Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.04.30

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.30/ УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, боловсролд мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлог, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын /Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль гэх мэт/ хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орно гэдгийг төсөл санаачлагч хэллэ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах практик үндэслэл, шаардлага

Улсын Их Хурлаас “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү бодлого нь боловсролын салбарт өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлт шинэчлэлтийн үйл ажиллагааны үзэл баримтлал болж ирсэн бөгөөд түүнд тулгуурлан шинэ нөхцөлд нийцсэн хууль тогтоомж боловсруулж хэрэгжүүлэх, боловсролын үйлчилгээг өмчийн олон хэлбэрт түшиглэсэн, чанарын өрсөлдөөнт тогтолцоогоор хүргэх, албан бус боловсролын дэд салбар хөгжих, боловсролын хэргийг удирдахад сонирхлын бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсролын агуулга, арга зүй, үнэлгээг либералчлах, сурах арга, хэлбэр, агуулгаа сонгох боломжийг нэмэгдүүлж, хүний эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Газар зүйн байршлаас үл хамааран иргэн бүр тодорхой түвшний боловсролын агуулгыг сонгон суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах боломж улам бүр нэмэгдсээр байна. Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардах болсон. Дэлхийн улс, орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах мэдлэг, чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна. 

Иймд өөрийн орны үндэсний онцлог, уламжлалыг шингээсэн боловсролын хөгжлийн олон улсын хандлагад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх менежментийн орчин үеийн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, санхүү хүний нөөцийн чадавхийг сайжруулах шаардлага тулгарч байна. Хөгжлийн шинэ эрэлт хэрэгцээнд суурилан боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол сайжруулах замаар боловсролын чанарыг олон улсын стандартад ойртуулах шинэ зорилт тавигдаж байна.

Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьдралын чанарыг сайжруулахын тулд иргэдийн боловсролын түвшин, хувь хүний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Хүүхэд, залуучуудын авьяас, сонирхол, чадвар, хувь шинжийг нээн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих, бие даан суралцаж амьдрах, мэдлэг чадвартай болж төлөвших таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн нэн чухал үүргийн нэг болж байна.

Боловсрол нь бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай байх, түүнийг эзэмших арга хэлбэр нь олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байхын зэрэгцээ суралцагчийн нас бие, сэтгэцийн онцлог, хэрэгцээ сонирхол, авьяас чадварт нийцсэн байхуйц тогтолцоог бүрдүүлэх  нь Боловсролын талаар баримтлах үндсэн зарчим юм.

Түүнчлэн боловсролын асуудлаар аливаа шийдвэр гаргахад мэргэжлийн институци, холбоо, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, мэргэжлийн байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангах шаардлага зүй ёсоор урган гарч  байна.

1995 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсан бодлого стратеги нь Боловсролын тухай хуульд 4 удаа орсон нэмэлт өөрчлөлтөөр баталгаажсан тул давхардлыг арилгах боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн бодлогыг шинээр тусгах  шаардлагатай болж байна.

Ийнхүү нийгмийн захиалга, хөгжлийн шаардлагаар шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээ нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх практик шаардлагыг бий болгож байна.

Тогтоолын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Бодлогын баримт бичгийн төсөлд бүх шатны боловсролын хөгжлийн чиглэлийг хамрах бөгөөд боловсролын олон улсын болон өөрийн орны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төрийн бодлогын суурь зарчмуудыг тодорхойлсон шинэ зохицуулалтыг тусгах бөгөөд дараах хүрээний асуудлыг хамарна. 

  • боловсролын хөгжлийн талаар баримтлах үндсэн зарчим, харгалзах хүчин зүйлс;
  • боловсролын хөгжлийн стратеги, удирдлага зохион байгуулалт;
  • боловсролын агуулга, стандарт, технологи, чанарын үнэлгээ, сургалтын байгууллагын хөгжил;
  • хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо;
  • боловсролыг тогтвортой хөгжүүлэх эдийн засаг, санхүүжилтийн тогтолцоо;
  • боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, түншлэл ба гадаад харилцаа;
  • бодлогын хэрэгжилт үнэлгээ;

Боловсролын салбарын хууль тогтооомж, холбогдох бусад баримт бичгийг шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгохдоо энэхүү бодлогыг үндэс болгоно.

Бодлогын хэрэгжилтийг Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэснээр боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.        

Боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнг үнэлэх, судалгаа шинжилгээнд суурилсан стратегиуд хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, механизмыг хөгжүүлэх, боловсролын үйл хэргийг чанарын шаардлагын түвшинд хэрэгжүүлэх, зохион байгуулах боломжтой болно.

Бодлого шинэчлэн батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй. Харин бодлогод тусгагдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар боловсролын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт, санхүүжилт шаардлагатай болно.

Дагалдан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

Уг тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон холбогдох олон улсын гэрээ, конвенцид уялдан нийцэж байгаа болно. Бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”,“Бага, дунд боловсролын тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна.