Нийтийн тээвэрт шинэ чиглэл санал болголоо
Нийтийн тээврийн салбарынхан анх удаа чууллаа. Энэ жил 60 жилийн ой нь тохиож буй “Автобус нэг” ОНӨҮГ санаачлан “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” сэдэвт чуулганыг өчигдөр зохион байгуулсан юм. Хүнээр бодоход амьдрал нь тэгширч, ач зээгээ тойруулан суух насан дээрээ энэ салбарынхан алдаа оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр цугласан нь энэ юм.
Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат болон нийтийн тээврийн үйлчилгээний төр болон хувийн хэвшлийн 25 аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн байв.
1.3 сая хүн амтай их хотын хувьд нийтийн тээврийн асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болж ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын жишигт нийцүүлэхээр хөгжиж ирсэн ч үнэ тарифаасаа эхлээд үйлчилгээний соёл, аюулгүй байдал гээд засах, залруулах зүйл олон байгаа тухай хаана хаанаа ярилцдаг.
Одоогоор нийслэлд үйлчилгээний 1000 гаруй том оврын автобус байгаа бөгөөд 2200 жолооч шаардлагатай ч 1400 жолооч бүртгэлтэй.
Энэ нь хүн амын механик өсөлт, уялдаагүй хот төлөвлөлт, нийтийн тээврийнхний парк шинэчлэл хийгээгүй зэргээс үүдэлтэй болохыг албаныхан хэлэв. Улс орны нийтийн тээврийн салбар нь тухайн хот, улсынхаа өнгийг тодорхойлж байдаг учир төр засаг нь адилхан анхаарч үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь энэ салбартаа нөхөн олговроор бус бодит мөнгөн дэмжлэгээр хамтарч ажиллах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байна.
Мөн тогтвортой ухаалаг тогтолцоотой болгох, хүн бүрт түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн түрүүнд зам маршрутаа зөв зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах гэх мэт олон асуудлыг хөндөн ярилаа. Түүнчлэн боловсон хүчин тэр дундаа жолооч нарын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа нь зам тээврийн осол зөрчил, соёл харилцааны дутагдал гарах үндэс болж буй аж. Одоогоор нийслэлд үйлчилгээний 1000 гаруй том оврын автобус байгаа бөгөөд 2200 жолооч шаардлагатай ч 1400 жолооч бүртгэлтэй.
Иймээс залуу, туршлагагүй жолооч нийтийн тээвэрт ажиллуулахаас аргагүйд хүрч байгаа гэнэ. Энэ салбарт хамгийн чухал нь эрхзүйн орчин байдаг ч манай улсад одоогоор тогтсон хууль тогтоомж байдаггүй аж. Нийтийн тээврийг иргэдэд үйлчилдэг бус харин улстөр, бизнесийн эрх ашиг, нэр төр олохын төлөө ашиглаж байгаа нь хөгжлийг чөдөрлөх хамгийн том шалтгаан гэдгийг автобус компаниудын удирдлагууд хэлсэн. Тиймээс энэ салбарыг төр анхаарч, нөхөн олговроор бус зардлынх нь тодорхой хэсгийг үүрэлцдэг байх нь алдагдал, парк шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх гарц гэцгээв.
НИТХ-ын дарга Д.Баттулга: Хамгийн их зовоосон, хамгийн том асуудал үнийн асуудал байдаг. Аль улсад нийтийн тээврийн үнийг чөлөөлдөггүй. Гэхдээ нийтийн тээврийн үнийг өнөөгийн нөхцөлд тухайн тээрийн компани юм уу, тээвэрлэгч байгууллага нийтэд стандартын шаардлагыг хангасан тээврийг хангахуйц зардлыг хаахуйц, мөн тээврээ шинэчлэх тэр л түвшинд үнийг тавих ёстой. Тэр нь 400-1000 хүртэл байна уу үнэлгээ тооцоо гарах байх.