгэлэг гэмт хэрэг биш боллоо гэж би хэлсэн. Гэхдээ үүний нөгөө талд сэтгүүлчид захиалгат сэтгүүл зүйгээс ангид байх мэргэжлийн ёс зүйд захирагдах өндөр хариуцлага ирж байгааг гэдгийг та бүхэн ойлгоно биз.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд надад маш хүчтэй урам зоригийг өглөө. Юу гэхээр залуус, иргэд өөрсдийн санаачлагаар намайг дэмжсэн. Нөгөөтэйгүүр маш олон сэтгүүлч ямар ч захиалга, үүрэг даалгаваргүйгээр, өөрийн итгэл үнэмшлээр намайг дэмжсэн. Үг хэлэх эрх чөлөө нээлттэй байх нь яагаад ямар нэгэн дарангуйлал хүчирхийллээс илүү үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд харуулсан учраас миний итгэл үнэмшил ч бас хатуу байна. Намайг юу гэж хэлэх, хардах нь энэ нийгмийн л асуудал. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө хатуу зогсоно гэдэг бол Хууль зүйн сайдын хийх ёстой ажил гэж харж байна.

- Таныг огцруулах асуудалтай холбоотойгоор АН-ын дотоод зөрчил ил болж байна. Намын нөхөдтэйгээ ойлголцож чадсан болов уу?

- Дараа энэ талаар ярина.