Иргэдийн өргөдөл гомдлыг шийдэх нэгдсэн систем бий болгох шаардлага тавигдаж байгааг онцоллоо
Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн байгууллагуудаас иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах, мэдээллийн нэгдсэн систем, сан бий болгох, техник технологийн нийтлэг шийдэл, стандарт нэвтрүүлэхтэй холбогдсон судалгааг хийж, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Ажлын хэсгийн хурлыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг ахалж, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны шинжээч Д.Бямбадулам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвням, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийг хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил, Өргөдлийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, референт Э.Баярмаа, Б.Төрболд, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” НҮБХХ-ийн төслийн менежер Г.Золжаргал нар оролцлоо.
Хуралд оролцогчид төрийн байгууллагуудаас иргэдийн өргөдөл гомдлыг 10 орчим сувгаар хүлээн авч шийдвэрлэж байгаа боловч, цаашид иргэдэд чирэгдэл, давхардалгүй үйлчлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нэгдсэн систем бий болгох шаардлага тавигдаж байгааг онцоллоо.
Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас энэ талаар 2014 оны 4 сарын 7-ны өдөр холбогдох байгууллагуудыг оролцуулан ажил хэргийн уулзалт зохион байгуулсан, НҮБХХ-ийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран ажиллаж, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаа, түүнд хэрэглэж байгаа программ хангамжийн байдалд үнэлгээ хийлгэхээр сонгон шалгаруулалтыг зарласан, Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг авч хамтран ажиллах болсон тухай мэдээлэв.
Ажлын хэсгээс дараах ажлуудыг зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэж, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Үүнд:
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулах;
- Иргэний өргөдөл шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр 2 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Улсын Их Хурал, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг хангах нь” төслийн хүрээнд энэ талаар судалгаа хийлгэж, үнэлгээний тайлан гаргуулан авч ашиглах;
- Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж, гадаадын улс орнуудын туршлагын талаар зөвлөмж, мэдээлэл, зохих дэмжлэг авч ажиллах;
- Санал дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулан Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.