М.Сономпил: Нийслэлчүүд ойрын жилд дулаан, цахилгааны гачигдалд орохгүй
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.04.24

М.Сономпил: Нийслэлчүүд ойрын жилд дулаан, цахилгааны гачигдалд орохгүй

Энэ оны эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор хийж байгаа ажлуудтай Эрчим хүчний сайд М.Сономпил өчигдөр танилцлаа. Түүний маршрут нь Амгалан дулааны цахилгаан станц, ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл байв. Эдгээр бүтээн байгуулалтын нэг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр, хоёр нь концессын гэрээгээр баригдаж байгаа юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛЭЭС зарим  зүйлийг тодрууллаа.  

 -Дээрх төслүүд хэрэгжсэнээр манай дулаан, цахилгаан хэр хэмжээгээр нэмэгдэж байна вэ?

-Гурван том бүтээн байгуулалт ашиглалтад орвол нийтдээ 170 мегаваттын хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр арваас арваннэгдүгээр сард орох нь. Дулааны хувьд 588 гкал-аар нэмэгдэнэ. Нийслэлд хэрэглэж байгаа нийт дулааны ачаалал 1500 гкал байдаг Тэгэхээр 588 гкал гэдэг бол 30 хувь нь гэсэн үг. Тиймээс нийслэлчүүд таван жилдээ дулаан, цахилгааны гачигдалд орохгүй. Өндөр ачааллын үед л ОХУ-аас цахилгаанаа авч магадгүй.

-Тавдугаар цахилгаан станц юу болсон бэ?

-Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард явагдсан., Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас гарсан ажлын хэсгийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Хэлэлцүүлэгт цахилгаан станцыг зөвхөн барих барихгүй тухай асуудал биш хөрөнгө оруулалт, нэг киловатт цахилгааны өртөг, байгаль орчны үнэлгээ, ус гэх мэт асуудал ярина. Тиймээс хэлэлцүүлэг амаргүй учраас жаахан сунжирч байгаа. Газрын асуудал маргаантай байсан ч гэсэн ойрын хугацаанд шийдэгдэнэ.

-Байршил нь хаана болсон бэ?

- Ургах наран" хорооллын урд 43 га газарт баригдахаар шийдэгдсэн. Тэндэх судалгаа хийгдэж байгаа.

-Орон нутагт дахь эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт юу байна вэ?
2015 он гэхэд дээрх найман аймгийн дулааны станциуд баригдана.

-Шинэчлэлийн Засгийн газар аймгуудыг дулаан, цахилгаанаар хангах томоохон төсөл боловсруулсан. Энэ жил найман аймагт дулааны цахилгаан станц барих шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар явна. Барих найман аймгаар би явж, орон нутгийн удирдлагуудтай ярилцсан. Энэ сард компаниудтай гэрээ хэлцэл хийгээд, тавдугаар сараас эхнээсээ ажил нь эхэлнэ. 2015 он гэхэд дээрх найман аймгийн дулааны станциуд баригдана.

-Ямар аймгууд вэ?

-Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Завхан, Говь-Алтай.

-Бүтээн байгуулалтууд бий боллоо ч  гэсэн өмнөх шигээ алдагдалтай ажилласаар байвал яах вэ?

-Эрчим хүчний алдагдлыг төр олон жил нуруун дээрээ үүрсэн. УИХ-ын 72 тоот тогтоол гэж гаргасан. Үүнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны үнийг зах зээлийн горимд нь шилжүүлж ажилла гэсэн тогтоол байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийж байна.